Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн зарим байгууллагын албан тушаалтны ангилал зэрэглэлийг тогтоох тухай" тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн яамны ажилтны тоонд биш чанарт илүү анхаарах шаардлагатай байгааг санууллаа. Ц.Даваасүрэн: Төрийн албаны орон тоо данхайсан гээд байгаа нь хоёр талтай. Хүнд зориулсан хэрэггүй орон тоонууд их бий болгосон. Жишээлбэл, дэд бүтцийн яам 4 яам болоод, цаашаа салбарлаад явсан. Агентлагууд мөн байна. Үнэн чанартаа байх ёстой яамд, агентлагууд нь ажлаа шаардлагатай, чадвартай гүйцэтгэх орон тоогүй байгаа. Сангийн яам гэхэд бусад оронд 700 гаруй хүнтэй. Манайд 100 гаруй байгаа. БСШУСЯ-нд Бодлогын газар нь 5-хан хүнтэй. 1990-ээд онд ардчиллын замаар явахдаа томоохон капиталист орнуудын явуулдаг бодлогод бид өртсөн. Ядуу буурай орон боловсролыгүй, чадваргүй боловсон хүчтэй байвал сул төртэй байна. Сул төртэй байвал хулгай хийж, юмыг нь авахад хялбар. Энэ бодлогод бид автсан. Яамны хүний тоог цөөлөх биш, байх ёстой хүн нь л ажлаа хийж чаддаг байх ёстой. Одоогийн яамны ажилтан гүйцэтгэх ажил хийгээд л өнгөрч байна. Бодлого хийхгүй байна. 30-аад жил ажилласан хүний хувьд энэ ялгааг хардаг. Бодлого гаргадаг үндэсний хөгжлийн газар 500-гаад хүнтэй байсан бол одоо байхгүй. Дур дураараа төлөвлөлт хийгээд сууж байна. Хэтэрхий популизм хийгээд яамны хүний тоогоо цөөлөөд байвал бодлого гарахгүй. Бодлого гарахгүй бол төр суларна. Сул төртэй бол хөгжихгүй. 20-иод жилийн хугацаанд чадваргүй боловсон хүчнүүдийг яаманд их шахсан байна. Тэдний дархлаа болж хувирах гэж байгаа нь аймшигтай зүйл. Одоо цаашдаа сонгон шалгаруулахдаа мэргэжлийн ур чадварыг л хамгийн сайн харах хэрэгтэй. Төр дархлаатай болох ёстой. Гэхдээ чадваргүй хүний дархлаа болж болохгүй. С.Бямбацогт: Хууль батлагдсантай холбогдуулаад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болж байна. ТНБД, агентлагийн дарга нараас эхэлж байгаа ангилал, зэрэглэлийг хэрхэн яаж тогтоох вэ гэдэг дээр өөрчлөлт оруулсан. 2010 онд өөрчлөлт оруулснаас хойш 9 жил өөрчлөгдөөгүй. Энэ хугацаанд хуулиудын өөрчлөлтэйгөөр холбоотойгоор зайлшгүй хасагдах ёстой ангилал, зэрэглэл орж ирсэн. Үүнийг нь хасах шаардлага гарсан. Шинээр мөн нэмэгдүүлэх шаардлагатай ангилал, зэрэглэл гарч ирсэн. Энэ болгоныг харгалзан үзээд ажлын хэсэгтээ ярьж байгаад оруулж ирж байна. Том хөдөлгөөн бага орсон. Цаашдаа анхаарах ёстой асуудлууд байгаа. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын 2030”-ыг 2015 онд УИХ баталсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төрийн бодлогыг тодорхойлсон. Энэ бодлогодоо нийцүүлж, улс төрийн намууд сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газар нь ч энэ бодлогод нийцүүлж дунд хугацааны бодлогын баримт бичгүүдээ боловсруулж, хэрэгжүүлдэг байх зорилтуудыг тусгасан.
УИХ-ын чуулганаар Төрийн зарим байгууллагын албан тушаал, зэрэг дэв тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төсөлтэй холбоотой асуулт асуулаа Төрийн албан хаагчдын зэрэг дэвтэй холбоотойгоор цалинд хэрхэн өөрчлөлт ордог юм бол? Би буруу санаагүй бол төсвөөс 2,5 их наяд төгрөг зөвхөн төрийн албан хаагчдын цалинд тавьсан нь санагдаж байна. ? Түүний асуултад УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч С.Бямбацогт хариуллаа Ангилал зэрэглэл тогтоосноор тодорхой цалингийн нэмэгдлүүд байгаа. Тэргүүн гэдэг цолтой бол 35 хувийн нэмэгдэл, туслах түшмэл 15 хувь гэж байгаа. Цалингийн зэрэг дэвтэй холбоотойг нэмэгдэл нь жилийн дүнгээр 1.9 тэрбум төгрөг болж байгаа юм байна лээ.
УИХ-ын чуулганаар Төрийн зарим байгууллагын албан тушаал, зэрэг дэв тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үер УИХ-ын гишүүн М.Билэгт төсөл санаачлагчдаас зарим асуудлыг тодруулан асуусан юм. "Энд АТГ алга байна. Хамгийн гол нь хууль хяналтын байгууллага зөв бүтэцтэй, хүний нөөцөд тавих шаардлага өндөр байж байж шударга байх гээд байна. Ж.Ганбаатар Монголын төр данхар болж гэж хэлж байна. Ц.Даваасүрэн Монголын төр хүний нөөцийн бодлогоо алдсан байна гэж хэлж байна. Энэ үнэхээр үнэн. Тэгэхээр олон улсын жишиг рүүгээ явах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй улсад 100 иргэн тутамд 1 төрийн албан хаагч оногдож байна. Гэтэл манай улсад өлгийтэй хүүхдээ оруулаад 13 хүнд нэг төрийн албан хаагч оногдож байна. Тэгсэн хэрнээ үйлчилгээ, харилцаа муу байна" Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.