УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 2022 он бол эдийн засгийн хямралын хүнд байдалтай байна. Тэгэхээр улсын хэмжээний эдийн засгаа цогцоор нь хэрхэн төсөөлж, дүгнэж байгаа вэ? Томоохон стратегийн орд газруудын үр өгөөжийг түлхүү ашиглах хэрэгтэй гэж үзэж байна. “Оюу толгой” ХХК-тай бид 2008 оноос хойш хэрүүл тэмцэл хийснээр тодорхой ахиц дэвшил гарсан. Үүнд Монгол Улсын ерөнхийлөгч, Монгол Улсын их хурал, Засгийн газар, монголчууд гээд бүгдээрээ нэгдмэл байр суурьтай байсны үр дүн гэж үзэж болно. "Рио Тинто" 2.3 тэрбум ам.долларын өр цаашилбал нэмэгдсээр 22 тэрбум долларт хүрэхээр байсан хүндрэлийг сэргийлж чадаад зогсохгүй 2.3 тэрбум долларынхоо өрийг хүчингүй болгосон. Одоо бид үргэлжлүүлэн энэ гэрээ, хэлэлцээрийн тохиролцооны дагуу аудитын шалгалт оруулах, үндсэн гэрээндээ өөрчлөлт оруулах, цаашлаад Оюу толгойн борлуулалтын мөнгө санхүүтэй холбоотой асуудалд Монголын банк, санхүүгийн байгууллагыг оруулах хэрэгтэй. Хэрвээ тэр их хэмжээний валютыг бид Монголын банкаар оруулж, гаргадаг болвол мөнгөний ханшид эерэг өөрчлөлт гарах бололцоотой гэж бид үзэж байгаа. Мөн гэрээ, хэлэлцээрийн үед тохирсоны дагуу олборлосон түүхий эд, бүтээгдэхүүнээ урьдчилан борлуулахтай холбоотой асуудалд та бүхэн хяналт тавьж байгаа юу? Ерөнхий сайдын мэдээлснээр энэ 05-р сард Оюу толгойгоос 400 гаруй сая долларыг улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ? Эрдэнэтээс эхлээд төрийн өмчийн үр өгөөжтэй байгаа, ялангуяа уул уурхайн чиглэлд үйлдвэрлэл явуулдаг компаниудын ил тод байдал, үйл ажиллагаанд хяналт тавих ажил ямар түвшинд байгаа вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монгол Улсын Төсвийн хүрээний мэдэгдэл, 2022 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал орж ирж байна. Байнгын хорооны хурал дээр цалинтай холбоотой асуудал маргаан дагуулах шинжтэй байна. Ялангуяа сургууль цэцэрлэгийн багш нарын цалин 2-р улирлаас нэмэгдсэн. Багш нар баяртай байгаа. Хүүхдүүдийнхээ боловсролд анхааръя гэвэл багш нарынхаа цалинг нэмэх ёстой. Л.Энх-Амгалан сайдад талархаж байна, хууль зөрчихгүйгээр цалин нэмээд явах хэрэгтэй. Харин эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нарыг Гүйцэтгэлийн санхүүжилт гэсэн тогтолцоогоор цалинжуулж байгаа. Энэ нийслэлд хэрэгжиж байна. Харин хөдөө орон нутагт шийдэгдэхгүй байна. Хаана гацаад байна. Төсөв дээр баталсан ажил яагаад хэрэгжихгүй байна. Төрийн захиргааны албан хаагчид гэж хүнд хүмүүс байна. Гар дээр цалин бараг авдаггүй 550 мянган төгрөг авдаг. Босоо биш хэвтээ тэнхлэгээр ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмэх хэрэгтэй. Ажиллаж байгаа хүн ч алга. Ирэх жилийн төсөв дээр оруулж ирэх үү. Юмны үнэ маш өндөр 100 мянган төгрөгөөр юу ч авч чадахгүй байна. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.