УИХ-ын чуулганы /2026.04.16/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дараах байр суурийг илэрхийллээ.Шууд асуултаа тавиад, араас нь тайлбар хэлье. Энэ хуулийн төсөл батлагдвал цаашдаа юу хийх ёстой вэ? Өөрөөр хэлбэл уг хуулийн төслөөр орж байгаа нэмэлт өөрчлөлтийг амьдруулахын тулд, ажил болгохын тулд газар дээр нь ажиллуулахын тулд ямар алхам хийх вэ?Эдийн засаг хөгжлийн яамнаас ЭША-ы цалинг нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийсэн бол хэд хүртэл нэмэхээр байна вэ? Өнөөдөр дэлхийн ДНБ-ий 2% шинжлэх ухаан, технологийн арга хэмжээнд зарцуулагдаж байгаа. Солонгос 5,3%, Израил 5%-ийг энэ салбартаа зориулдаг. Ази тив тун удахгүй 2,3%-аа эрдэм шинжилгээнийхээ ажилд зарцуулдаг болно. Манай улс 2026-2030 оны 5 жилийн үндсэн чиглэлээр ДНБ-ийхээ 2 хувьд гэсэн зорилт тавьсан. Үүнээс өмнө 2027 онд ДНБ-ийхээ 0.36%-аа шинжлэх ухаандаа өгнө гэсэн. Энэ бол мөн л боломжийн зорилго. Ноднин ДНБ-ийхээ 0,2% буюу 2025 онтой харьцуулахад 2 дахин нэмж оруулсан боловч төсөл батлагдахдаа 0.17 болж хасагдсан. Тэгэхээр 0.36-даа хүргэхийн тулд Сангийн яам болоод төсвийн байнгын хороо, ажлын хэсэгтэй нарийн нягталж, нягтарч ажиллах ёстой. Хэрвээ бид 2027 оны зорилгодоо хүрч чадвал ЭША-ы цалинг боломжийн хэмжээнд нэмж чадна. Шинээр ажилд орж байгаа ЭША 1,7 сая төгрөгөөр цалинжиж байна. Олон улсын жишигтэй харьцуулахад дэндүү харамсмаар, дэндүү бага. Эрдэм шинжилгээний ажилтнууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, өөрийн санаачилгаар дотоод төсвийнхөө зардлын 50%-тай тэнцэх хэмжээний нэмэлт орлого олдог. Академийн хүрээлэнгүүдийг харахад дунджаар 30%-тай нь тэнцэхүйц орлого олоод үүгээрээ сайн ажилчдынхаа цалинг нэмдэг. Үүнийг албажуулж, энэ зорилтот хувь руу хүргэхгүй бол салбар хөгжихөд хэцүү. Гайгүй сайн хөрстэй салбар гэж хардаг. Академи авлигаас ангид бүс болж чадсан. Улс төрийн нөлөө шахаанаас ангид явж чадаж байгаа. Одоо чадалтай боловсон хүчнээ дэмжих нь чухал болоод байна. Ингэснээр өрсөлдөх чадвар сайжирна. Өрсөлдөх чадвараараа Азидаа 46, улс дотроо 19-өөс 20 дугаар байранд сүүлийн 5 жил тогтвортой явж байна.
УИХ-ын чуулганы /2026.04.16/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун асуулт асуулаа.Миний хувьд энэ ажлын хэсэгт орж ажилласан. Шинжлэх ухааны байгууллагуудын статус болон тодорхойлолт байр сууриудыг нэг мөр цэгцлэх, шинжлэх ухааны салбар их дээд сургуулийн асуудлуудыг хөндөх зорилгоор ажлын хэсэгт орсон. Өнөөдөр хэлэлцэж байгаа хууль дээр үндсэндээ 2 төрлийн асуудлыг бол яриад байна. Нэг,тендерийн үед шаарддаг материалыг болиулах босго ярьж байгаа. Хоёр, мэдээллийн сангийн асуудал ярьж байгаа.Бид нар шинжлэх ухаан технологийн асуудлыг ярихдаа юуг орхигдуулаад байгаа вэ гэхлээр одоо байгаа их дээд сургуулиудынхаа статус болон байр суурийг хуулийн нэр томьёонд цэгцэлж чадахгүй байна. Одоо хүртэл зарим их дээд сургууль төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг нэртэй байгаа. Энэ хуулийн болон хуулиас дагалдаж байгаа тендер дээр тавигдах шаардлагаас хэн чөлөөлөгдөх вэ гэдгийг харахлаар. Энэ нэр ангиллаараа хүрээлэнгүүд илүү байна. Энэ нь төрийн өмчит болж байгаа гэсэн үг. Судалгааг зөвхөн төрийн өмчийн байгууллагууд хийдэггүй. Олон улсын байгууллагууд маш олон бодлогын судалгаа, шинжилгээ хийдэг. Хөндлөнгийн шинжээч ажилладаг. Бид нар эндээс маш их мэдээллүүдийг авдаг. Гэтэл энэ зүйлд ОУБ-ын болон иргэний нийгмийнхэн судалгаанууд орохгүй болчхоод байгаа гэсэн үг. Сүүлийн үед хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд төрийн өмчит хуулийн этгээдэд давуу байдал олгож байгаа нь илтэд ашиг сонирхлын зөрчилтэй юм шиг харагдаад байгаа. Судлаач хүний хувьд үүнийг хэлж байгаа юм. Цаашдаа сургуулийнхаа статусыг ярихдаа их, дээд