Өнөөдөр /2017.10.27/ УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуулаа. Ё.БААТАРБИЛЭГ: ОРОН НУТГИЙН ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТАЛААР ЗАСГИЙН ГАЗАР ЦААШИД ЯМАР БОДЛОГО БАРИХ ВЭ? Ирэх жил төсөв дээр Засгийн газраас яг ямар бодлого барьж ажиллахаа маш товч, тодорхой тайлбарлана уу. Халамжийн бодлого явах гэж байна гэсэн шүүмжлэл их дагуулж байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт 2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг нээлттэй ил тод болгоно, ажлын байр нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ гэдэг чиглэлийн заалтууд орсон байна. Энэ заалтыг биелүүлэх чиглэлээр 2018 онд ямар шинэ өөрчлөлт бодлогын түвшинд орж ирэхээр төсөөлөгдөж байгаа вэ? Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгийг Сангийн сайд Төсвийн байнгын хорооны хурлаар буруу ойлголт төрүүлж тайлбарласан. Үүн дээр залруулга хийх хэрэгтэй. Өглөө таны ярьснаар бол ЖДҮ-ийг дэмжих сан дээр 263 тэрбум төгрөг байна гэж байсан. 263 тэрбум төгрөг жил, жилээрээ хэдэн тэрбум төгрөгийг ямар хөрөнгө оруулалтанд хийсэн, эргэн төлөлт нь ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? Орон нутгийн хөгжүүлэх санг Засгийн газар цаашид яана гэж бодож байгаа вэ? Энэ сангийн зарцуулалт, эргэн төлөлт маш их шүүмжлэл дагуулсан. Энэ салбарыг ил тод байлгах хэрэгтэй. Ч.ХҮРЭЛБААТАР: ЖДҮ-ИЙН САНГИЙН МӨНГӨ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛАГДДАГ БОЛОХООР НЭМЖ МӨНГӨ ОРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗСЭН Хувийн хэвшлийг дэмжих бодлогоо бид зөв тодорхойлж орж ирэх ёстой гэж бид үзэж байгаа. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх чадвартай хүнийн тоо 1 сая 400. Үүнээс 192,000 хүн төрд ажиллаж байгаа. Үлдсэн бүх хүмүүс ТББ, хувийн хэвшилд ажиллаж байгаа. Хувийн хэвшлийг дэмжих хамгийн зөв бодлогыг төр авч хэрэгжүүлэх ёстой. Бүгдийг төр хийх гэж оролдсон гашуун туршлага бий. 2018 онд жижиг дунд бизнесийг дэмжих хамгийн зөв аргыг Засгийн газар өндөр хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаас мөнгө зээлэхгүй байж банкуудад эх үүсвэрээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд чөлөөтэй зээл олгох боломжийг нээж өгөх ёстой гэж хардаг. Монгол Улсын ЖДҮ-ийн сангийн дүнг харахад 263,3 тэрбум төгрөг байна. Өгсөн мөнгө тэнд алдагддаг. Үр дүн байхгүй. Цөөн тооны аж ахуйн нэгжид очоод, тэр нь эргээд төлөгддөггүй. Тиймээс би дахиж мөнгө байршуулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Аль болохоор төсвийн алдагдлаа бууруулчихаад, арилжааны банкуудаас зээл авахгүйгээр цаашаа явах нь хамгийн зөв арга. Манай нам өөрөө зүүний үзэл баримтлалтай. Хуулинд заагдсан, хуулиараа тусгагдсан зардлуудыг бид оруулж ирж байгаа. 2018 онд хэрэгжих “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ё.БААТАРБИЛЭГ: ӨМНӨ НЬ БУРУУ БОДЛОГО БАРЬЖ АЖИЛЛАСАНААС БОЛООД ОДОО ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХОХИРООЖ БОЛОХГҮЙ ЖДҮ-ийн санд үнэхээр 263,3 тэрбум төгрөг байгаа юм бол ярих юм алга. Харамсалтай нь тэр мөнгө нь өнгөрсөн жилүүдэд зүй бусаар зарцуулсан. Түүний үр дагавар нь одоо ид хийж бүтээж байгаа, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бизнес эрхлэгчид золиос болж байна. Тодорхой хэмжээнд уян хатан хандахгүй бол тэд хохирч үлдэж байна. Ч.ХҮРЭЛБААТАР: ӨГСӨН МӨНГИЙН БУЦААН АВАХ ТАЛ ДЭЭР САНААЧИЛГАТАЙ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ 263,3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй энэ сан сайн ажиллахгүй байна. Энэ сангаас мөнгө авсан хүмүүсийн бүх мэдээлэл байгаа. Тиймээс өгсөн мөнгийг буцаан авах тал дээр санаачилгатай ажиллах шаардлагатай.