Үйл явдал4 мин унших
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдаан Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Энхтүвшин хийв.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх 2 зарчмын зөрүүтэй санал, хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх 3 зарчмын зөрүүтэй саналын томьёоллын төслийг бэлтгэсэн.
Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэлээ хэмээн Т.Энхтүвшин гишүүн танилцуулгадаа дурдав.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Саранчимэг, Х.Болорчулуун нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс Монгол Улсын 7-8 хувийг эзэлдэг ойн талбайг тэлэхийн тулд ойн үржүүлгийн талбайг нэмэгдүүлэх, цаашид тухайн аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагаар ойн нөхөн сэргээлт хийх боломжийг бүрдүүлэхэд бодлогын ямар арга хэмжээ авах талаар тодруулж байлаа. Мөн ойн цэвэрлэгээний асуудалд хэдий хэрийн хөрөнгө төсөвлөгдсөн болон хуш модыг хамгаалахад чиглэсэн бодлогын арга хэмжээг яаралтай авах, эсэхийг лавлаж байлаа.

