Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн М.Билэгт: “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дэмжиж байгаа хэдий ч цэргийн бус энгийн иргэд тэтгэвэрээ тооцуулах хугацааны хувьд хохирч байна. Нийгмийн шилжилтийн үед 80, 90, 2000-аад онд ажиллаж байсан иргэд одоо тэтгэвэр тогтоолгох үедээ ирсэн. Тэд хохирох нөхцөл үүссэн. 2019 онд ОУВС-ийн хөтөлбөрөөс гарсан даруйдаа тэтгэвэр тооцох жилийн 7 биш 5 жил болгож болох уу? Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бага л гэж байна. Сангийн яам, Засгийн газар орлогоо нэмэх аргаа бодож олох хэрэгтэй байна. Үүний оронд иргэдийнхээ халааснаас л мөнгөө авах аргаа хууль богож орж ирээд байна шүү.” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сайжруулах ажил эхэлсэн явж байна. Алдагдал бууруулах, хамралтыг багасгах гэх мэт асуудал их байгаа. Гол нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгө багадаа бус алдагдал их байгаа гэдгийг хэлээд байгаа юм. Өнөөдөр 1 ажил хийж нийгмийн даатгал төлж байгаа иргэний ард 4 хүн тэтгэвэр авч байна. Энэ тоо 5, 7 болж нэмэгдэх төлөвлтэй байна. Тиймээс алсдаа энэ тоог бууруулах, сангийн хөрөнгийг нэмэх арга, гарц хайж хуулиудаа оруулж ирж байгаа юм.”
Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “1990-ээд онд 40-өөд насны эмэгтэйчүүдийг 4 хүүхэд төрүүлсэн гээд эрт тэтгэвэрт гаргасан. Тэдний тэтгэвэр өнөөдөр эдийн засгийн нөхцөлтэй харьцуулахад туйлын бага байна. Энэ тал дээр Засгийн газа, ХНХ-ийн яамнаас ямар бодплого барих вэ? Тэтгэвэр авч чадахгүй олон хүмүүс байна. 1990-ээд оноос бүх зүйл замбараагүй байсан тэр үед архиваас материал нь олдохгүй хүнд байна. цөөхөн хүний асуудал биш маш олон хүнийг хамраад байна. Энэ ялгаа, зөрүүтэй тэтгэвэр, огт тэтгэвэр авдаггүй хүмүүсийнхээ нийгмийн хамгаалал, баталгааг хэрхэн шийдэх гэж байна вэ?” зэрэг асуулта асуула. Түүний асуултанд ХНХ-ийн сайд хариуллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн талаар багц хуулиуд удахгүй орж ирнэ. Энэ хүрээнд таны хэлж байгаа олон зүйлс өөрчлөгдөнө гэж найдаж байгаа. 2019 оны төсөвт 119,5 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ хөрөнгөнд багтаан ирэх оны 2-р сарын 1-ээс эхлэн тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа. Мөн халамжийн тэтгэврийг ирэх оны эхнээс нэмэгдүүлэхээр 22 тэрбум төгрөг төсөвлөөд байна. мөн доод тэтгэврийг нэмэгдүүлэх санал явж байгаа ч сөрөг тал үүсгэх эрсдэл байгаа юм. Тэрийг бас анхаарч байна.”
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын нэр бүхий гишүүд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-д гэснийг 5 жилийн цалин хөлсний нийлбэрийн 60-д гэж, 7 жил гэсний 5 хүртэлх жил гэж өөрчлөхөөр хуулийн төслийг өргөн барьсан юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Хуулийн төслийг дэмжиж байна. С.Чинзориг сайдад хандаж хэлэхэд, Ер нь эдийн засгийн хүндрэл гарахаар, юуны түрүүнд тусгай чиг үүрэг хүлээсэн албаны ажиллагсад, тэдний нийгмийн баталгаа руу ханддаг шүү. Үүний оронд доороос нь нэмэх бодлого барих хэрэгтэй шүү. Энэ бол нийгмийн зүй ёсны шаардлага. Энэ нэг удаагийнх биш, өмнө нь бас нийгмийн баталгаа руу дайрч байсан шүү. Энэ онцлогтой салбарын хувьд 5 жил байх нь зүйтэй.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр М.Билэгт гишүүн дараах асуултыг асуулаа. УИХ-ын гишүүн М.Билэгт: 2019 оны 1-р сарын 1-ээс хэрэгжих Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тасралтгүй ажилласан 7 жилийн дунджаас тэтгэвэр тогтоохоор болсон. Өнөөдөр цэргийн албан хаагчид тусдаа хуулийн төсөл оруулж ирээд шийдвэрлэлээ гэхэд энгийн иргэд 7 жилийн дунджаараа тэтгэвэрээ тогтоолгох болж байна. Энэ бол ялгавартай хандаж байгаагын илрэл. Яагаад ингэж байгаа юм бэ? Түүний асуултанд ХНХ-ийн сайд С.Чинзориг дараах хариултыг өглөө. ХНХ-ийн сайд С.Чинзориг: Ингэж тогтоох болсон нь 2 шалтгаантай юм. НД-ын сангийн алдагдал өндөр байна. ОУВС, Дэлхийн банк, Олон улсын донор байгууллагуудын өмнө алдагдлыг бууруулах үүрэг хүлээж байгаа. ДНБ-д Нийгмийн даатгалын сангийн алдагдлын эзлэх хувийг 2%-иас хэтрэхгүй байх үүрэг хүлээсэн. 1 даатгуулагчид оногдож байгаа тэтгэвэр авагчийн харьцаа их өндөр байна. 1 нийгмийн даатгал төлөгчид 4 тэтгэвэр авагч ноогдож байна. 2030 оноос эхлэн энэ тоо 7 болж, цаашлаад 9 болох прогноз байгаа. 2018 онд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор 2 сонголтын аль нэгийг хийх болсон. Тэтгэвэрийн насыг нэмэх эсвэл бидний хийгээд байгаа тэтгэвэр тогтоох жилийг 2019 онд 6, 2020 онд 7 жилийн дундаж болгох байсан. Үүнээс 7 жилийн дунджаас тооцдог болох сонголт хийж хуульд өөрчлөлт оруулсан.