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг гаргахдаа маш нухацтай бөгөөд өөдрөг хандах гэлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: "Уг хуулийн төсөлд 9 үзүүлэлт бий. Эдийн засгийн өсөлт хэд байна гэж Засгийн газар таамаглаж байна, төсвийн алдагдал хэдэд хүрэх вэ гэх зэргээр есөн тоог л тойрч ярих ёстой. Гэтэл бид хэлэлцэх ёстой асуудлаар халиад байна. Засгийн газрын тэргүүн өмнөх Засгийн газарт Сангийн сайд байхдаа Монгол Улсыг нэгдсэн нэг төсөвтэй болгоё, ОУВС-гийн хөтөлбөрт цаг алдалгүй хамрагдъя гэж шахаж шавдуулж байсан учраас л Засгийн газраас “хөөгдсөн” гэж ойлгож байна. 2017, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл гутранги байгаа юм биш үү? Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн төсөлд тавих тоондоо нилээд нухацтай хандах хэрэгтэй. 2017 оны төсвийг батлагдах үеэр төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын мөрөөр 2012 онд 1,1 их наяд төгрөгийн ашигтай ажилладаг байсан бол өнөөдөр 90 тэрбум төгрөгийн алдагдалд орсон байна. Төрийн өмчит компаниудын тавьсан өр 10,8 их наядад хүрчээ. 45 мянган хүн төрийн өмчит компаниудад ажиллаж байна. Тиймээс төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэхийн тулд менежментийн шинэчлэл хийх ёстой. Бидэнд төсвийн орлогыг нэмэгдүүлэх олон боломж байна."
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал төсвийн норм нормативыг хуульчлах ёстой гэсэн юм. УИХ-ын гишүүн Н.Учрал Уг хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байна. Миний бие хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Төсвийн норм нормативыг хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзээд хуулийн төсөл санаачилсан. Уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гээд Засгийн газар буцаасан. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын дээд хязгаарыг хуульчилж өгснөөр дур зоргоороо авирладаг, төсөвтөө тааруулж бүтцээ данхайлдаг байдал үгүй болно. Тиймээс миний санаачилсан хуулийн төслийг улам боловсронгуй болгож, төсвийн норм нормативыг хуульчлах нь зүйтэй гэсэн саналтай байна. Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг ашигтай ажиллуулах эсвэл хувьчлах хэрэгтэй байх. Төсвийн зарцуулалтад хязгаарлалт тогтоож, хяналт тавьж болох уу? Үндэсний хөгжлийн газар, Оюуны өмчийн газар зэрэг стратегийн шинж чанартай газрууд ажиллаж, эдийн засгаа солонгоруулахад хувь нэмрээ оруулах гэхээр ажиллах нөхцөл байдал, боломж бүрдэхгүй байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон нь олон улсад манай улсын талаар эерэг дохио өгч, цаашид франчайнг эсвэл лицензийн гэрээ хийх гэхээр оюуны өмчийн асуудал сөхөгддөг. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрууд нэгдсэнээр ямар хэмнэлт хийсэн бэ гээд судлаад үзэхээр 1 сая төгрөгийн цалингийн хэмнэлт хийснээс бусдаар өмнөхтэй яг адилхан байсан. Энэ мэт хэмнэсэн нэр зүүсэн хэмнэлт хийж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх гол байгууллагаа хөгжүүлэхийн оронд өнөө, маргаашаа аргацаан амьдарч байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд ажлын хэсэг гарч, Боловсролын магадлан итгэмжлэх зөвлөл, Сургалтын зээлийн сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан. Нийт оюутны 23 нь сургалтын төлбөрийн зээлд хамрагдсан байна. Банкууд маш өндөр босго тавьснаас болж, манай намын мөрийн хөтөлбөрт багтсан сургалтын зээлийн сан ажиллахаа болилоо. Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Төсвийг норм нормативтай болгоё гэсэн таны саналыг бид анхааралдаа авсан. Гэхдээ норм нормативтай болгож мөрдүүлэх гэхээр цаг хугацаа, нөхцөл байдал, зардлын хувьд ондоо, ялгаатай байна. Тиймээс улсын хэмжээнд нэг норм нормативтай байна гэвэл нилээд бэрхшээл тулгарна. Сургалтын төлбөрийн зээлийн босго, шаардлага өндөр байгаа нь эргэн төлөгдөх асуудлыг банкууд үүрүүлснээс болж байгаа юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэмнэж болох бүх зардлаа хэмнэхийг шаардсан юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсанаар бол, хуулийн төсөл батлагдсанаар ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, төсвийн нэгдмэл байдлыг бодитоор хангах, сахилга батыг чангатгах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, төсвийн зарлагын үр ашгийг сайжруулах замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах боломжтой гэжээ. 