сургуулиа улс төрөөс салгамаар байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нь улс төрийн томилгоо, улс төрийн асуудлууд их орж байгаа учраас хараат бус байдлыг бий болгож байна. Их дээд сургуулийн удирдлага өөрөө их дээд сургуулийнхаа төлөөлөл байж, сонгогдох ёстой. Энэ асуудал болон мэдээллийн санг иргэний нийгмийн салбар болон ОУБ-д нээлттэй болгох асуудлаар дараагийн хуулийн төслийг санаачлах уу. Уг нь мэдээлэл байршиж байгаа бол хүртээмжтэй байх ёстой. Хуулийн төслийн хүрээнд шинэ заалт оруулж болохгүй гээд байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ.
УИХ-ын чуулганы /2026.04.16/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин асуулт асуулаа.Шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааны зардлыг ДНБ нэг хувьд хүргэнэ. Суурь түвшин 0,11 . 2025 оны зорилтот түвшин 0.12 гэсэн ч хүрсэн түвшин 0 байсан. Дээр нь ААНОАТ-ын тухай хуулийн 22. 9.8 дээр Их дээд сургууль, ШУА судалгаа шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэгийг нэг хувийн татвартай холбоо чөлөөлөхөөр ийм заалт орсон боловч үүнтэй холбоотой журам нь одоо болтол гараагүй байгаа. Энэ журмыг хэзээ гарах вэ гэдгийг бас байнгын хорооны хуралдаанууд дээр асуугаад хариулт авч чадаагүй. Эдийн засгийн хөгжлийн яамхариулт өгнө үү? ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааны зардлыг ДНБ-ий нэг хувьд хүргэнэ гэсэн зорилтыг яаж хангахаар ажиллаж байна.
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, асуулт тавилаа.Хуулийн төслүүд батлагдаад явахаар сөрөг нөлөөллүүдийг бий болгоод бйана. Ийм учраас ЗГ асуудлуудыг гартаа авч, хариуцлагатай баймаар байна аа гэж хэлсэнтэй санал нэг байна. Энэ хуулийн заалт 4 заалттай. Үүний 2 нь зөрчилтэй. Нэг нь тендерийн хуультай зөрчилдөж байна. Нөгөөх нь эрдэм шинжилгээний байгууллагад хамаарах субъектийг зөвхөн судалгааны их сургууль байна гэж зааж өгсөн нь ямар сөрөг нөлөөтэй вэ гэхээр одоо байгаа их сургуулийн болон тэдгээрийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэр туршилтын лабораторид ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид цалингийн 30%-ийн нэмэгдлээ авч чадахгүйд хүргэх юм. Учир нь эрдэм шинжилгээний байгууллагад хамаарахгүй болчхож байгаа юм. Монгол Улсад судалгааны нэг ч их сургууль байгуулагдаагүй. Яагаад гэвэл УИХ судалгааны их сургуулийг байгуулна аа гэж балай хууль баталчихсанд байгаа юм. Эрдэм шинжилгээний байгууллагын статусыг заавал судалгааны их сургуульд хамаатуулчихаар бусад их сургууль, дээд сургууль, сургалтын байгууллагууд эрдэм шинжилгээний ажил хийхгүй юм шиг заалтыг оруулж болохгүй шүү дээ. Бүх их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага лабораториудыг статусгүй болгочхож буй хэрэг.Энэ асуудлаа хууль санаачлагчид олж харсан уу? Хэрхэн яаж засах вэ? Боловсролын дээд хууль дээр орсон судалгааны их сургуулийн асуудлыг засахгүй юм уу? Энэ нь өнөөдөр маш олон их, сургуулиудад хүндрэл учруулж байгаа. Боловсролын системээ сайжруулахгүй бол дээд сургуулиудыг бүгдийг нь коллеж болгочихсон. П.Наранбаяр сайд ажлаа өгөхөөс өмнө нэг тушаал гаргаад маш олон дээд сургуулиудыг коллеж болгоод, танилын хүрээнийхээ ганц нэг сургуулийг их сургууль, дээд сургууль болгочихсон явдал бас бий. Тэгэхээр хүнийрхүү сэтгэлээр хандмааргүй байна аа. Энэ асуудлуудаа цэгцэл ээ. Эрдэм шинжилгээний ажил дан ганц нэг сургуулийн, эс бөгөөс нэг хүрээлэнгийн ШУА-ийн асуудал огт биш шүү дээ. Тэгээд Монгол улс юу л байна вэ? Оюунлаг толгой л байж байж бид нар хөгжинө шүү дээ гэж өвөө маань хэлж байсан юм. Монгол Улсыг ОТ гэхээсээ илүүтэй Монгол хүний оюунлаг толгой л одоо аварна. Тэгэхээр боловсрол шинжлэх ухааныг шүтье дээдэлье л гэж байгаа бол хуулийн зөрчлүүдийг арилгах шаардлагатай гэж үзэж байна.
