УИХ-ын чуулганы /2025.11.28/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн талаар дурдмаар байна. Төрийн хэмнэлтийн хууль үйлчилж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ үйлчлээгүй мэт байна. Зарим газруудад бүүр гаарч байна. Тухайлбал ТӨК. Өнөөдөр бид нар ТӨК-удыг төр биш олон нийт хянадаг болсон тогтолцоо дэлхий даяараа шилжчихээд байгаа юм. Гэтэл төр хянах гэж хичээсээр л байгаа. ЗГ-аас орж ирсэн 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай дотор ч гэсэн 7.3 3.5 дээр төрийн өмч болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгийн өгөөж, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгийн өгөөж үр ашигтай ажиллуулна гэдэг л нэр томьёолол байгаад байгаа. Бид 5 жилийн үндсэн чиглэл батлах төлөвлөгөө дотроо экспертүүдийг давсан мэдэмхийрлийг хиймээргүй байна. Энэ нь өөрөө холион бантан хутгаад байна. Тойрогтой гэдгийг ойлгож байгаа. Би ч гэсэн тойргоос сонгогдсон гишүүн. Гэхдээ 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө зөв батлаад явж чадвал ядаж нэг юман дээр ч гэсэн үр дүн гаргана. Энэ нь улс эх орны хөгжилд ч хэрэгтэй. Хөгжүүлнэ гэхээс илүүтэй хулгайтайгаа тэмцвэл хөгжлийн чиг горим зөв болох гээд байна. Би яагаад ТӨК-удтай холбоотой асуудлуудыг дурдаад байна гэхээр зорилго үзүүлэлтийн тодорхой бус байдал ТӨК-уд дээр замаа алдчихсан. Ямар ч ангилал байхгүй. Аль нь ашгийн төлөө юм, аль нь нийгмийн үйлчилгээний үзүүлэлт үзүүлэх компани юм гэх мэт. Авлигын шинж чанартай маш олон зүйлүүд ТӨК-уд дээр гарч ирсэн. ЗГ дээр ЗГХЭГ-аас хяналт шалгалтын ажлын хэсэг гараад тодорхой хэмжээний дүгнэлтүүд гарчихсан байх шиг байна. С.Бямбацогт сайдаас тодорхой материалуудыг өгөөч гэж хүслээ. Өнөөдөр ТӨК-уд хөгжинө гэж ярихаас илүүтэй ТӨК-удын хулгайтай тэмцэнэ гээд 5 жилийн төлөвлөгөө дотроо оруулчихвал нийцэх гээд байна шүү. Ний нуугүй хэлэхэд. ТӨК гэдэг бол хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг сонирхлоо нийцүүлдэг ийм байгууллага болж хувирсан байна. Сонгуульд үйлчилдэг санхүүг нь бүрдүүлдэг байгууллага болж хувирсан байна. Алдагдалтай ажилласан компанийн захирлуудыг шагнаж урамшуулдаг болсон байна. Ийм байж болохгүй. Тэгэхээр бид 5 жилийн төлөвлөгөө дээрээ маш зөв зүйтэй саналыг экспертүүд ялангуяа ажилласан ажлын хэсгийн дүгнэлтээр авч үзээсэй гэж УИХ-ын гишүүддээ уриалмаар байна.
УИХ-ын чуулганы /2025.11.28/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:Залуу гишүүд өдөр шөнөгүй л ажиллаж байх шиг байсан. Тэгээд манай шинэ залуучууд өөрсдийнхөө хүсэлтээр би энэ ажлын хэсэгт орж ажиллая, энэ хөгжлийн төлөвлөгөөг зөв болгоё, зөв хэмждэг байя төсөв биш хөгжлийн үнэхээрийн жинхэнэ төлөвлөгөө байхад нь анхааръя гээд ажиллаад 135 зарчмын зөрөөтэй санал гаргаад ажиллахад, ажлын хэсгийн 8 санал нь дэмжигдээд бусад нь уначихсан. Гишүүдийн 7 гишүүн бас санал гаргасан юм байна. Мэргэжлийн байнгын хороон дээр дэмжигдээгүй ч саналууд байна. Үүнийг нь Эдийн засгийн байнгын хороо дэмжээд 15 дэмжсэн саналтай бусад саналууд нь бүгдээрээ унасан. Ийм асуудлыг оруулж ирж байгаа нь энэ. