Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.11/ нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: "Хууль батлахаас өмнө асуудлаа шийдэх нь зөв. Цаг үеэ олж энэ асуудалд хандаж байгаа байнгын хороонд талархаж байна. Чинбүрэн даргатай ХСҮТ-ийн хамт олонд Өмнөговь аймгийн ард иргэдийн өмнөөс талархаж байна. Шилдэг, чадварлаг хамт олонтой өнгөрсөн жил 30 хоног говийн алслагдсан баг сумаар явж 4-8 эмч нар хамтран хөдөөгийн иргэдэд үйлчилсэн. Ард иргэдийн сэтгэлд сайшаалтай үйл явдал болсон. Нийт 6000 орчим иргэн хамрагдаж, 10% нь хавдрын шинж илэрч, Улаанбаатар хотод ирж үзүүлж, оношлуулах, дахин арга хэмжээнд хамрагдаж, эмнэлгийн үйлчилгээ бүрэн авсан. Иргэд талархалтай байгаа. Ганц Улаанбаатарт байгаа ХСҮТ-ийн хамт олон бол Монголын 3 сая иргэнд хүрч чадахгүй. Энэ хуулийн онцлог бол эрт илрүүлгийн нэгж байгуулах асуудлыг 21 аймаг 9 дүүрэгт хийхээр төлөвлөж, үүнийгээ төсөв хэлэлцэхээс өмнө хэлэлцүүлж байгаа нь маш үр дүнтэй болно. Цаашлаад багийн эмч нарыг 330 сум дундын эмч нарын ур чадвар, анхан шатанд үйлчилж байгаа эмч нарыг ХСҮТ-ийн эрт илрүүлэх чиглэлээр дахин мэргэшүүлэх, шинээр эмч бэлтгэх тал дээр яам бодлогын хэмжээнд анхаарч ажиллаарай. Алс хөдөө байгаа малчин хавдар туссан эсэхээ ч мэдэхгүй явж байгаад хотод ирнэ гэхээр ганц эмнэлэгт зардал өндөртэй явахын оронд баг, аймаг дээрээ анхан шатанд үзүүлэх, илрүүлэх чиглэлд салбарын яам анхаарч ажиллах шаардлагатай байна. УИХ-ын гишүүдийн хийх зүйл бол 2017 онд Хүнсний тухай хууль өргөн барьсан. Генийн өөрчлөлттэй холбоотой хоол хүнс, байгаль орчны сөрөг нөлөөтэй холбоотой иргэдийн сэтгэл зүй, стресстэйхолбоотой хавдар үүсэж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг нь батлах хэрэгтэй байна. Нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд төсвийн хүрэлцээ муу байна. Амаргүй зүйл их байна. Алтан амиа алдахгүйн тулд өвчтөн эмч дээр ирж байна. анхан шатнаас эхлээд оношилгоо эмчилгээнд хамрагддаг. Анхан шатны эмнэлэг үйлчилгээнд төсөв мөнгийг харамгүй тавих хэрэгтэй байна."
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.11/ нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Өнөөдөр монгол Улсад хорт хавдрын асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж байгаа гишүүдтэйгээ санал нэг байна. Манай улс сүүлийн жилүүдэд элэгний хорт хавдартай амжилттай тэмцэж байна. Засгийн газар, Эрүүл мэндийн яам, УИХ, ХСҮТ-ийн зүгээс маш сайн ажиллаж, арга хэмжээ хэрэгжүүлж байгааг онцлон хэлмээр байна. Бид "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр хэрэгжүүлж 961 мянга гаруй хүнийг хамруулсан. Үүнд 10,6 тэрбум төгрөгийг төсвийн хөрөнгөөс гаргасан. Тиймээс энэ арга хэмжээний үр дүн сайн байгаа. Нийт хорт хавдраар өвчлөгчдийн 75% нь хожуу шатандаа оношлогдож байна. Энэ харамсалтай. Тиймээс эрт илрүүлэх ажлыг сайжуруулахын тулд зөвхөн ЭМД-ын сан, ЭМЯ, ХСҮТ-д даатгах биш асуудлыг шийдэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт суулган гаргаж өгөх нь зөв гэж үзэж байна. Манай улсад хавдрын өвчлөлийн 1-рт эрэмбэлэгдэж байгаа элэгний хорт хавдрын В вирусын 34%, С вирусын 44%-ийн гол шалтгаан эзэлж байна. Элэгний хорт хавдрын гол шалтгааны 80% нь дээрх 2 вирусын шалтгаан байна. Одоо бид нэг зүйлд илү анхаарах ёстой. 2020 оны Улсын төсвийн төсөлд ХСҮТ-ийг дэмжсэн санхүүжилт, эмнэлгийн өргөтгөх, хүчин чадал нэмэгдүүлэх чиглэлээр мөнгө суугаагүй байна. Тиймээс энэ хуультай зэрэгцүүлэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. Өнөөгийн байдлаар Хавдрын эмнэлгээр үйлчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн хүлээлгийн дундаж хугацаа 20-30 хоног, зайлшгүй мэс засалд орох шаардлагатай өвчтөний хүлээлгийн хугацаа 14-30 хоног байна. Мэс заслын нийт 4 өрөөтэй, өдөрт дунджаар 35 өвчтөн эмчлэгдэн гардаг. Энэ нь өдөр өдрөөр өсөн томорч тархах хорт хавдрыг ялан давах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжинд сөргөөр нөлөөлж байна."
