Б.Хэрлэн: Цалин ажлын үр дүн, бүтээмж гэдэгтэй холбогдохгүй болчхоод байна! Цалин хөлсний бодлогыг оновчтой, зөв зохистой болгох ёстой
Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо (2026.09.09)-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: Нэгт, Монгол Улсын төрийн алба нэгдсэн удирдлагатай. Гэтэл өнөөдөр салбар бүрийн цалин хөлс харилцан адилгүй болчихсон. Үүнийг жигдлэх цэгцлэх тухай дээр өнөөдрийн цалин хөлсний бодлого нэлээн чиглэж байгаа байх. Цалин хөлсний тогтолцоонд өнөөдөр 2-3 асуудал үүсчхээд байгаа. Үүний нэг нь цалингийн бүтцийн асуудал болон үндсэн цалин болон хувьсах цалингийн харьцааны асуудал орно. Зарим салбарт хувьсах цалин нь үндсэн цалингаасаа 2-3 дахин их болчихсон байх жишээтэй. Заримд нь 70/30-ийн харьцаатай буюу харилцан адилгүй болчихсон. Энэ бүтцийг оновчтой, зөв зохистой болгох тухай. Нэг үгээр хэлбэл, үндсэн цалин 70%, хувьсах цалин 30% болгох тухайд ямар ахиц гаргаж байна? Хоёрт, Цалин дотор төрийн захиргааны анхан шатын байгууллагын цалин хамгийн бага байна. Төрийн захиргааны төв байгууллагуудын цалин маш өндөр тогтоогдсон учраас анхан шатад ажиллах хүн олдохгүй байна! Төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж байгаа төрийн албан хаагчдын анхан шатны байгууллагын албан хаагчдын цалин хөлсийг нэмэх тухай дээр ямар чигтэй байна вэ? Гуравт, Манай цалин ажлын үр ашиг, үр дүн, бүтээмж гэдэгтэй холбогдохгүй болчхоод байна. Үүн дээр бодлогын ямар өөрчлөлтийг хийж байна вэ? Дөрөвт, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой асууя. Учир нь энэ хуулиар ЭТТ-н хувьцааг хоёрдогч зах зээл дээр шууд борлуулж эхэлнэ. Ингээд төсвийн тухай Төсвийн тодотголын тухай хууль батлагдмагц энэ хууль хүчин төгөлдөр болохоор орж ирж байгаа. Өнөөдөр ЭТТ-н 1072 хувьцааг Монгол Улсын 2500 иргэн эзэмшиж байгаа. Хоёрдогч зах зээлд энэ үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9.19-д анхдагч зах зээлд борлуулахгүйгээр, санал болгохгүйгээр шууд хоёрдогч зах зээл дээр борлуулах эрхийг нь нээнэ гэсэн байгаа. Хоёрдогч зах зээл дээр борлуулангуут хувьцааны үнэ ханш өснө гэсэн нь баталгаатай юу. Үүн дээр олон улсын мэргэжлийн байгууллагуудаас хийсэн нарийн судалгаа байна уу? Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулъя, үйл ажиллагааг нь ил тод болгоё, иргэдийн хяналттай болгоё, хөрөнгийн зах зээлээ тэлье гэсэн засгийн бодлогыг дэмжиж байгаа. Гэхдээ бид нар зарим нэг юмыг тодруулах хэрэгтэй байна. Тавт, Иргэд 1072 хувьцаагаа бүгд л хоёр дахь зах зээлд борлуулах, арилжих эрх нь нээгдээд явчих уу. Зах зээлийн янз янзын манипуляцууд хийгддэг. Түүнээс иргэдийнхээ орлогыг хамгаалах, иргэдийнхээ байгалийн баялгаасаа хүртэх эрхийг нь хамгаалах асуудал СЗХ, ЗГ ямар үүрэг оролцоотой байх юм? Энэ дээр ямар бодлого баримтлах юм. Үүн дээр тодорхой хариулт өгнө үү.