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд хэрхэн яаж, асуудалд хандаж байна вэ гэдэгт маш том асуултын тэмдэг тавихуйц ажил болчихлоо. Бидэнд ямар гарц байна вэ гэхлээр байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихгүй байж, ажлын хэсгийн оруулж ирсэн саналуудыг босгож ирэх буюу Н.Учрал дарга уншиж, ирцдээ орсон хүмүүс гарч болж байна, эсвэл ухамсарт үйлдлээр улаан кнопоо дарж болж байна. Ямар ч байсан энэ залуучуудын ажилласан ажлыг нэг ажил хэрэг болгохгүй л бол болохгүй нь. Энэ төлөвлөгөөг төсөвтөө андуурч байна гэж Г.Тэмүүлэн ажлын хэсгийн дарга сая хэллээ. Үнэн, нэг жилийн төлөвлөгөөг хүртэл төсөв мэт аашилдаг. Үндсэндээ нэг жилийн төлөвлөгөөг хүртэл баталдгаа больё гэдэг ийм саналыг хэлээд байгаа юм. Дунд хугацааны төлөвлөгөө гаргаад түүндээ нийцсэн жилийн төсөвлөлтөө хийгээд явбал илүү зохино. Ингэхгүй бол нэг жилийн төлөвлөгөө гэж 2026 оны төлөвлөгөөндөө огт нийцээгүй улсын төсвийг бид баталсан. Хэмнэлтийн тухай хуулийг огт мөрдөөгүй зөрчсөн төсөв баталсан.Хуулийг анхан шатдаа аймаг, сум орон нутагтаа их л хатуу шаардаад байдаг. Гэтэл гишүүд болоод ЗГ өөрсдөө энэ хэмнэлтийн хуулиа огт мөрддөггүй ийм учраас энэ хэмнэлтийн тухай хуулиа эргэн харж бүүр болохгүй бол цуцлаад, зөв голдиролд нь оруулаач гэдэг асуудлыг хүсмээр байна.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаан 12 цаг 14 минутад гишүүдийн 55.2 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал дэвшүүллээ.УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:Сайд нар нь байхгүй, холбогдох яамд, хэлтсийн мэргэжилтгүүд ирчихээр санаа зовох юм. Ажлыг нь хийлгэхгүй байнга энд мэдээлэл аваад суулгаад байх. Хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. УИХ-ын гишүүдээс бүрдсэн Г.Тэмүүлэн гишүүний ахалсан Ажлын хэсэг үүсчихсэн. Үүнд гишүүд найдаад, асуудал цалгардах маягтай болчихов уу даа гэж хувь хүний хувьд ажиглаж байна. Чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлэх үеэр Засгийн газар өөрсдөө сайн ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс дэмжээгүй санал өгсөн юм. Тэгтэл нэгэнт ажлын хэсэг үүсээд, намынхаа зөвлөлөөс хүмүүс орчихсон өнөөдөр хуралдахаар байна. Олон саналууд гарна. Харамсалтай нь үг үсгийн алдаа засаад сууж байгаа нь гишүүдийн ажил мөн ч юмуу биш ч юмуу! Төсөвтэй холбогдуулан тодорхой саналууд хэлэхэд 7.4.3 дээрх Аудитын шийдвэр хэрэгжилтийг сайжруулна гэдэг хэсэг маш чухал. Аудитын тайланг хараад гишүүд асуулт асуудаг болж байна. Аудит нь тайлангаа сайжруулах ёстой, тоо баримтуудаа дахин нягталж ирэх ёстой гэдгийг хэлчихээд байхад ЗГ, УИХ-д оруулж ирэхдээ сайжруулдаггүй нь Монгол Улсад цаг хугацаа алдсан алдаа дутагдлыг бий болгодог.Энд ерөнхий байдлаар орчихоод байна. 