УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.15/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Энэ удаагийн төсвийн тодотголыг тоймлоод харахаар цалин тэтгэврийг нэмж байгааг ард түмэн талархан хүлээн авч таарна. Энэ процессын цаана 1,8 их наяд гэдэг түр зуурын орлого дээр тулгуурласан мөнгөн тооцооллыг эрсдэл бүхий жил бүхэн гарах зардал нөгөө талд нь нэмэгдэж байгаа. Үүний цаана дахиад л төсвийн томролт явдаг. Тодорхой хэмжээг нь “халамжаас хөдөлмөрт гэдэг” бодлого руугаа яагаад тавьж болоогүй юм бэ? Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.15/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Төсвийн талаар хэд хэдэн асуулт асууя. Ялангуяа 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд батлагдсан Их Хурлын тогтоол бий. Иргэдтэйгээ уулзахад зурагтаар эдийн засаг өсөж байна. Нүүрс их гарч байна, доллар их орж байна гээд сайхан зүйл ярих юм аа гэсэн. Гэвч ард иргэдийн хөргөгч хоосон, өр зээлэндээ баригдаж байна гэж ярьж байгаа юм. ЗГ-аас мах, гурилын үнийг тогтворжуулна гэсэн хууль гараад хөнгөлөлттэй дэмжлэг, зээл үзүүлээд байхад яагаад үнэ өсөөд байгаа вэ? Энэ хууль хэр үн дүнтэй болсон бэ? Үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар аудитын дүгнэлт гарсан уу? Үнийн өсөлтийг хязгаарлахад нийт хэд хэмжээний зээл, дэмжлэг үзүүлсэн бэ? Түүхий нефтийн үнэ 40 гаруй хувиар буураад байхад шатахууны үнэ яагаад нэг ч төгрөгөөр буурахгүй байна вэ гэж иргэдийн зүгээс асуусан. 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд батлагдсан хуулийн хэрэгжилтийн тайлан гарсан уу? Би үндэсний статистикийн хорооны мэдээллийг авсан. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт маш хурдацтай буурч байна. 2000 онд 60,9% байсан бол 2022 онд 48% руу буурчихсан. Эмэгтэйчүүдийг бид яагаад дэмжих ёстой юм бэ гээд гадуур яриад байна. Гэтэл эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 618 сая төгрөг төсөвлөсөн байгаа юм. Ийм байхаар яаж эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нэмэгдэх юм бэ? Эмэгтэйчүүдийн бизнест олгосон ЖДҮ-ийн зээл 9,7 тэрбум төгрөг. Арай доромжилж байгаа юм шүү! 9,7 тэрбум төгрөг чинь нэг авлигачийн гэрээс гарч байгаа шүү дээ. Хөгжлийн банк дээр эрэгтэй улс төрчид чинь 50, 60, 100 тэрбумаар нь зээл аваад байхад эмэгтэй бизнес эрхлэгчдэд 9,7-хон тэрбум төгрөг байна. 2023, 2024 онд эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжих ЖДҮ-д хэдэн төгрөг тавьсан юм бэ? Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023.06.15/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Г.Ганболд: Төрийн хэмнэлтийн тухай хууль үр дүнгээ өгсөн гэж Сангийн сайд хэлж байна. Орон нутагт сайн хэрэгжиж байна гэжээ. Гэтэл нөгөө талаас орон нутгийн төрийн байгууллагуудад дарамт болж байна. Том газар нутагтай хэдэн аймаг, сумдуудад унаагүй дарга нар байна. Энэ агуулгаар хөндөгдсөн заалт учраас аймгийн Засаг даргын орлогч, сумдын ИТХ-ын дарга нарын унааны асуудлыг хуулийн заалтаар шийдээд өгчих боломж байхгүй юм уу? Албан тушаал, албан хэрэгцээний автомашин гэдгээ зааглаад өгөх хэрэгтэй. Тэр хүмүүсийн автомашин тэднийх биш албан хэрэгцээний автомашин шүү дээ. Тэрийг нь хуулиараа зөвшөөрөөд өгчих боломж байхгүй юм уу? Хоёрдугаарт худалдан авахын хуультай холбоотой энэ заалтаар зөвхөн Засгийн газар төрийн болон төрийн өмчийн хуулийн оролцоотой этгээдийн үйл ажиллагааны тодорхой чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний худалдан авалт хийхэд энэ хууль үйлчлэхгүй гэж байна. Тэгэхээр үүн дээр тусгай журам гарах юм уу? Эсвэл ийм чиглэлийн үйл ажиллагааг шууд худалдан авалтаар явна гэж ойлгох уу? Үүн дээр хариулт авмаар байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд жижиг худалдан авалтууд тэр дундаа орон нутгийн иргэдийн оролцоон дээр тулгуурласан 20 сая төгрөгийн шууд гэрээгээр орон нутгийн иргэдээр гүйцэтгүүлдэг энэ ажлын төсөвт өртгийг