УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,05,31/-ны өдрийн хуралдаанаар “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хушны самрыг шинээр бэлтгэхийг хориглоно гэж сайд ярьж байна уу. Үүнийг экспортонд гаргахыг хориглох асуудал гэж ойлгоод байсан. Дотооддоо бэлдээд, боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгож экспортод гаргахад өөр хэрэг. Түүхийгээр нь түүж аваад тонн-оор нь гаргах утгагүй. Манай улс нийт газар нутгийн хэмжээтэй харьцуулахад ой багатай улсын тоонд ордог. Үе үеийн төрийн бодлогын хэмжээнд ашиглах, хамгаалах бүх асуудал явж ирсэн. Энэ хууль батлагдсанаар ойн агентлагтай болно. Энэ агентлагийг байгуулахад мэргэжлийн боловсон хүчний судалгаа хэр байна вэ? Мэргэжлийн хүмүүс энэ салбарт ажиллах нөөц боломж ямар байдаг вэ? Тэнд 4-5 жил сурсан мэргэжлийн хүмүүсийг л ажиллуулах ёстой шүү. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,05,31/-ны өдрийн хуралдаанаар “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Энэ хууль батлагдсанаар ойн агентлаг байгуулагдана. Ойгоо нэмэгдүүлэхэд цаашдаа цэгцтэй, бодлоготой анхаарч ажиллаж, үр дүн гарна гэж найдаж байгаа. Ялангуяа говь нутгийг ойжуулахад анхаарч бойжуулах газрыг ихээр байгуулах шаардлагатай. Бойжуулах газрыг байгуулъя гэхээр газар нь их төлбөртэй байдаг учраас хүндрэлтэй байна гэсэн саналыг хэлсэн. Тиймээс үүн дээр гарц, гаргалгааг шийдэж анхаарч ажиллах нь зөв. Ойгоо нэмэгдүүлнэ гэж байгаа боловч байгаа ойгоо хамгаалах тал дээр мөн илүү их анхаарч ажиллаарай. Хушны ой байхгүй боллоо. Бид эдийн засгаа бодоод ойгоо сүйтгээд их алдагдал амсаж байна. Хушны ойгоо хамгаалах тал дээр ажилла л даа. Ой цэвэрлэх нэрийдлээр модоо тайраад, эко-системийн тэнцвэрийг алдагдуулж байна. Энэ тал дээр хэдэн төгрөг төсөвлөж, ямархуу байдалтай байгаа вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,05,31/-ны өдрийн хуралдаанаар "Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Т.Аубакир: Манай Монгол улсын ой бол эмзэг асуудал. Салбар яамнаас зарим нэг зүйлийг тодруулмаар байна. Ойг нөхөн сэргээх ажлыг ойг огтолдог компани хийж гүйцэтгэдэг. Энэ хэр зохистой юм бэ. Нэг га талбайд 699 мянган төгрөгөөр тооцож нөхөн сэргээлт хийдэг байсан бол одоо нэг га-д 1,2 мянган төгрөгөөр нөхөн сэргээлт хийхээр болсон. Мэргэжлийн хувьд огтолдог компани болохоос суулгац хийдэг компани биш. Миний хэлж байгаа санал бол нэг га-д ногдох мөнгөөр тухайн орон нутгийн ойн үржүүлгийн мэргэжлийн компани гүйцэтгэх боломж, бололцоог нь судлуулбал яасан юм бэ. Чиг үүргийн хувьд огтолдог, тайрдаг компани нөхөн сэргээлт хийхэд эргээд үр дүнгүй байгаа юм. Нэмэлт өөрчлөлтүүд дээр чухал заалтууд орж ирсэн байна. Энэ нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Манай улс бусад улс орныг бодоход ой бага, ойн бүс нутаг багатай, тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа энэ үед уг хууль маш чухал. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Одоо хэрэгжиж байгаа ойн тухай хуулиа эргэж харахгүй бол хэтэрхий чангалсан хууль байна гэсэн саналыг ард иргэдээс хэлсэн. Ойг түшиж амьдардаг олон хүний амьдралын хэв маягт мод, модон бүтээгдэхүүн салшгүй хэсэг. Үүнийг дээш нь татах ямар ч бололцоогүй болгосон. Мөн ойн ангиудаас ойн нөөцөө хамгаалах ажлыг бодитой хийхгүй бол хэлбэр төдий хөрөнгө мөнгө зарсан үр дүнгүй болж байна гэдгийг хэлсэн. Тиймээс нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга дээр ойн бүсэд амьдарч байгаа ард иргэд, ойн мэргэжлийн ангийн саналуудыг тусгах хэрэгтэй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Улсын их хурлаас ойн нөхөрлөл байгуулах тухай Засгийн газрын шийдвэрүүд гарсан байдаг. Гэтэл орон нутгийн засаг захиргаан дээр ямар ч дэмжлэг байдаггүй. Энэ ашгийн бус байгууллага шүү дээ. Байгаль орчны яам ойн нөхөрлөлийн талаар ямар бодлоготой байна вэ? Ойн нөхөрлөлийн тухай хуулиа боловсронгуй болгоход юу хийж байна.