УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ард түмнийг төлөөлөх эрх зөвхөн УИХ болон УИХ-ын гишүүнд байдаг. 2019 онд хийсэн Үндсэн хууль маань эрх зүйн хувьд бүрэн төгс хэрэгжиж дуусаагүй. Баялгийн сангийн тухай хууль, Өмчийн тухай хууль гараагүй. Өмнөх хууль бүрэн хэрэгжиж дуусаагүй байтал дараагийнх нь гараад ирж байна. Бусад улс орнууд үндсэн хуулиа өөрчилдөггүй шүү дээ. Үндсэн хуулийн асуудал дээр бүр эцэстээ тулахдаа хүрвэл л ард нийтээсээ асууя гээд байгаа. Энэ хэвээр үү? Стратегийн том бодлого манай улсад байхгүй. Хэн нэг хүний дураараа ярьсан яриагаар улс орон хөдөлдөг болчихсон. Улс төрийн стратеги, хөгжлийн стратеги, аюулгүй байдлын стратеги гэдэг юм Монгол улсад байхгүй болчихсон. Үндсэн хууль бидний амьдрах хамгийн том дүрэм. Үүгээрээ ахин дахин оролдох нь улс орны тусгаар тогтнол эргэлзээтэй байдалд орно гэсэн үг.
УИХ-ын хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ УИХ-ын гишүүн О.Содбилэг: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талын асуудлаа тодорхойлж хэлж өгөхгүй бол Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэсэн нийгмийн сэтгэлзүй бэлтгэгдэж байгаа шүү. 34 хувь хүртэл нь өөрчилнө гэж нилээн тодруулж хэлэхгүй бол бүх болж бүтэхгүй байгаа зүйлээ холбон үндсэн хуулиа өөрчлье гэсэн зүйл бодоод байгаа байдал ажиглагдаж байгаа. Миний санал бол засаг захиргааны хувьд манай Эрдэнэтийн хувьд хөндөгдөж байгаа. Энийг бол өөрчлөөд явж болно. Үндсэн хуулиа цоо шинээр нь хийгээгүй ч гэсэн энэ хууль ирээдүй, залуу үе, бидний хойч үе рүү харсан хууль байх ёстой. Нийт хүн амын 65 хувийг залуу үе эзэлж байна. Энэ хүмүүс чинь энэ хууль дор амьдрах учраас тэдний төлөөллийг хамруулах тал дээр анхаараарай гэсэн саналтай байна.
Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Энэ цаас дүүрэн шударга ёсыг хэрэгжүүлэх, шударга ёсны төлөө, нийгмийн шударга ёс гээд бичигдсэн байна. Гэхдээ үүнд шүүхтэй холбоотой нэг ч заалт алга байна. Яг үнэндээ шударга ёс гэдэг чинь шударга шүүх шүү дээ. Ардчилсан тогтолцоо, ардчилсан үндсэн хууль гэхээр шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын тэнцвэртэй байдлыг ярьж байгаа. Шүүхтэй холбоотой асуудлыг авч үзэхгүй бол үндсэн хуулиараа олгогдсон үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг нь үндэсний телевизээр шүүхийн шийдвэр эцэслэн тогтоогоогүй байхад хүн яллачихдаг нийгэм рүү яваад байна. Бид энэ шүүхтэй холбоотой асуудлыг олон талаас нь авч үзэхгүй бол болохгүй юм. Ингэж байж бид хуулийн өмнө тэгш байх үндсэн хуулийн өмнө, эрхзүйт төр гэж яриад байдаг зүйлээ гаргахгүй бол болохгүй юм.Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөлд шүүх засаглалтай холбоотой, хууль хяналтын байгууллага улс төрийн нөлөөллөөс ангид байх тухай асуудлыг оруулахгүй бол болохгүй юм.
Хууль зүйн байнгын хороо Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн хүрээнд хуралдаж байна. УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Миний санал Ж.Мөнхбат гишүүнийхтэй ижил байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль процессийн хувьд хэрэгжүүлэхдээ маш сайн зохион байгуулах ёстой. Хуульд орон даяар буюу ард, олон нийтийг өргөнөөр оролцуулна гэсэн зүйл заалт орсон байгаа. Үүнийг хангах тал дээр анхнаасаа тогтоолдоо тодорхой оруулаад явах хэрэгтэй.Зөвхөн нэг шатны нэг хэлэлцүүлэг болоод дуусах биш, орон нутагт шат шатны хэлэлцүүлгээ хэрхэн зохиох вэ? хэзээ болох вэ? тэр нь өөрөө хэдий хэр хэмжээний төсөвтэй байх вэ? гэх мэт зүйлийг эхнээс нь тодорхой оруулаад явах хэрэгтэй байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Зөвлөлдөх санал агуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төслийг дэмжихгүй байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хуулийн төслийг дэмжихгүй байна. Иргэдийн нэрийг барьж, янз бүрийн гоё нэр өгч, ажил арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал энэ удаагийн парламентад халдварлаж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жилд энэ мэт гашуун туршлага бишгүй бий. Ийм замаар яваад бид хаа хүрсэн юм бэ? Юу хожсон гэж? Зүгээр явж буй ажлаа тогтсон жишгийн дагуу явуулах л хэрэгтэй шүү дээ. Засгийн газрын зүгээс уг хуулийн төслийг зүйл заалт бүрийг бусад хуулийн заалтуудтай давхцаж байна гэсэн санал хүргүүлсэн байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг нэг хуулиар зохицуулдаг журамтай нийцэх, хоёрдмол агуулгатай болж байна гэж саналдаа дурджээ. Улс орны эдийн засаг хүнд байна, мөнгөгүй байна, Засгийн газарт асар их ачаа ирж байна гээд байхад Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг цалинжуулна, цалинтай чөлөө олгоно, тендер зарлаж судалгааны байгууллага сонгон шалгаруулна, санал агуулгын төсвийг улсын төсвөөс гаргана гэх зэргээр хөрөнгө, мөнгөтэй холбоотой олон заалт байна. Газар зохион байгуулалтын асуудал бол аймаг, нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал шүү дээ. Онцгой бүрэн эрх гэж хуульд заасан байдаг. Тиймээс аймаг, нийслэлийн ИТХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна. Хот төлөвлөлтийг мэргэжлийн байгууллага хариуцдаг. Хэрэв хүсвэл дурын дарга, албан тушаалтан иргэдийн нэрийг барьж, хот төлөвлөлтийг бусниулах эрсдлийг уг хуулийн төсөл бий болгож байна. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын чадамжийг бууруулж, ИТХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Хуулийн төсөл батлагдвал орон нутагт улстөржилтийг гааруулах болно. Иргэний танхимаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд тийм нөхцөл байдал үүсдэг юм чинь одоо хуульчлаад, төсөв яригдаад ирэхээр асуудал улам хурцдана. Сум, орон нутгийн амьдрал ямар байдгийг хууль санаачлагчид мэдэж байна уу? Гол ноцтой асуудал бол Зөвлөлдөх зөвлөлийг олон улсын байгууллагаас санхүүжнэ гэж байна. Энэ заалт хуулийн төслийн үзэл баримтлалдаа ч байна, хуулийн төслийн заалт ч байна. Ер нь цаашид ч гэсэн иргэний танхимаараа хэлэлцдэгээрээ хэлэлцэг. Бүх зүйлийг хуульчлах гэж оролдох хэрэггүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг одоогийн хууль, журамд заасны дагуу явуулж болох байх. Бусад хууль тогтоомжтой зөрчилдөх, давхцах зүйл олон байгаа учраас уг хуулийн төслийг дэмжих боломжгүй.