УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийг дэмжихгүй байр сууринаас үг хэллээ. Хуулийн үйлчлэх хүрээнд хүүхдүүдийг түлхүү оруулах хэрэгтэй байна. Эцэг, эхийн хэн нэг нь зуурдаар өөд болж, өрх толгойлж байгаа хүмүүст тэтгэмж олгох нь зөв. Харин салалтаас болж, өрх толгойлж байгаа эцэг/эхэд тэтгэмж олгоно гэхээр хавтгайрсан халамж мэтээр ойлгогдож байна. Учир нь шинэ гэр бүлд 500 000 төгрөг олгоно гэсэн бодлого гаргахад хуурамч гэрлэлт ихэссэн. Энэ удаад ямар шалтгаанаар өрх толгойлсон эсэхийг нь харгалзахгүйгээр тэтгэмж олгох юм бол хуурамч салалт үүсэх вий гэж болгоомжилж байна. Энэ бол бодох л асуудал. Нөгөө талаас мөнгө байгаа бол эхний ээлжинд хүүхэд бүрт 20 000 төгрөг өгч болдоггүй юм уу? Зурагттай, зурагтгүйгээр нь ялгахын оронд хүүхдээ дэмжсэн гол бодлогодоо анхаармаар байх юм. Хүүхдийн 20 000 төгрөгийг хүүхэд бүрт олгох юм бол заавал ийм хууль гаргах шаардлагагүй. 20 000 байсныг 40 000 төгрөг болж нэмэгдүүлж болох байсан шүү дээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хоёр санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг Хуулийн төслийн нэрийг өөрчлөх болох уу? Одоогийнхоор бол өрх толгойлсон эцэг, эхэд гэж байгаа юм л даа. Гэтэл бид нийгмийн халамжийн бодлогын хүрээнд өрх толгойлсон эхчүүдэд чиглүүлсэн хууль тогтоомж гаргах гээд байгаа. Хуулийн үйлчлэлд өрх толгойлсон эх хамрагдахаас гадна эцэг ч бас хамрагдана гэсэн санаа шүү дээ. - Хуулийн төслийн нэрийг Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг гэж өөрчлөх саналтай байна. - Хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тэтгэмж болох асуудал яригдаж байна л даа. Тэгвэл хуулийн үйлчлэлд хүүхэд үрчлэн авсан эх хамрагдах уу? УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан: Хэлэлцүүлгийн явцад найруулгын шинжтэй засвар хийж, хуулийн төслийг нэрийг Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай гэж өөрчилж болно гэж бодож байна. Гэхдээ уг хуулийн төслийн үйлчлэх хүрээ нь зөвхөн өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай асуудал бус 0-3 насны хүүхэд төрүүлсэн эхчүүд хүүхдээ асрах хугацаанд нь тэтгэмж олгох юм. Одоогийн байдлаар нийт 135 мянган эхчүүдэд сар бүр 50 000 төгрөг олгохоор байгаа. Хамрах хүрээ өргөн гэж ойлгож байна. Таны хэлснээр 0-3 насны хүүхэд үрчлэн авч асарч байгаа эхчүүдийг хамруулах шаардлагатай гэж үзвэл улсын хэмжээнд нийт хичнээн тийм эх байна гэдгийг тооцоолох хэрэгтэй болно.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа асуулт асуулаа. Уг хуулийн төсөл бол нийгэмд эрэлт хэрэгцээтэй, нийгмийн захиалгын үндсэн дээр батлагдах гэж байна. Улсын хэмжээнд 860 гаруй мянган өрх байгаагаас 156 мянган өрхийг эхчүүд толгойлж байна. Ялангуяа сүүлийн найман жилийн дотор нийгмийн өөрчлөлт нь гэр бүлийн харилцаанд сөрөг үр дагавар авчирч, өдөрт 40 гэр бүл шинээр бүртгүүлж байхад 10-15 гэр бүл цуцлуулж байна гэсэн харамсмаар статистик бий. Тиймээс өрх толгойлсон эцэг/эхийн амьжиргааны баталгааг яаж хангах вэ гэдэгт МАН зүүний чиглэлийн нам болохын хувьд мөрийн хөтөлбөртөө “Цалинтай ээж” хөтөлбөр санаачлахаас эхлээд тэдний нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг байх, орлогын эх үүсвэрийг бий болгох, амьжиргааны баталгаажих доод түвшинг нэмэгдүүлэх гээд шат дараалсан арга хэмжээ авч байна. Өнөөдөр хэлэлцэж буй хуулийн төсөлд жирэмсэн эхэд тэтгэмж олгох, ихэр хүүхэдтэй, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй, ихэр хүүхэд дотроо гурваас дээш ихэр хүүхэдтэй гээд олон нөхцөлөөр амьдралын хүндийг нуруундаа үүрч буй эхчүүдэд маш том дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Тэтгэмжийн хэмжээг Засгийн газар тооцоо, судалгаанд үндэслэн оруулж ирсэн гэж найдаж байна. Тиймээс жил бүрийн улсын төсөвт шаардлагатай хөрөнгө мөнгө нь суух болно. Тэгвэл хуулийн төсөл хэзээнээс хүчин төгөлдөр мөрдөгдөх вэ? Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Уг хөтөлбөрийн гол зорилго нь хүн амын цонх үеийг хадгалах, төрөлтийг дэмжих юм. Учир ирэх жилүүдэд хүн амын 15-20 хувийг ахмад настан эзлэхээр байна. Тиймээс хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тодорхой хэмжээнд мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг оруулж ирсэн. Энэ нь олон улсын практиктай нийцэж байгаа. Энэ бол эхний үе шат. Цаашид эхчүүд, эмэгтэйчүүдийг эдийн засгийн чадамжтай болгох үүднээс хөдөлмөр эрхлэлт, татварын бодлогоор дэмжих юм.