УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сонгуулийн болон олонх болсон засгийн газрын мөрийн хөтөлбөрт Газрын тосны үйлдвэр байгуулж,нефть бүтээгдэхүүний импортыг зогсооно гэсэн зорилт орсон. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа УУХҮЯ хангалттай ажиллаж чадахгүй байгаа. Баруун болон Зүүн бүсэд бага оврын газрын тосны үйлдвэр байгуулна гэсэн хийгдсэн ажил алга. Дорноговиос Баян-Өлгий, Увс уруу бензин тээвэрлэнэ гэж байхгүй, харин бага оврын газрын тосны үйлдвэр байгуулснаар алслагдсан аймгийн иргэд Улаанбаатрын ханштай адил бензин хэрэглэх боломж бүрдэнэ. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа стандартын шаардлага хангасан хөрөнгө оруулагчдаа дэмжиж татвар авахаа зогсоож, харин хуурамч шатахуун оруулж ирж байгаа газраас татвар авахаар хуулийн зохицуулалт оруулж ирнэ гэсэн, хэвээрээ байгаа юу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: ШӨХТГ-аас түлшний чанарын хувьд хуурамч биш, асуудалгүй, хадгалдаг сав, горим нь алдагдаад, техникийн бохирдол үүссэн байна гэсэн мэдэгдэл хэд хоногийн өмнө хийгээд байсан нь ямар учиртай вэ? Хуурамч түлш гэж яриад байгаа нь иргэдэд буруу ойлголт өгөөд байна. Газрын тосны үйлдвэртэй болох гэж байна. Тодорхой хэмжээгээр дайвар бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирнэ. Тэгэхээр татвар нэмснээр өөрийн үйлдвэрийн өртөгийг нэмчих юм биш үү? Муу чанартай түлш байгаа юм бол үүн дээр татвар нэмээд, хэрэглээг нь дэмжээд, муу чанартай бинзен, түлш байна. Гэхдээ татвараа төлж байж болно гээд үндсэндээ хуульчилж байгаа юм биш үү? Эсрэгээр үйлдвэрлэж байгаа газруудыг шалгаад, стандартын дагуу явуулдаг болгоод болохгүй байгаа үйлдвэрүүдийг зогсоох ёстой. Татвараар асуудлыг хаачихаар хэрэглэгчдийн хохирч байгаа нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Харин ч шатахууны үнэ нэмэгдэнэ. Дээрээс нь шинээр татвар нэмэгдүүлвэл бүр илүү үнэ нь нэмэгдэнэ. Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Х Дайвар бүтээгдэхүүн гаднаас оруулж ирж,эцсийн бүтээгдэхүүнтэй хольж чанарын шаардлага хангахгүй шатахуун гаргаж байна. Энэ нь эдийн засагт хохирол учруулж байна. Иргэд унаа машинаараа хохирохоос гадна эдийн засгийн гол тулгуур уул уурхайн үйлдвэрт өндөр өртөгтэй техник хэрэгсэл ажиллаж байна. Өнөөдөр ямар хэмжээний хохирол гарсан бэ? Тодорхой мэдээлэл байна уу? Ийм байдалд оруулахаас хамгаалах ёстой албан тушаалтнууд ямар хариуцлага хүлээсэн бэ? Хариуцлагын тогтолцоо байхгүй учраас асуудал их гарч байна. Энэ хуулийг дэмжиж байгаа гол нь хариуцлага алдаж байгаа хүмүүст ямар хариуцлага ногдуулах вэ? Түүний асуултад салбарын мэргэжилтнүүд хариулт өглөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Энэ асуудлыг Байнгын хороо дээр нилээд нухацтай ярилцсан юм. Би нэг зүйл дээр гайхаж байна. Хуурамч шатахуун Монгол улсад ихээр борлуулагдаад байна. ААН-үүд, иргэд их хэмжээгээр хохирч байна гэдэг нь лаборторийн дүгнэлтээр нотлогдоод байхад яагаад энэ холбогдох газрууд хуруугаа ч хөдөлгөхгүй байгаад гайхаж байна. Үүгээр маш их эдийн засгийн хохирол амссан байна. Тэгэхээр өнгөрсөн жил миний таньдаг хүмүүс машин эвдэрлээ, хуурамч шатахуунаас болоод эвдэрлээ гээд бөөн бухамдал болсон. Бизнесийн шударга бус өрсөлдөөнийг бий болгож байна. Тиймээс бид аргаа барсан аргаар онцгой татварыг нэмэгдүүлж, ижил гарааны болгох гэж ярьж байгаа юм. Уул уурхайн сайдаас асууя. Өмнө нь танай газрын дарга хариулсан байгаа. Тусгай лаборториуд хуурамч шатахуун мөн гэдгийг олон удаа нотлоод байхад үүн дээр Уул, уурхайн яам ямар нэгэн арга хэмжээ авах гэж оролдсон уу? Танай газрын дарга Байнгын хороо дээр юу гэж хэлээд гишүүдийг уурлуулсан бэ гэхээр: манайд Мэргэжлийн хяналтаас гомдол ирэхгүй бидэнд наадах чинь хамаагүй. Тэгж байж тусгай зөвшөөрөл хүчингүй болгодог гэж хэлээд амыг нь таглаад байгаа юм. Уул, уурхайн яам энэ чиглэлээр ажилласан уу? Мэргэжлийн хяналтаас би албан ёсоор тайлбар авна. Ийм завхрал улс оронд гараад байхад, өчнөөн тэрбумын борлуулалт хийгээд байхад, төрийн байгууллага нь хянаж, зөвшөөрөл олгож, иргэдийн эрх ашгийг хамгаалах газар нь таг дуугуй байгаад гайхаж байна. Үүн дээр хариулт авъя. Түүний асуултад Уул, Уурхай Хүнд Үйлдвэрийн сайд Г.Ёндон сайд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хуурамч шатахуун, түүний түүхий эд болж байгаа бүтээгдэхүүнийг онцгой татвартай болгож, хуурамч шатахуун хийхийг дэмжихгүй байгаа. Керосиныг онцгой татварт оруулах юм байна. Онгоцонд ашигладаг энэ бүтээгдэхүүнийг онцгой татварт оруулахаар алслагдсан аймгуудын нислэгийн үнэ төлбөр өснө. Дорноговьд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. Эндээс алслагдсан аймгуудад шатахуун тээвэрлэж очиход 2-3 хувь өснө. Иймд алслагдсан аймгуудад бага оврын газрын тосны үйлдвэртэй болъё гэж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ? хэрвээ бага оврын үйлдвэр байгуулсан ч онцгой албан татварт оруулбал үнэ өснө, үүн дээр ямар бодлого баримталж ажиллах вэ? Дорноговиос Баян-Өлгий, Увс, Ховдод хэзээ ч бензин шатахуун тээвэрлэж очихгүй. Энэ аймгуудад өндөр өртөгтэй бензин шатахуун одоо ч хэрэглэж байна, цаашдаа ч хэрэглэнэ. Тэгэхээр энэ асуудлыг бид шийдэх гээд байгаа юм. Түүний асуултад салбарын мэргэжилтнүүд хариулт өглөө.