УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ нэгдсэн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Уг хууль Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хууль юм. Хариултааас үзвэл ганцхан эхийн тухай асуудлыг яриад байна. Үүнд ард тал дээр байгааг зааглаад тоог нь оруулж өгөхийг хүсч байна. Өрх толгойлсон эцэг, эх ямар хэмжээнд байна вэ? Хуульд өөрчлөлт оруулж болно. Гэхдээ цар тахлын хүнд нөхцөлд хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг хойшлуулж болохгүй нэмж шийдэж өгмөөр байна. Нийгмийн зорилтот бүлэг уруу чиглэсэн арга хэмжээ учир цогцоор нь шийдэж өгөх ёстой. Түүний асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хуриуллаа.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан тус хуулийн төслийг боловсруулжээ. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргасан. Тодруулбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм. Иймээс тус хуулийн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр тэтгэмж олгоно гэсэн заалтад эцэг гэсэн үг нэмэхээр тусгажээ. Хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ээж нь ажилдаа орвол хүүхдээ харж буй аавд нь тэтгэмж олгох тухай хуулийн зохицуулалт аж. Тус хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө. Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: "Эцэг, эхэд хоёуланд нь зэрэг олгохгүй. Хүүхдээ 3 нас хүртэл харж байгаа эцэг эхийн аль нэг нь 3 нас хүрэхээс өмнө ажилдаа орвол эцэг юм уу эхэд нь 3 нас хүртэл тэтгэмж олгох юм. Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд 2022 оны 01 сарын 01-ээс гэж байна лээ. Үүнийг ҮХЦ түдгэлзүүлсэн тул төсөл дүгнэлт зөрчилдөх үү?"