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Цэргийн албан хаагчдын эрхийг маш ихээр зөрчиж байгаа хуулийг өнгөрсөн жил батлуулсанаас үүдэн 2019 оны 1-р сарын 1-ээс өмнө олон алба хаагчид өргөдлөө өгөөд байгаа тухай УИХ-ын гишүүн О.Содбилэг хэллээ. Тэрээр Хууль санаачлагчдаас дараах асуултыг асуулаа. УИХ-ын гишүүн О.Содбилэг: Хуулийн төслийн агуулгыг дэмжиж байна. Цэргийн албанд сонголтгүй тушаалаар ажилладаг хүмүүсээ хохироохгүйгээр 2019 оны төсөв хэлэлцэх үед оруулж ирнэ гэж жилийн өмнө ярьж байсан. Асуудлыг заавал хуулийн төсөл байдлаар оруулж ирэх шаардлага байсан юм уу? Засгийн газар өнгөрсөн жил энэ тухайгаа амалсан ч биелүүлэхгүй байсаар эцэстээ гишүүд ийнхүү хуулийн төсөл оруулж ирж байна. Энэ 12 сарын 31-ээс өмнө өргөдөлөө өгөөд албанаасаа гарах хүн олон байгаа тухай мэдээлэл байна. Яагаад гэвэл энэ хүмүүс чинь тэтгэвэрээ өндөр тогтоолгох сонирхол байна ш дээ. Харин одоогийнхоороо явбал удаан жил, цолны нэмэгдэл энэ тэрээ тооцуулахгүй хохирох нөхцөл үүснэ. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн асуултанд хуулийн төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт дараах хариултыг өглөө. УИХ-ын гишүүн С.Баямбацогт: 2018.02.02-д батлагдсан хуулиар цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг 5 жилийн дунджаас тооцдог байсныг 7 жилийн дунджаас тооцох болсон. Үүнд тангараг өргөдөг төрийн тусгай албан хаагчид бүгд хамаарч байгаа. Тэдний тэтгэвэр сард авах мөнгө нь 30-70 мянган төгрөгөөр буурахаар байгаа юм. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийг хэрэгжиж эхэлхээс өмнө цэргийн албан хаагчид тэтгэвэртээ гарахгүй бол түүнээс хойш тэтгэвэрт гарвал авах тэтгэвэр буурна. Тэтгэмж буюу 36 сарын тэтгэмж буурна гэсэн эмээлт үүсэн оноос өмнө тэтгэвэрт гарах хүсэлтэй хүмүүсийн тоо өнгөрсөн оноос 3-5 дахин нэмэгдээд байгаа юм. Тиймээс Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Мөн хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр төсөл санаачлах болсоноо ийнхүү тайлбарласан юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Засгийн газар ОУВС-тай гэрээ хийхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байна. Тиймээс эдийн засаг өсөх эхний шинж тэмдэг мэдэгдэх үед Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болно гэж жилийн өмнө амлалт өгч байж УИХ-аар батлуулсан. Нийгэм, эдийн засгийн амаргүй энэ үед бид явж байна. энэ үед төрийн тулгуур болсон эдгээр байгууллагуудын өндөр боловсролтой дадлага туршлагатай офицерууд албанаасаа халагдах өргөдөл өгч байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн өөрчлөлт ноцтой, хортой нөлөө үзүүлсэн нь харагдаж байна. Мөн энэ албанд байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал маш хүчтэй дордож байна. Эмэгтэй хүн цэргийн албанд байхдаа дараалан 7 жил ажиллах боломж алга. Үр хүүхэд төрүүлж өсгөж байгаа учраас эмэгтэй хүн байх эхийг нь хязгаарлаж байгаагын илрэл болж байна.