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.11/ нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Нийгмийн даатгал нь хорт хавдарын эрт илрүүлэг болон бусад эмчилгээ үйлчилгээнд төлж байгаа төлбөрөөс бусад олон зүйлийг хариуцдаг учраас Улсын төсвөөс гэж оруулахаар болсон. Ингэхдээ 7 төрлийн хавдрыг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх гэдэг утгаар оруулж байна. Хорт хавдрын өнөөгийн илрүүлэлтийн 70 орчим хувь нь 3-4 дүгээр шатандаа илэрч, жилд 4000-5000 иргэн амиа алдаж байгаа учраас хорт хавдар эдгэрдэг өвчин гэж дэлхий дахин үзэж байна. Гол нь эрт илрүүлэх ёстой юм. Бид анх хуулийн төсөлд заавал хамруулах ёстой байсан нь албадлагын шинжтэй байна гэж яригдсан учраас энэ хуульд албадан бус журмаар зохицуулан товлолын дагуу өөрчилж журмын дагуу шийдэхээр болсон. 18-80 хүртэлх бүгдийг албадан хамруулах ёстой ч өнөөгийн нөхцөл байдал, мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар 40 наснаас дээш насныхан бол эрсдэл бүлэгт орж байгаа учраас энэ бүлгийн насныханыг онцлон оруулж байна. Улсын төсвийн ачааллаас хамаарч 2020 оны төсвийн байдлаар 598,6 мянган хүнийг үзлэгт хамруулья. Гэхдээ 23,9 тэрбум төгрөгийг зарцуулна. Ингэхдээ хорт хавдар, сүрьеэ, бэлгийн замын дархлал хомсдол, зүрх судасны өвчний эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэхтэй хамтруулан шийдье гэсэн байдлаар яаравчлан хуулийг батлах ёстой гэсэн байр суурьтай байна."
Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх хуваарьтай байсан ч ажлын хэсгийн хуралдаан болоогүй тул хойшлуулах санал гаргалаа. УИХ-ын гишүүн М.Билэгт: “Өнөөдрийн хурлаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан. Гэсэн ч өглөө ажлын хэсэг 10 цагт хуралдах хуваарьтай байсан хэдий ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Тиймээс хойшлуулж өгнө үү.”
Өнөөдөр /2017.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ. Д.Сарангэрэл: Хорт хавдар санаа зовох түвшинд байгаа гэж хууль санаачлагчийн хэлсэнтэй санал нэг байна. Статистик тоон үзүүлэлтүүд ч гэсэн батална. Хавдрын улмаас нас баралт зүрх судасны өвчний дараа хоёрдугаарт бичигдэж байна. Тиймээс хавдрын асуудлыг онцгойлон анхаарах ёстой. Хавдар судлалын үндэсний төв дээр ходоодны болон бусад хавдрыг эмчилж чадахгүй байгаа гэж О.Баасанхүү гишүүн хэллээ. Ингэж буруу ойлголт өгч болохгүй. Хавдар судлалын үндэсний төв дээр бүх төрлийн хавдрын эмчилгээ, мэс заслыг хийж байгаа. 25 жилийн дараа сүүлийн үеийн компьютер томографын аппарттай болсон. Энэ тоног төхөөрөмж эрт оношилгоог хийхэд чухал ач холбогдолтой. 2-р эмнэлгийн хашаанд баригдаж байгаа Үндэсний эмчилгээ, оношилгооны төв хамгийн сүүлийн үеийн компьютер томографын төхөөрөмж тавигдах гэж байна. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог дотооддоо хийх боломжууд үе шаттайгаар монголд бүрдэж байна. Гадагшаа л явахгүй л бол хорт хавдрыг оношлуулж, эмчлүүлж чадахгүй мэтээр монголынхоо анагаах ухааны дэвшлийн талаар буруу зөрүү ойлголтыг олон нийтэд өгөх нь буруу гэж бодож байна. Нөгөө талаас Д.Дамба-Очир гишүүний санаачилсан хуулийн төслийг ямар утгаар нь дэмжихгүй байна вэ гэвэл одоо үйлчилж байгаа эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох, илрүүлэх бүх боломж нь байгаа. Тиймээс хуулинд өөрчлөлт хийхгүйгээр, тухайн өвчнийг онцлохгүйгээр эрүүл мэндийн даатгалын хуулийн хүрээнд, үндэсний зөвлөлийн түвшинд яриад багцын шийдэл гаргаад шийдвэрлэх бүрэн боломжтой. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд зөвхөн элэгний шинжилгээ хийгээгүй. Хорт хавдрын урьдчилан сэргийлэх шинжилгээг давхар хийгээд явсан. О.Баасанхүү гишүүн уг хөтөлбөрийг ямар ч ач холбогдолгүй, хэдэн компани баяжсан мэтээр тайлбарласан. Тийм зүйл байхгүй. 40-65 насныхан урьдчилан сэргийлэх үзлэгт орсон. Энэ нь 47 хувьтай 350 гаруй хүн орсноос 20 гаруй хүн эмчилгээнд орж, эмний хөнгөлөлтийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан. Энэ хөтөлбөрт 23 тэрбум төгрөг зарцуулсан зүйл байхгүй. 10 гаруй тэрбум төгрөгний түвшинд тооцоо судалгаатай явж байгаа.