УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Монголын төр, төрийн алба, салбаруудын албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудыг ялгамжгүй тогтоох, нэг тодорхой системд оруулах чиглэлээр бодлого байна уу? Салбар бүр хууль тал талаас оруулж ирж цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой зүйлийг дур дураараа нэмэгдүүлээд байал сүүлдээ үүнийг даахгүй хэмжээнд хүрэх биш биз. Хамгийн түрүүнд шүүхийн байгууллагын албан хаагчдын цалин хөлс нэмэгдүүлэх асуудал эхлээд орсон. Араас нь хуулийн байгууллага, тусгай чиг үүрэгтэй байгууллагууд гээд уралдаад л байна. Эрүүл мэнд, боловсролын салбарынхан орхигдсон. Талбай дээр суулт зарласан. Энэ бол зүй ёсны асуудал. Төрийн бодлого нэг тодорхой цэгцтэй байх хэрэгтэй юм биш үү? Түүний асуултад Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян хариулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Онцгой байдлын албан хаагчид байгаль цаг уурын, гамшиг ослын маш хүнд нөхцөлд ажилладаг. Юм бүхний түрүүнд л явдаг. Цар тахлын хүнд цаг үед онцгой байдлын алба хаагчид маш сайн ажиллаж байгаа. Эдгээр ажилчдын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлж нийгмийн баталгааг сайжруулах тал дээр анхаарах ёстой гэж долоодугаар сард төсвийн тодотгол хэлэлцэж байхад хэлж байсан. Энэ цар тахлын үед ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс, урамшуулал нэмэгдсэн үү? Жилд нэг урамшуулал өгөх асуудал орж ирж байгаа юм байна. Энэ 2022 оны улсын төсвийн тухай хуульд суусан уу? 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс онцгой байдлын албан хаагчид удаан жил ажилласны нэмэгдэл урамшуулал авах боломж байгаа юу? Түүний асуултад Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян хариулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Онцгой байдлын албан хаагчид бол төрийн тусгай албан хаагчид. Тангараг өргөсөн хүмүүс байдаг. Монголын ард түмний аюулгүй байдал, эрсдлээс хамгаалхын төлөө өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулдаг хүмүүс. Энэ хуулийн төсөл дээр төв суурин газар алба хааж байгаа албан хаагчид хамрагдахгүй юм байна. Алслагдсан сумдад үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид таван жил тутамд урамшуулал олгохоор орж ирсэн байна. Энэ бол чухал ач холбогдолтой. Төрийн албан хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор нь төр өөрөө маш сайн хангаж өгөөд эргээд энэ албан хаагчдаасаа ажлын хариуцлага, үр дүн нэхдэг зарчмын дагуу хязгаар нутагт байгаа албан хаагчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэшүүлэх, дадлагажуулах, мэргэжлийн болгох үүднээс энэ хуулийн төсөл орж ирж байна гэж харлаа. Дөрвөн жил болсон хүн энэ урамшуулалд хамрагдахгүй. Таван жил үүрэг гүйцэтгэж байж үүнд хамрагдна. Энэ бол нийгмийн амьдралд нь дэмжлэг үзүүлж байна гэж харж байгаа. Энэ хүмүүс маань 7-8 эрхээ хязгаарлуулдаг хүмүүс байгаа. Цар тахлын нөхцлийн байдалд үйлчилж байгаа энэ үеийн эрхзүйн акт 12-р сард дуусна. Үүнээс цааш яаж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ? Түүний асуултад Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян хариулав.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2021.10.13/ боллоо. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн санаачлан боловсруулж, 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм. Хуралдаанаар хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: "Хуулийн төслийг дэмжиж байна. Асуух зүйл алга. Хэд хэдэн санал хэлмээр байна. Төрийн албаны хуулийн тулгуур үндсэн зарчим энэ хуульд орж ирсэн байна. Энэ бол Төрийн албан хаагч төрийн албыг ажиллах нөхцөл бололцоогоор төр өөрөө сайн хангах ёстой. Эргээд тухайн төрийн албанаас ажлын хариуцлага, үр дүн шаарддаг. Онцгой байдлын байгууллагын өөрийнх нь статус бол тангараг өргөсөн төрийн алба. Үгүй гэж хэлэх эрхгүй, амь насаа эрсдэлд оруулаад "мэдлээ гүйцэтгэе" гэж хэлээд үүргээ гүйцэтгэдэг алба. Энэ албаны онцлогийг дурьдвал маш их зүйл бий. Хуулийн үзэл баримтлалд үүнийг ч маш сайн томъёолсон байна. Би өөрийн амьдрал дээр харсан нэг жишээг хэлье. Отгонтэнгэр уулсын цасны нуранги болсон өвлийн хүйтэн үед тэр олон хүний амь нас эрсдэлд орсон. Хүний амь аврахын тулд 3000 метрийн өндөрт Онцгой байдлын албаныхан л ажиллаж байсан. Заамарын уурхайн нуранги болоход бас л хүний амь нас аврахаар тэр хүйтэн, лаг шавартай усны гүн рүү 8 метрийн гүнд Онцгой байдлын алба хаагчид л шумбасан мэдээ байдаг. Алба хаагчид шумбалтаасаа гарч ирэхэд биеийг нь спиртээр арчаад дахин шумбалтаа үргэлжлүүлдэг байсан. Зүрх өвдмөөр. Онцгой байдлын алба хаагчдаас өөр хүн орохгүй шүү дээ. Төрийн алба өөрөө энэ эрсдэлтэй хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, чадварыг улам нэмэгдүүлэх энэ бодлогын үүднээс уг хуулийн төсөл орж ирсэн гэж би бодож байна. төрийн алба хаагчдын цалин хангамж муу. Орон нутагт нөхцөл бүр хүнд байдаг. Энэ хүмүүсээ тогтвортой ажиллуулах бодлого, эдийн засгийн хөшүүрэг орж ирсэн гэж би ойлгож байна. Цар тахлын өнөө үед ч Онцгой байдлын алба хаагчид л ажиллаж байна. Онцгой нөхцөл байдал үүссэн үед яах вэ гэсэн хууль эрх зүйн зохицуулалтыг шинээр бий болгохгүй бол болохгүй. Та бүхэн үүнд анхаараарай. Засгийн газар ч яаралтай бодлогоо боловсруулж оруулж ирэх шаардлагатай байна." Тэрээр үргэлжлүүлэн УОК болон Батлан хамгаалахын сайд нарт хандан хилийн боомтын асуудлыг хоёр улсын Засгийн газрын түвшинд ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай тухай санал хэллээ.