С.Эрдэнэболд: Манай шинжлэх ухаан технологийн хууль давжаа байна!
УИХ-ын чуулганы /2026.04.16/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хэлэх хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, бусад улс орнууд ялангуяа өрсөлдөөнт зах зээлүүдэд шинжлэх ухааны байгууллагууд нь өөрсдөө шууд өрсөлдөх чадварын байгууллагууд болчихдог. Жишээлбэл, Узбекстан улс Цахиурын хөндий рүү гараад дундад Азийн орнуудын маш том технологийн Хабыг байгуулаад явж байгаа. Ер нь ихэнх орнууд Шанхай эсхүл Азийн орнууд, дээрээс нь Америк, Европын зах зээл дээр буюу тэр дундаа шинжлэх ухаан, технологи, өрсөлдөх чадвар гэсэн 3 үг зэрэгцээд явж байгаа. Манай шинжлэх ухаан технологийн энэ хууль давжаа хууль. Монголдоо л нэг байгууллагын дотоод үйл ажиллагааг л зохицуулах гээд байгаа юм шиг боловчиг боломж өрсөлдөх чадвараа тэлсэн, тухайн байгууллага нь санхүү хийгээд төрийн дэмжлэг мөн зорилгоо хангах, бизнесийн байгууллагуудтай хамтрах, зах зээлд бодит боломж, үр дүн, үнэ цэн авчрах, иргэдийн амьдрал амьжиргаанд эерэг өөрчлөлт авчрах дээр асар давжаа байна. Тиймээс энэ хуулийг косметикийн чанартай биш агуулгын чанартай өөрчилж шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа юм аа. Тэр тусмаа шинжлэх ухаан технологи өрсөлдөх чадвар гэдэг агуулгатай уях хэрэгтэй. Шинжлэх ухаан төрийн бодлого хоёр нь төсвийн харилцаан дээр л байгаад болохоос биш бодит чадвар дээрээ бизнесийн боломжуудыг гаргаж ирдэг, нийгмийн шийдвэрүүдийг хошуучилж урд нь явдаг шинжлэх ухааны салбар гэдэгт хэрэгтэй болохоос араас нь дагаж явдаг зохион байгуулалттай бүтэц хэрэггүй. Зөвлөлт маягийн энэ тогтолцоог илүү их чөлөөт нийгмийн өрсөлдөөнд дасан зохицсон маневртай, хурдтай, уян хатан, загвар луу оруулах зайлшгүй хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт, аж үйлдвэрийн 3, 4 дүгээр үе, мэдээлэл технологийн үе, сансрын технологийн үе гээд явж байгаа. Үүнтэйгээ уялдуулсан байдлаар шинжлэх ухаан технологийн хууль, боломжуудыг нь гаргаж өгөх хэрэгтэй. Гуравдугаарт, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд улсын төсөв нийцэж байгаа эсэх талаар аудит дүгнэлт гаргах ёстой авч 2016 онд батлагдсан УИХ-ын 48 дугаар тогтоолоор гарсан зүйл хэрэгжихгүй байгаа. Хэмжих нэгж нь тодорхойгүй. Уг нь улс орны өрсөлдөх чадварын 6 хэмжээсээр үндэсний аюулгүй байдал үзэл баримтлалаас гаргалаа гэхэд үүнийгээ шинжлэх ухаан технологитойгоо хэрхэн яаж холбох гэдгийг тооцох ёстой. Шинжлэх ухааны хууль маань шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чөдөр тушаа болохгүй харин давуу тал олгодог байх ёстой.