5 жилийн төлөвлөгөөний хувьд жил тутам нарийвчилна гэсэн байдалтай байгаа байх. Гэхдээ ийн ерөнхий байдлаар оруулчихаар баримт бичгийн ач холбогдлыг сулруулчихаад байна гэсэн зовнил байна.Гурван гол саналаа хэлье.Төсвийн зардлын зарцуулалтад гарч буй зөрчлүүдийг арилгах зорилго нэммээр байна. Зөвхөн Аудитын тайлангаар хязгаарлагдах бус Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланд гарсан зөрчлүүдийг анхаардаг баймааар байна,Нийслэлийн болон орон нутгийн төсвийн зарцуулалтад хяналт тавьдаг баймаар байна,Нийслэлийн төсвийн зарцуулалтыг ил тод байлгадаг баймаар байна. Тэнд нэг хэсэг мөнгө хараа хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдах явдал газар авчихлаа шүү. Энэ төрлийн зорилгууд ороогүй байна.
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2025.11.19) хуралдаж, Засгийн газраас өнгөрөгч сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуув.УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: 5 жилийн төлөвлөлтөө маш сайн хийх хэрэгтэй. Эндээсээ жилийнхээ төлөвлөлтийг маш сайн хийж чадвал макро түвшинд ч тэр, салбарын түвшинд ч тэр яриад байгаа асуудлууд бүрэн тодорхой болоод, хаа хаанаа их хялбар болох юм. Их хуралд орж ирээд 1 жил болоход ойлгомжгүй зүйл байсаар байсан нь төлөвлөлтүүдийн мэдээллийг сайн олж харж чадаагүйд байв. Өнөөдөр шинэ төлөвлөлт орж ирж байгаад их олзуурхаж байна. Хэд хэдэн асуулт байна. Хэмжиж чадахгүй бол төлөвлөж чадахгүй, төлөвлөж чадахгүй бол хэрэгжүүлж чадахгүй. Тэгэхээр хэмжих тэр шалгуур үзүүлэлтүүдийг л маш сайн гаргах хэрэгтэй. Үүнийг л бодит байдлаа эгцэлж харсан байдлаар гаргах ёстой. Мөн ойлгомжтой, тодорхой байх ёстой юм. 2026, 2027 оны хөгжлийн төлөвлөгөө одоогийн төвлөрч буй 5 жилийн төлөвлөгөөг хийснээр их тодорхой болно. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд хэд хэдэн асуудал туссан байсан. Тухайлбал, сургуулийн хүртээмжийн тал дээр 45 сургууль, 45 цэцэрлэг шинээр барихаар туссан ч улсын төсөвт ердөө 2 сургууль, 3 цэцэрлэг орж ирж байгаа юм. Энэ ямар учиртай вэ? Хөгжлийн төлөвлөгөө гаргаж байгаагийн хэрэг байна уу?Бид хойшид зарчим барих ёстой. Хөгжлийн төлөвлөгөөнд ороогүй зүйлсийг төсөвт тусгахгүй гэдэг зарчмаа барих хэрэгтэй. Ажлын хэсгүүд үүнтэй холбоотойгоор байгуулагдаж байна. Ялангуяа боловсролын салбарынхаа шалгуур үзүүлэлтүүдийг гаргахад нэлээн ажиллана гэж бодож байна. Бид зарчим сайн барих ёстой л доо. Эхлээд салбарынхаа асуудлыг сайн эрэмбэлье! Боловсролын салбарт ямар эрэмбүүдийг хийж байгааг П.Наранбаяр сайдаас асууя. Сайн төлөвлөлт, суурь түвшингүүдийг бодитой гаргая. Миний хувьд зарчмын зөрүүтэй 5 санал гаргасан. Суурь түвшин нь ямар ч тооцоололгүй, бодит байдалтай нийцэхгүй, худал тоонууд явсан. Хүрэх үр дүн, зорилтот түвшнээ тодорхой тавих ёстой. Үүнийг судалгаан дээр тулгуурлаж хийх ёстой. Ингэж гэмээ нь хэрэгжих боломжтой. Сургуулийн хүртээмж, багшийн хэрэгцээ, хөрөнгө оруулалт, барилгын ажлын явцтай холбогдуулан 5 зарчмын зөрүүтэй санал тавьсан.