УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хууль сахиулах байгууллага уу, цэргийн байгууллага уу гэж асуув. Нэрийг харахад хууль сахиулах байгууллага гэж ойлгохоор, лавшруулаад үзэхэд цэргийн эрх зүйгээр зохицуулагдаж байна. Тэгсэн атлаа тусдаа бие даасан хуультай, цол тэмдэг байгууллага байгаад байдаг. Цэргийн байгууллага юм уу гэхээр цэргийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа тал дээр зөрчилдөж байна. Хэрэв хууль сахиулах байгууллага мөн бол хуулиа сахиулж, хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлох ёстой. Өнөөдрийн нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль сахиулах ч биш, цэргийн байгууллага ч биш болчихоод байна. Уг хуулийн төслөөр эрх зүйн шинэчлэл хийж чадсангүй. Монгол төрийн бодлого гарч, төрийн цэргийн байгуулалт гэдгийг тодорхой болгож, чиг үүргийг нарийвчлан энэ салбарын эрх зүйн шинэчлэлт бүрэн хийгдэж дууссан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ямар бодлогоор явахыг Хууль зүй, дотоод хэргийн яам яаж тодорхойлсныг сайн ойлгохгүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын статус ойлгомжгүй үлдлээ. Энэ салбарын ажилтан, албан хаагчид цэргийн дүрэмт хувцас өмсч, тэрүүгээр нь нийгмийн олон асуудал нь шийдэгддэг. Үүнийг баталгаажуулахын тулд дайн бүхий байдалд дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд орж ажиллана гэж Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, Батлан хамгаалахын багц хуульд зааж өгсөн. Гэтэл энэ агуулгыг уг хуулийн төслөөс хассан байна. Өөрөр хэлбэл, цэргийн эрх зүйгээр зохицуулах суурь нөхцөлийг үгүй хийлээ шүү дээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Яг одоо уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэж байх үеэр хөндөж тавих бололцоо байсан.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асуув. Я. Содбаатар асуулт асуув Тусгай чиг үүрэг гүйцэтгэж, төрд тангараг өргөсөн энэ хүмүүсийн нийгмийн баталгааг анхаарч үзэх хэрэгтэй. Сая би тойрогтоо ажиллах үеэрээ энэ байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзсан. Энэ хуулиар нийгмийн баталгааны асуудал өмнөх хүрсэн төвшнөөсөө суларчихлаа гэж ярьж байх юм. Тухайлбал хөдөө орон нутагт 5 жил ажиллавал дэмжлэг урамшуулал олгодог байсан. Үүнийг хассан гэж үнэн үү? Ер нь ШШГүйцэтгэх албан бол амаргүй алба шүү дээ. Хоригдож буй хоригдлуудтайгаа хамт л амьдардаг. Ар гэр нь үүрэг гүйцэтгээд хамт явдаг. Сураг сонсох нээ Сангийн яам ОУВС гээд хассан юм шиг байгаа юм. Нэмэхгүй гэхэд өмнөх төвшнөөсөө ухрахгүй байх хэрэгтэй. Энэ талаар энэ хуульд хэрхэн орсон вэ? Одоо өөрчлөлт оруулах боломжтой юу? ШШГГазрын дарга ЦАмгаланбаяр хариулав Нийгмийн баталгааг бол өмнөх хуульд байсан хэмжээнд аль болох барьж оруулахын хичээсэн. Яах аргагүй манай албаны хүнд хэцүү байдлыг Я.Содбаатар гишүүн хэллээ. Хоригдлуудтайгаа хамт хоригдож л байдаг хүмүүс. Шоронд хоригдож байгаа хүн ялынхаа хугацааг дуусгаад гараад явдаг бол манай албан хаагчид үлддэг. Сэтгэл зүй, бие бялдрын хүнд дарамтад ажилладаг учраас энэ тал дээр анхаарах ёстой. Тиймээс ч амралт, нэмэгдэл дээр нь тодорхой тодорхой зүйлс нэмж өгсөнийг ажлын хэсэг оруулж өгсөн. Харин Я.Содбаатар гишүүний хэлж байгаа нэмэгдлийг Сангийн яам дээр хассан байгаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хариуцлагын зэрэгцээ, эдгээр хүмүүсийг шагнал урамшуулал, цол тэмдгийг нь олгодог байх хэрэгтэй. Хуулийн байгууллагуудад удирдлагынхаа чансаагаар генерал цол авдаг. Харин энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд генерал цол олгох асуудал хязгаарлагдмал болчхов уу гэсэн ойлголт төрөөд байна. Зарим хүнээс тордуулж үзэхээр ШШГГазар орлогч олонтой учраас генерал цолтон олон төрөх гээд байна гэсэн зүйл ярьж байна. Үүнийг зөв эсэхэд би эргэлзэж л байна. Байлдагчийн халаасанд генералын тэмдэг байдаг гэдэг. ШШГГ-ын дарга болтол нэлээд олон жилийн хүч, хөдөлмөрөө зарцуулж байгаа. Энэ тал дээр хариулт өгөөч?