жаахан нэмэгдүүлээд 50, 60 сая төгрөг болгох боломж байгаа юу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023.06.15/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Технологийн хөгжил, нийгмийн хэрэгцээ цаг үеэ дагаад зайлшгүй өөрчлөлт хийгдэх ёстой хууль гэж үзэж байна. Монгол шиг том газар нутагтай, нягтрал сийрэг улс оронд иргэдийг харилцаа холбоогоор тогтвортой хангах, гамшиг эрсдэлийн үед найдвартай хангах нь төрийн хэрэг. Одоогийн нөхцөл байдалд олон суманд сүлжээгүй байна. Жишээ нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт баргиадад хөөцөлдөж байгаад сүлжээтэй болгосон. Нэг хүн араас нь явах биш төр бодлогоороо сүлжээгүй олон сумдыг сүлжээтэй, интернэттэй болгох тал дээр ЦХХХ-ны яам ямар бодлого барьж байна. Нам орбитерийн хиймэл дагуулын үйлчилгээг яаж дэмжих гэж байна. Сүүлийн үеийн өндөр технологийн хэрэглээг ямар бодлогоор, яаж хэрэгжүүлэх вэ. Бүх нийтийн үйлчилгээний, үүргийн сангийн зардлаар алслагдсан сумдын ард, иргэдийг холбоожуулах зорилготой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ сангийн үйл ажиллагаа, зориулалт хэвээрээ байгаа юу. 100-200 хүнтэй багийн иргэдийг холбоожуулахад багагүй зардал гарч, цаашдаа алдагдалтай ажиллахаар харагдаж байгаа. Үүнийг цаашдаа яах бодолтой байна. Малчдад мэдээлэл хүргэж, интернэттэй болгох шаардлага бий. үүнийг хэрхэн ажил үүрэг болгох гэж байгаа вэ. Түүний асуултад ЦХХХ-ны сайд Н.Учрал хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023.06.15/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Дэмжиж байна. Басхүү баяртай байна. Төрийн албаны цалин мөн тэтгэврийн асуудал түүн дотроо тэтгэврийн зөрүүний асуудал шийдэгдэж буйд баяртай байна. 2020-2022 он цар тахлын жил байсан. Болохгүй асуудлуудтай тэмцсэн Засгийн газрын тэмцлийн үр дүн 6 сарын дараа ийн биеллээ оллоо. Төсөв анх удаа 1,2 их наядаар давж, үүгээрээ асуудлыг шийдвэрлэж байгаа нь туйлын зөв алхам хэмээн харж байна. Төсвийн тодотголын бололцоог, магадгүй УИХ-аар баталсан уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт явснаар өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүргэлээ гэж харж байна. Тус хуультай холбогдуулан надад хоёр асуулт байна. Нүүрсний тээврийн асуудлыг гацсан, гацаагүй гэхчлэн олон янзаар цахим сүлжээнд яригдаж байна. Монгол Улсаас экспортолж буй нүүрсний урсгал өнөөдөр ямар байдалтай байна вэ? Ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэ хууль бүрэн хэрэгжиж эхэлнэ. Ганц нүүрс бус бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалах тухай асуудал давхар яригдаж байна. Үүний бэлтгэл ажил ямар түвшинд явж байна. Мөн уул, уурхайн биржийн тухай хууль амьдралтай хэрхэн нийцэж байна вэ? Цалин тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой энэ удаагийн нэмэгдэл нь цалингийн болон тэтгэврийн зөрүүг арилгасан суурь шинэчлэл юм. Мөн удахгүй 2023 онд цалинг дахин нэмнэ. Ингэхдээ жигд нэмнэ гэсэн зүйл яригдаад байна. Дараагийн цалингийн нэмэгдлийн хүрээнд 2023 онд төлөвлөж буй ямар зүйлс байна. Энэ удаагийн төсвийн тодотгол дээр орж ирсэн зүйл байна уу? Төсвийн тодотголыг дагаж орж ирж байгаа 7 хууль, тэр дундаа хэмнэлтийг тухай хууль. Тус хуулийг агуулгынх нь хувь дэмжиж байна. 1 их наяд төгрөгийн хэмнэлтийг Монгол Улсын төсөвт үзүүлж байна. Энэ бол том тоо шүү. Хэмнэлтийн тухай хуулийн зарим нэг зүйл заалт дээр нь улс орны эдийн засаг нааштай болж байгаа энэ үед жаахан сулруулах зохицуулалтууд хийгдэх тухай яригдаж байна. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зургаагийн тав дээр зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гээд заахаар аймгуудын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа болдоггүй. Энэ талаар Ж.Чинбүрэн гишүүн сайн ч ярьдаг. Орон нутагт ч ажиллах үеэр энэ асуудал яригддаг. Түүний асуултад, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга М.Санжаадорж хариуллаа.