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2025.11.19/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Л.Энхнасан:Өнөөдөр Монгол улсын 5 жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Үндэсний өрсөлдөх чадварын нэг худалдааны гадаад худалдааны асуудлыг ярих хэрэгтэй. Тэгэхлээр үндсэн чиглэлийн 9.1.1-д худалдааны тариф гадаад худалдааг хөнгөвчлөх гээд үзүүлэлтийг нь 50,5 гэжээ. Харин хүрэх үзүүлэлт, индекс нь яагаад байхгүй байгаа юм бол? Ази Номхон далайн бүс нутаг дахь эдийн засаг худалдааны интеграцыг идэвхжүүлэх чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэж шинээр 3 хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ ямар, ямар хэлэлцээрийг байгуулах вэ. Дипломат харилцааг өргөжүүлэхэд гадаад улсын виз авах нөхцөлийг хөнгөвчлөх гэж байна. Ямар улсуудын визийг хөнгөлөх гэж байгаа вэ. Өнгөрсөн 5 жилийн тайланг хэлэлцэхэд Гадаад хэргийн яамтай холбоотой ганцхан заалт байсан байсан, энэ нь хэрэгжээгүй байна. Токио дахь ЭСЯ-ны барилгыг сайжруулна гэсэн ч хэрэгжээгүй байна. Яагаад хэрэгжээгүй вэ. Гишүүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы 2025.11.13-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Р.Сэддорж: 5 жилийн үндсэн чиглэл хэлэлцэж байгаа энэ хэлэлцүүлэг бол маш чухал. Сонгуулийн 4 жилтэй давхцахгүй байх нь зөв. Усны асуудлаа шийдмээр байна. Нэг хэсэг нь усгүй цангаад тэндээсээ хамаг төсвийн орлогоо бүрдүүлээд л...Монгол даяараа тэр төсвийн орлогоороо амь зуудаг. Усны асуудлыг зөвхөн говийн асуудал гээд говийн бүсийн 7 гишүүдийн ярьдаг асуудал мэтээр ойлгож болохгүй. Уул уурхайг нээснээрээ говийн ард түмэн хохирох ёсгүй. Амьдралын үнэн гэж байдаг. Монгол Улсын маань орлогыг төсвийн орлогыг бүрдүүлж байгаа тэр нутаг усны ард түмэн, уугуул иргэдийг, малчид, ард түмнийг хайрлаж, усны төслөө явуулах хэрэгтэй байна. ТЭЗҮ НЬ ямар их үнэтэй байдаг юм? Н.Учрал сайд, Б.Жавхлан сайд нар аа ТЭЗҮ бодитой юм уу? Өмч хувьчлал дээр ЭТТ хардлагын гол бай болоод байна вэ. ЭТТ-г л яаралтай зохих хэмжээнд нь хувьчлах хэрэгтэй. Энэ хувьчлалыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй байна. 34%-ийг нь төрдөө авч үлдээд, 33%-ийг нь МХБ дээр арилжаалаад, 33%-ийг нь Монголынхоо нийт ард түмэнд хувьцааг нь өгөх хэрэгтэй. Одоо хэдэн хувийг нь өгчхөөд байгаа билээ, түүн дээрээ нэмээд 33 хүртэлх хувийг нь нийт ард түмэндээ өгөх хэрэгтэй. Жишээ нь тэр 33%-ийг Монголын нэртэй компаниуд авчих юм бол энэ компанийг маш сайн хянаад, ямар ч алдаа гаргахгүй авч явуулах бүрэн боломжтой. Монголынхоо ААН-үүдийг дэмжих хэрэгтэй. Монголын аж ахуйн ААН-үүд сайн ажиллаж байж гэмээ нь эдийн засаг сайжирна. Өөр ямар ч гарц гаргалгаа байхгүй. 33%-ийг нь МХБ-ээр ингээд арилжаалах юм бол үнэхээр өөдөө дээшээ гарна. Байгаль орчны яам усны асуудал дээр үнэхээр анхаарч чадахгүй байгаа!