Өнөөдөр /2018.05.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Жолоочийн даатгалын тухай хуулийг хэлэлцлээ. Улсын Их Хурлаас 2016 оны долдугаар сарын 21-ний өдөр Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлан гаргахдаа энэ хуулийг дагаж 8 хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталж, хууль тогтоомжийн уялдааг хангах ажлыг хийсэн. Харин Жолоочийн даатгалын тухай хууль дахь холбогдох заалтыг орхигдуулсан тул дээрх Нэр, томьёоны хувьд цэгцлэх шаардлага гарсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Жолоочийн даатгалын асуудлыг оруулж ирснээр ямар ач холбогдолтой вэ?Жолоочийн үнэмлэхний шалгалт өгдөг хууль баталсан. Одоо үүнийг байхгүй болгосон юм байна лээ. Хуулиас илүү тушаал, журам байна. Үүн шиг жолоочийн даатгалын хуулинд ямар нэгэн ашиг сонирхол яваад байна уу? УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Одоо мөрдөгдөж байгаа Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй. Нэр, томьёоны хувьд цэгцэлж байгаа юм.
Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Жолоочийн даатгалын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2018 оны 1 сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Улсын Их Хурлаас 2016 оны долдугаар сарын 21-ний өдөр Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлан гаргахдаа энэ хуулийг дагаж 8 хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталж, хууль тогтоомжийн уялдааг хангах ажлыг хийсэн. Харин Жолоочийн даатгалын тухай хууль дахь холбогдох заалтыг орхигдуулсан тул дээрх төслийг боловсруулсан байна. УИХ-ын гишүүн М.Билэгт: Жолоочийн даатгал албан журмын нэг татвар гэсэн үг. Яагаад гэвэл албан журмаар авдаг жилдээ 500 мянга гаруй жолоочоос 30 тэрбум орчим төгрөгний татвар авдаг. Гэхдээ үр өгөөжгүй байдаг. Засгийн газар жолоочийн даатгалын хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Жишээ нь эрүүл мэндийн даатгал төлснийхөө төлөө бид эрхээ эдэлж чаддаг. Харин жолоочийн даатгал дээр энэ харагдахгүй байна. Жолооч нар жижиг зөрчил гаргахад хүндрэл их байдаг. Даатгалд хамрагдсан бол үр дүнг нь амсах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Өнөөдрийн хуулийн нэмэлт бол хуулийн хийдэл,давхардсан асуудлыг шийдэх зорилготой. Гэхдээ М.Билэгт гишүүний саналтай нэг байна. Жолооч нар даатгалынхаа үр дүнг амсаж чадахгүй байгаа. Жолоочийн даатгал хариуцсан компаниуд хариуцлагатай ажиллах ёстой. Даатгалтай холбоотой асуудлаар хуулийн өөрчлөлт хийх хэрэгтэй гэж харж байгаа.