203 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн төсвийн төсөөллөө 50 хувиар бууруулсан байна, үүнийг багасгаач гэж хэлээд байхад урдаас тайлбар тавиад байх юм. Багасгах арга байна. Тухайлбал, Алтны татварыг хөдөлгөх үү? Хариуцлага ярьж байгаа энэ үед алтны татвараа бүрэн авч чадах юм уу? 20 тн ба түүнээс дээш алтнаас татвар ав, татвараа 2, 3 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр татварын орлого нэмэгдэнэ. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг төслийг хэлэлцэх үеэрээ алтны татварыг нэмэх тухай оруулж ирсэн ч бас л буцсан. Яагаад Засгийн газар шийдвэрээсээ буцаад байгаа юм бэ? Төсвийн сахилга батын тухай л яриад байна л даа. Хөгжлийн бодлогыг ярих ёстой. Үндэсний хөгжлийн газрыг Үндэсний хөгжлийн яам болоосой. Асуудлыг бүхлээр нь харж байж хөгжлийн бодлогоо тодорхойлохгүй юм бол ОУВС-гийн одоогийн санхүүжилтийг юунд зарцуулах эсэх нь тодорхой бус, өмнөх түүхээ давтах гээд байна. - Санхүүжүүлэх боломжтой хэдэн төсөл байна? Эхний ээлжинд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалт гарсан уу? - Концессийн гэрээнүүдийг буцаж татаад хөгжлийн бодлогын чиглэлийн хөтөлбөрийг санхүүжүүлж болохгүй гэж үү? - Төрийн ордны эргэн тойронд том том жийпүүд л байна. Ер нь Засгийн газрын харьяа агентлагуудын дарга нар ямар моторын багтаамжтай машин унаж байгааг мэдэх үү? Хэдэн сайд, хэдэн агентлагийн дарга нар том машин унаж байна гэдгийг тооцоолж, судалсны үндсэн дээр төсвийн тодотголын төслийг чамбайруулах боломж байна. Хямрал бол боломж. Тиймээс энэ боломжийг ашиглаж яаж хэмнэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт 975 тэрбум төгрөг болчихоод байхад төсвийн алдагдлаа багасгах боломж бий шүү дээ. ОУВС, ОУВС гэхээ боль. Засгийн газар ямар бодлого барих, цаашид ямар төлөвлөгөөтэй байгаагаа л ярь. Хэмнэж болох бүх зардлаа хэмнэ. Тухайлбал, төрийн албан хаагчид олон байх тусмаа давхардал үүсч, хүнд суртал нэмэгддэг."
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг Сангийн сайдаас хоёр зүйл тодруулсан юм. УИХ-ын гишүүн О.Содбилэг: Өнгөрсөн хоёр Засгийн газрын үед Монгол Улс таван төсөвтэй байсан. Энэ бүх төсвийг нэгтгэж нэгдсэн нэг төсөвтэй болж байна. Төсвийн орлого, зарлага олон улсын зарчимд нийцсэнээр Монгол Улсын зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлнө гэж бодож байна. - Цаашид Монгол Улсын төсөв, Засгийн газрын зарцуулалтыг зохистой түвшинд хадгалахын тулд ямар бодлого баримталж байна? - Энэ оны жилийн эцсийн байдлаар эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байх тал дээр юу гэж таамаглаж байна? Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Засгийн газар байгуулагдаад 8 сар 10 хонож байна. Энэ хугацаанд эдийн засгийн уналтыг зогсооход төвлөрч ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-аас Засгийн газар Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт эхний 18 сард эдийн засгийн уналтыг зогсоож, тогтворжуулах, өсөлтийн суурийг тавина гэсэн зорилт тавьсан учраас 2017 оны эхний улирлын байдлаар эдийн засгийн уналтыг зогсоож байна. 2017 оны хоёр, гуравдугаар улирал бол тогтворжуулах, дөрөвдүгээр улирлаас эдийн засаг өсөж, тэр нь иргэд, бизнес эрхлэгчдэд бодитоор мэдрэгдэх болов уу гэж тооцоолсон. Төсвийн зарлагын бүтцэд реформ хийх ёстой гэж үзэж байна. Энэ хүрээнд олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар улсын төсөвт аудит хийлгэхээр төлөвлөсөн. Аудит хийлгэсэн компаниараа бодлогын зөвлөмж гаргуулах бодолтой байна.