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуув. Прокурорын тухай хуулийн төсөл батлагдлаа. Хууль хүчний байгууллагын суурь хуулиудыг өөрчилж, шинэчиллээ л дээ. Эдгээр хуулийг хэрэгжүүлж эхлээд алдаа дутагдал гарвал нэн яаралтай засч сайжруулахгүй бол хүний эрх зөрчиж, хүн хохирох болно шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Хуулийн төслүүдийг харж байхад шүүх, прокурор зэрэг байгууллагын эрх мэдлийг нилээд нэмсэн. Эдгээр байгууллагын боловсруулсан, санал гаргасан тэр чинээгээрээ батлагдсан гэж хэлж болно. Үүнтэй холбогдуулан хуулийн хэрэгжүүлэх явцдаа тухайн хуулийг зөрчиж байна уу, үгүй юу гэдгийг хянах хэрэгтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ерөнхий шүүгч нь УИХ-ын чуулганы хуралдаанд ирэхгүй байна. Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгийн гишүүдтэй харьцаж буй байдлыг харахад хайнга шинжтэй байна. Энэ бол байж болохгүй зүйл. Хэн нэг улстөрчдийн халаасны хүүхэлдэй болчихоод Монголын төрд хайнга хандаж болохгүй. Тиймээс төрийн байгууллагуудад эрх мэдэл олгохын хэрээр УИХ дээр хяналтын бүтцээ нэн яаралтай бий болгох хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдал цааш даамжирвал мафийн бүлэглэл болно. Эрдэнэтийн асуудлаар УИХ дээр гаргасан шийдвэрийг жирийн хэсгийн шүүгч өөрчилж байна шүү дээ. Энд сууж байгаа 76 хүн ямар зорилго, үүрэгтэй вэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Тиймээс хүний эрх хөндөгддөг томоохон хуульд хариуцлагатай хандах хэрэгтэй. Хуулийн цаана хүний хувь заяа яригддаг. Оюу толгойн гэрээг баталсан. Нийт гарах зардал нь 20,3 тэрбум төгрөг байсан. 2015 оны ТЭЗҮ-ээр 72 тэрбум төгрөг болгосон буюу 3 дахин зардлаа өсгөсөн. Энэ мэт гэмт хэрэгт манай хууль хүчний байгууллагууд таг дуугүй байгаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуусан юм. Иргэний хэрэг маргааны улмаас хариуцагч талд хилийн хориг тавьдаг. Гэтэл тухайн хүн болон түүний ар гэрийнхэн гадаадад эмчлүүлье гэхээр гаргадаггүй. Гарцаагүй буюу аргагүй байдалд орсон тохиолдлыг уг хуулийн төслөөр зохицуулсан уу? Приус машины татварыг эсэргүүцэж, улмаар өөрийн машинаа шатаасныхаа төлөө Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйл буюу зандалчлах болчихоод байна. Гэтэл энэ хүнд эсрэгээр нь “Ард түмний баатар” цол өгмөөр байна. Бид өчигдөр тэр хүний тэмцэл зөв байсныг нотолж приус машины татварыг хойшлуулсан. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллага яаралтай шийдвэрлэх байх гэж найдаж байна. Иргэний үүргээ биелүүлснийхээ төлөө, эх оронч зан гаргасныхаа төлөө, өөрийн эд хөрөнгөө шатаасныхаа төлөө цаазаар авахуулах гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл батлагдсанаар байгууллагын бүтэц хэр томрох вэ? Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн генерал гэдэг цолтой болж байгаа гэсэн. Үнэн үү? Салбар болгон генералтай болох юм биш биз дээ? Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Ц.Амгаланбаяр Хэрэг ямар шатандаа явж байгааг сайн мэдэхгүй байна. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Хуулиар хилийн хоригийг байхгүй болгосон. Хуулийн төсөл батлагдсанаар бүтэц томрохгүй, одоогийн байгаа бүтэц, зохион байгуулалтаар шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал гэдэг цол байхгүй.