УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Төрийн өмчтэй компаниуд дээрээ төр хяналт тавьж чадаагүйн гай гарч байна. Цаг хугацаанд нь хилийн цэрэг, гааль, мэргэжлийн хяналт, үндэсний аудитын газар нь хяналт тавиад явж байсан бол ийм асуудал гарахгүй. Төр өөрөө хяналтаа алдчихсан байна гэж харж байна. Үүнтэй холбогдуулаад хулгайн асуудал сөхөгдөж байна. "Хашгирсан хойно нь ниргэв" гэгчээр. Олон жилийн хулгайн асуудал явсаар хууль хяналтын байгууллага дээр очдог. Хууль хяналтын байгууллага нь чинь арваад жилийн өмнөх хулгайн асуудлыг илрүүлэх гээд, өмнөх хүмүүс нь солигдчихсон маш хүндрэлтэй зүйлүүдтэй тулгардаг. Тийм учир, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж байсан байгууллагуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Хяналт шалгалтын тогтолцоо алдагдсан байна гэдэтгээ санал нэг байна. Нэгдүгээрт, Сүүлийн гурван жилийн хугацаанд хэдэн удаагийн хяналь шалгалтаар, хичнээн хэрэг зөрчил илрүүлж байв. Үүн дээр мэдээлэл өгнө үү. Хоёрдугаарт, ТУЗ-тай холбоотой асуудал дээр хариулт өгнө үү. Үүн дээр хариуцлага тооцох асуудлыг ярих хэрэгтэй. Гуравдугаарт, ТӨБЗГ-ын өөрчлөлтийг яаралтай хийх ёстой. Хяналт шалгалтын тогтолцоог яаралтай бий болгох шаардлагатай байна. Цаашид төрийн өмчтэй компаниудыг ард иргэддээ хувьчлах асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо. Эл асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрын кабинетын гишүүн болохоор Засгийн газар дээр асуудлаа ярих шаардлага гардаг. Тэр болгон ярих бололцоо олддоггүй нөхцөл бий. Энэ дагуу Засгийн газарт бид асуудлаа нэлээн хүчтэй тавьж буй. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Тавантолгой компаниудыг тойрсон нүүрсний хулгай, луйвартай холбоотой асуудлуудыг анх гаргаж тавьсан. Гаалийн холбогдох хүмүүс нь хэлж байсан. Цагдаагийн байгууллагатай холбоотой асуудлыг удаа дараа тавьсан. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын талаарх саналаа албан тоот бичгээр хүргүүлсэн тухай хэлсэн. Энэ асуудлын талаар яагаад хөөцөлдөхгүй байна вэ гэж. Үүнд тодорхой хэлж өгнө үү. Хуулийн байгууллагад шилжсэн байхад яагаад энэ асуудлыг тавихгүй, Засгийн газар, Их хурал, нийгмийн хэмжээний асуудал болгож байж шалгадаг, ярьдаг байдалтай байна вэ? Тавантолгой тойрсон будилаан, хулгай оффтейк гэрээтэй холбоотой. Нүүрс борлуулахтай холбоотой гэрээний асуудал. Мөн тээвэртэй холбоотой. Дараа нь бүртгэлгүйгээр нүүрс гаргасан асуудал бий. Мөн худалдан авалттай холбоотой асуудал байна. Тавантолгой компани ажиллаж эхэлснээс хойш нийтдээ 7.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн гэсэн мэдээлэл яваад буй. Үүн дээр хариулт өгнө үү. Жагсаал цуглаан, ерөнхий сонсголын үеэр иргэдийн тавьсан санал, асуудал хаана явж байна вэ. Бодитой үр дүн, хариулт туссан уу. Жагсаж байгаа иргэдтэй эргэх холбоотой ажиллаж буй бүтэц байна уу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Энэ хулгайн асуудал дээр иргэд саналаа хэлсэн. Хэлэлцүүлэг болсон. Ер нь Монголчууд нүүрснээс хэдэн төгрөг алдсан бэ гэсэн нарийн тоотой байх ёстой. Хууль хяналтын байгууллагуудын шалгалт дуусахад хэнд ямар хариуцлага тооцсон тодорхой кэйс байх хэрэгтэй. Өнөөдөр, хөрөнгө оруулалт татах, тэтгэвэр нэмэх, татвар, шимтгэлээ хасах гэхээр мөнгө байхгүй гэсэн шалтаг хэлдэг. Иргэдийн бухимдах нь аргагүй шүү дээ. Өнөөдрийн хулгайн асуудлыг хэн шийдэх вэ, Энэ хулгай гарсан тогтолцоог яаж засах гэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль гарсан хэзээнээс хэрэгжих гэж байна. Хүндрэл, эрсдэлээ хэрхэн харж байна. Төмөр замын гэрээ, үнэ ханшийн мэдээллийг тодорхой өгөх хэрэгтэй, шалгалт хэр явж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монголчуудын хүн амын 52 хувь нь эмэгтэйчүүд бид зохион байгуулаад санал асуулга авбал УИХ-ын 20 хувийн квотоор санал асуулга явуулж болно. Мөн Зөвлөлдөх санал асуулгын хууль дээр эмэгтэйчүүд санал оруулаад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал оруулаад, хэлэлцээд явж болно. Квотын төлөөлөлгүй явбал эмэгтэйчүүдийн эсэргүүцэлтэй тулгарна. Зөвлөлдөх санал асуулга 2019 оны ҮХӨ-өөр нэр хүндээ алдсан. Төрийн албан хаагч, намын төлөөллийн голдуу хүмүүс оролцсон. Иймд нэг шийдэлд хүрч байж орох хэрэгтэй. Ард түмний санал асуулгыг харж үзэх хэрэгтэй. Өмнөх ҮХӨ-ийн санал асуулгад гар бие оролцож байсан хүн байна уу, Хэрвээ тийм бол энэ удаа оролцохгүй байсан дээр шүү. Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Иргэдтэй зөвлөлдөж нийгэмд тулгарч байгаа асуудлын шийдлийг ярилцах нь зөв. 2021.12.21-ны өдөр Нүүрсний сонсгол зохион байгууллаа. Иргэдийн хувьд хулгайтай холбоотой асуудлыг яаж шийдэх гэж байна, хариуцлага хэрхэн тооцох вэ. Мөн өдрөөс өдөрт доройтож байгаа иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байна гэж асууж байна. Бас ТӨК-тайхолбоотой дарга нарын хулгайн асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа талаар лавлаж байна. Хэрхэн нээлттэй, ил тод болох талаар тодруулаад байна. Зөвлөлдөх санал асуулгыг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явуулах гэж байна. Төлөөллөө яаж сонгох вэ. Салбар бүрийн төлөөлөл орж чадах уу. Иргэдэд яаж мэдээллээр хангах вэ? Зөвлөлдөх санал асуулгыг явуулахдаа бэлтгэл сайн хангаарай. Түүний асуултад УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Ж.Мөнхбат хариуллаа