УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Төсвийн асуудал дээр маш нухацтай хандаж хурдан шийдэхгүй бол төрийн санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө цаашлаад нийгэм, эдийн засгийн асар олон сөрөг үр дагавруудыг бий болгоно. Төрөөрөө тогловол улс үгүй болно, эхээрээ тогловол элэггүй болно гэдэг шиг төсвөөрөө хэт их цэцэрхэж тоглосон тоглоом ард түмний амьдралаар тоглох тал руугаа орж байна энэ бол тоглоом биш үүний ард төрийн албан хаагчийн цалин, төсөвт байгууллагуудын урсгал зардал, сургууль цэцэрлэгийн санхүүжилт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, төрөөс санхүүждэг дэд бүтэц тог цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо гээд өвлийн хатуу ширүүн улиралтай давхацсан асар олон асуудлууд бий.Үүний цаана аймаг, орон нутгийн амьдрал гэж бий. Улс төрч та бидэнд хувь заяагаа даатгачихсан нүдээ хөхөртөл хараад сууж байгаа ард түмний амьдрал бий.Тоглоом тоотой дээр гэдэг шиг юманд хэмжээтэй байгаач ээ гэж цөөнгүй удаан хэлж байгаа. Засгийн газар буцаагаад дахин өргөн барихдаа хялбаршуулсан горимоор явахгүй бол цаг хугацаа байхгүй тиймээс энэ тогтоол дээрээ тэр үсгийг оруулах хэрэгтэй байна.Төсвөө өргөн барьсан, хэлэлцсэн, баталсан, хориг тавьсан ямар нэгэн төсвийн зарлага зарцуулалт явагдаагүй тэгэхдээ хуулийн хүрээнд явагдсан одоо дахиад эхнээс нь явах бол цаг хугацаа байхгүй хоёрдугаарт тийм шаардлага байхгүй. Төсвөө баталж чадахгүй бол улс орон ямар байдалд орох вэ гэдгээ эргэж нухацтай харж түргэн шуурхай цэгцлэх хэрэгтэй тийм учраас их хурлын дарга энэ тогтоол дээр хялбаршуулсан маягаар түргэн шуурхай өөрчлөлтөө хийж шууд өргөн барих хэмжээнд тогтоолоо албажуулах хэрэгтэй байна.
УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Төсвийн асуудал чухал учраас бодлого хэрэгжүүлэх гол зэвсэг болсон энэ асуудал дээр цаг хугацаа зарцуулж байгаа нь нэг талдаа зөв юм шиг. Нөгөө талдаа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүн болон зарим гишүүдийн хэлж буй асуудал дээр эргэлзэж байна. Хэрэв дэг хэрэггүй байсан бол өмнөх чуулганы хуралдаанаар дэгийн асуудал яригдсан. Ёс зүй дэгийн байнгын хороо, ХЗБХ нийлж байгаад ажлын хэсэг гаргаж, дэг боловсруулна гэж явсан. Тэр үед яагаад горимын санал гараагүй юм бэ гэдэг дээр гайхаж байна. Хайран цаг хугацаа. Яагаад дэг гарах болсон бэ гэхээр. УИХ-ын дэгийн тухай хуулийн 90.8,90.9 үүнийг харахаар эргээд Төсвийн тухай хууль онцгой хууль учраас 36.1.2 УИХ-ын тухай хуулийн энэ заалтаас шалтгаалж УИХ-ын дэгийн тухай хуулийн 16-р зүйлээс шалтгаалж дэг боловсруулагдсан гэж бодсон. Түвшин түвшиндээ хариуцлагтай байх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Гишүүд ирц, байнгын хорооны идэвх,ажлын хэсэг дээр хариуцлагагүй хандаж байна. Өнөөдрийн үр дагавар үүнтэй холбоотой. ХЗБХ,ТБХ хамтраад хуралдлаа. Хугацаан дээр Б.Жавхлан сайдаас санал сонсож,энэ их баримт бичиг хамт явах учраас хугацаа хэрэгтэй гэсэн. Ийм учраас 10 хоног тавьсан. Түүний асуултад Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Засгийн Газар дахин өргөн барих асуудал үүслээ гэхэд үүнийг зохицуулдаг дэг гэж байхгүй. Дэгийн тухай хуулиар 09 сарын 01-нд Засгийн газар өргөн барина эсхүл шинээр өргөн барих хоёр тохиолдол байгаа. Өргөн барьж, хэлэлцсэнээс хойш хориг тавьснаас болж дахин өргөн барих дэгийн зохицуулалт байхгүй. Төсөв өргөн барихад хуулийн бүрдүүлэлттэй процесс энэ дэгээрээ явж байгаад 22 төрлийн жагсаалт бүхий бүрдүүлэлттэй төсвийг өргөн барих хууль нэг л дутуу байвал УИХ хүлээж авахгүй. 12 сардаа төсвөө яаж ийж байгаад батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол 2025 онд үргэлжлээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ буюу 680 мянган төгрөгөөр 220 мянган төрийн албан хаагч цалин авах нь байна.Мөн ипотекийг нь яаж өгөх юм гээд маш олон асуудлууд байна. Үдээс өмнө дэмжээгүй саналаа дахиад хэлэлцэж болно. Бид нарт гарц байгаа. Засгийн газрын санал дээр үндэслэн их хурал хэлэлцэнэ гээд Засгийн газар руу тодорхой үүрэг өгчихсөн байна шүү дээ. Хэрэв танаж, хасах, хэмнэхээсээ айгаад шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол Засгийн газар саналаа бэлдээд оруулж ирээд их хурал дээр байнгын хороогоор дамжаад хэлэлцээд, батлаад явчихъя л даа. Хугацаа зааж байгаа тохиолдолд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа дэгээр явахгүй эсхүл түргэвчилсэн горимоор ч гэдэг юм уу олон процессоор дамжихгүй нэг удаагийн дэгийн зохицуулалт ч юм уу үүнийг гаргаж ирж хийе гэсэн чиглэл байнгын хороонд гаргаж болох уу? Тэгэхгүй бол дэгийн зохицуулалтгүй болгочихоор таг гацчихаад байна.
УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Их хурал хуулиар олгогдсон хоёр эрхээ эдэлсэн. Эхнийх нь нэмэлт өөрчлөлтийн хэлбэрээр дэг оруулж ирж, батлуулаад хэлэлцээд явах байсан. Энэ дэмжигдээгүй.Өнгөрсөн хугацаанд 10 удаа хуульд хориг тавьж байсан. Төсвийн хуульд 6-аад нь хориг тавьсан. Үүнийг Их хурал хүлээж авсны анхны тохиолдол нь 2025 оны төсөв. Өнгөрсөн хугацаанд оруулж ирж байсан төсөвт алдаа дутагдал байсныг энэ парламент няхуур хандаж байна. Засгийн газар үүн дээр анхаарч ажиллах ёстой.Хууль орж ирээд батлуулаад цааш явдаг байсан бол ахиж ингэхгүй юм байна. Дараа нь алдаа гардаг юм байна гэдгийг харлаа. Жишээ нь бид тодорхой болгох асуудал байна. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой хууль хүчингүй болж байгаа юм уу. Хүчин төгөлдөр болоогүй. Тэгсэн хэр нь хүчингүй болоогүй. Их хурал өөрөө үүнийг хүчингүй болгодог эрх зүйн орчин бий. Цаашдаа ийм тодорхойгүй зүйлийг тодорхой болгох шаардлага байна. Орон нутгийн төсөвтэй холбоотой олон асуудал яригдана.Олон аймгаас асууж, тодруулж байна. Дараагийн асуудлаа яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Хурдан, түргэн гээд дахин алдаа гаргах эрх байхгүй. Үүнийг бид алдаа гэхээс илүү сургамж гэж хүлээн авч,2026 оны төсөв хэлэлцэхэд ийм байдалд орохооргүй эрх зүйн орчин бүрдүүлэх, үүргийг энэ парламент хүлээж буйг ойлгох хэрэгтэй.
УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: УИХ хоригийг хүлээж аваад ажиллаад явна гэх юм бол энэ дэгийг хүлээж авах ёстой байсан харамсалтай нь УИХ үүнийг дэмжихгүй ээ гэж байгаа бол Засгийн газар руу буцаагаад ажиллуулахаас аргагүй. Цаг хугацааны хувьд шахаж ажиллахгүй бол орон нутгийн төсвөө хэлэлцэж батлахгүй бол амжихгүй нь тэгэхээр Засгийн газраас аль болох яаралтай өргөн барих юм бол бид нар яаралтай хэлэлцэх бүрэн боломжтой. Сэтгэл нь ханахгүй байгаа юм шиг хандмааргүй байна хэдхэн хоногийн дараа он гарах гэж байна таг зогсож болохгүй. Тиймээс Засгийн газар дахин боловсруулж буцааж оруулж ирэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрлээ.
УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Нэгдүгээрт, УИХ нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн энэ төсөл дээр олон өөрчлөлт хийхээс илүүтэй Засгийн газар өөрөө төсвийн алдагдлыг бууруулах, алдагдалгүй төсөв батлах, сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан зүйлийг сайтар боловсруулж, УИХ дээрээ батлах нь зөв. Учир нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авч байгаа учир тэр шаардлагуудыг зөвшөөрч байна гэж ойлгож болно. Хоёрдугаарт, орон нутгийн төсөвтэй холбоотой зарчмын санал байна. Орон нутгийн төсөв нь улсын төсөв дээр үзүүлж байгаа нөлөөлөл нь маш бага юм билээ. Тиймээс заавал орлого зарлага, төвлөрүүлэх орлого, татаасны хэмжээг өөрчлөх шаардлага байна уу! Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн хоригт байгаа сонгуулийн амлалтаа биелүүлэх гэдэгт ач холбогдол өгөх ёстой. Үүнийг умартсан байна. УИХ нэгэнт хоригийг хүлээн авсан учир энэ зүйлтэй холбогдуулан засан сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Дөрөвдүгээрт, төсвийн байнгын хороо дээр хэлэлцэхээс гадна, мэргэжлийн байнгын хорооны саналыг Засгийн газрын холбогдох гишүүдийг нь байлгаж байгаад авах, төсвийн байнгын хорооны шийдвэртэй уялдуулах хэрэгтэй байна. Учир нь улсын төсөв хэлэлцэх үед мэргэжлийн байнгын хороодын саналыг төсвийн байнгын хороод дээрээ маш сайн нягталж авч үзэх шаардлага байгаа нь анзаарагдсан. Тиймээс нэгэнт хоригийг хүлээн авсан бол ямар нэг асуудал шүүмж дагуулахгүй, ямар нэг цоорхой байхгүй байдлаар төсвийг батлах хариуцлага оногдож байна.