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцлээ.УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:Төрийн бодлогоор их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаа дэмжиж ажиллахад энэ их тус нэмрээ өгнө. Энэ бол эхлэл гэж хүлээж авч байгаа. Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагууд, хүрээлэнгүүд хөгжих боломж нь нээгдэнэ. Хуульд орж буй хамгийн дэвшилттэй зүйл нь манай эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд тендерт оролцоход давуу байдал болж байгаа. Гүйцэтгэлийн баталгаа, тендерийн баталгаа зэргийг нь хөнгөлж өгч байна. Энэ бол сайшаалтай гэхдээ үүнийг дагаад сөрөг зүйл үүсэх вий. Хувийн компаниудын лобби орчихвий, тендерийн хуультайгаа зөрчилдөж байгаа юу? Төрийн өмчийн их, дээд сургуулиуд гэж заачихсан байгаа. Хувийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын оролцоо, эрх ашиг хумигдах тал байх уу. Нөгөө талаас зөвхөн төсвөөр тендер зарлаж хийхдээ, хувийн хэвшлийнхний зарлаж буй тендерт их, дээд сургууль эрдэмтэн судлаачдаа оролцуулах боломж хэр нээлттэй байгаа вэ? Манай улс шат дараалалтай явахад судалгааны их сургуулиудынхаа хуулийг Боловсролын яамнаас хэзээ оруулж ирэх вэ. Манай улсад судалгаанд суурилж хийх ажил их байна.
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцлээ.УИХ-ын гишүүн П.Сайнзориг:Салбарын сайдуудаас л асуумаар байгаа юм. Баялаг бүтээгчдийн агуулгын цаана мэдлэг эзэмшиж, технологи оруулж ирж байгаа хүмүүс бий. Үүнээс биш өнөөдрийн 99 11-тэй дугаар бариад, нэг том машин унаад юмны үнэ нэмэгдүүлж зарж буй хүмүүсийг тодорхойлоод хэвшчихлээ. Уг нь мэдлэг нь тэвчээр, уйгагүй хөдөлмөр, анализ, дүгнэлт хийх чадвар, олон зүйлийн эх сурвалжийг ашиглаж шинэ санаачилга гаргах энэ хандлагыг урамшуулж байх ёстой. Манайд хараахан энэ зүйл алга. Дэлхийн улс орнууд мэдлэгт суурилсан эдийн засагруу явчихлаа. Үндсэндээ дэлхий дээр повер хаус буюу нөлөөлөгч улс орон болж чадаж байна. Манайд энэ тодорхойгүй байна. Би боловсролын багц хуулийг агуулгын хувьд дэмждэг. Гэхдээ зарим зүйлд сэтгэл дундуур байдаг. Их сургуулиудыг судалгааны бус гэж ангилдаг. Их сургууль гэдэг статусыг авахын тулд, судалгаа хийх л ёстой. Судалгаанд мөнгө зарцуулах ёстой. Харин үүнийгээ буцаагаад яаж олж авах нь тухайн сургуулийн менежментийн асуудал. Хэдэн диплом үйлдвэрлээд, манайх шиг их сургуулиудыг их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн 3 ангилалтай орон байхгүй. Жинхэнэ уураг тархи ажиллаж байх институцийг мөн чанараар нь ангилаад заримыг нь толгойг нь илээд байгаа учраас Монгол Улсад мэдлэгт хөрөнгө оруулдаг, мэдлэгийг дэмждэг тэр институц сууриараа хөгжихгүй нь.