УИХ-ын чуулганы 2025/06/26ны өдрийн нэгдсэн хуралдаанаар " Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ. Санал хураалттай холбоотойгоор нэг үг байна. Протоколд тэмдэглүүлэхийг хүсэж байна. Нийгмийн хэм хэмжээ гэдэг энэ ойлголтыг яг ямар ойлголт вэ гэдгээрээ ХЗБХ-н дээр маргасан. Үндсэн хууль дээр хэрэглэгдсэн ойлголт учраас нэр томьёог нь ашиглаж байгаа гэсэн утгатай. Энэ өөрөө паблик ордер буюу нийтийн хэм хэмжээний тухай ойлголт байгаа. Нийгмийн гэдэг үгийг ашиглачихаар хэмжигдэхэд төвөгтэй субъектив болдог. УИХ-ын стратегиа баталсан. Стратегийн хамгийн гол зорилго бол хүний эрхэд суурилсан хүн төвтэй хуулийн бодлогыг хэрэгжүүлнэ хууль тогтоомжийг энэ чиглэл рүү боловсруулж батална гэдэг зорилт тавьсан. Яагаад энэ нийгмийн эсхүл нийтийн гэдэг хоёр үгийн ялгаа гараад байгаа юм бэ гэхээр нийгмийн гэхээр субъектив төдийгүй хүнээсээ тасарчхаж байгаа юм. Нийтийн гэх юм бол илүү олон хүнд хамаатай олон хүний дунд тогтсон хэвшсэн хэм хэмжээний тухай ярьж байгаа юм. Тийм учраас өнөөдөр энэ хууль тогтоомжийн хууль дээр нийгмийн хэв журам гэдэг үг хэрэглэгдэж байгаа боловч цаад агуулгаараа нийтийн хэв журам буюу хүмүүсийн дунд тогтсон хэв журам гэдэг агуулгаар нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой хууль орж ирж байгаа бол бусад олон хүний аюулгүй байдал тэдний нийтлэг ашиг сонирхол хэм хэмжээг эрхэмлэх хамгаалах, зорилготой хязгаарлалт орж ирж байгаа шүү гэдэг агуулга хэрэглэж байгаа шүү. Тэгэхгүй бол хууль тогтоомжийг боловсруулан оруулж ирэхдээ хэтэрхий хийсвэр субьектив. Хүнтэй наалддаггүй, хэмжигддэггүй агуулга орж ирж хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах болчих вий гэдэг болгоомжлол байгаа.
УИХ-ын чуулганы /2025,06,13/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ. Өргөн баригдсан хуулийн төсөл маш олон зүйлийг гацаа тээг болгох байсан. Ажлын хэсэг ажиллаад тодорхой саналууд орж ирж байгаа. Тэгэхдээ л анхаарах зүйлбайгаа. Би тэгээд протоколын хувьд бас үлдэх 2,3 зүйлийг асууя. Нэгдүгээрт энэ ажлын хэсгээс буюу яг энэ мэргэжлийн яам нь нэг хариулаад өгөөрэй. Өнөөдөр эрх олгосон заалтын дагуу нийт захиргааны хэмжээний актуудын тоо яг хэд байна вэ? Олон нийтэд буруу мэдээлэл өгөөд байгаа. Журмын тоо хэт ихэссэн гээд. Гэтэл журам гаргах энэ нөхцөл байдлыг УИХ өөрөө хийж өгөөд байгаа юм. Хог хаягдлын тухай хууль, Малын хөлийн албан татварын тухай хууль, эрчим хүчний хуулиар Зохицуулах хороо маш олон журмуудыг байгууллага байгууллагаар нь гаргах ёстой байдаг. Малын хөлийн татвар гэхэд 330 сум, нэмэх нь 9 дүүрэг тус тусдаа журам гаргах ёстой. Хог хаягдлын хууль мөн ялгаагүй. Энэ хэдийг хасчихаар цаана нь хэдэн журам үлдээд байна. Эрх олгосон заалтын хэчнээн нь Засгийн газар, Ерөнхийлөгч буюу ХЗДХЯ-ны бүртгэдэггүй журам байна. Энэ зөрүүг баахан журам бүртгэлгүй байгаа мэтээр олон нийтэд мэдээлэл өгөөд яваад байгаа юм. Мэдээж энэ журмуудыг сайжруулах, хуульд нийцүүлэх зарим журмаар зохицуулж байсан зүйлийг хуульд биежүүлэн тусгаж зохицуулах асуудлууд бол байх ёстой.
УИХ-ын чуулганы /2025,06,13/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэг байр сууриа илэрхийллээ. Өнөөдөр зүтгүүлээд зүтгүүлээд 20 гаруй гишүүн 2 хуулийн төслийг хэлэлцээд сууж байна. Түүний нэг нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Энэ маш чухал. Цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлага, ач холбогдол өндөртэй хуульч голдуу гишүүд өргөн барьж байгаа ийм хуулийн төслийг хэлэлцэхэд манай гишүүд өнөөдөр байхгүй байгаа нь харамсаж байна. Энд хариуцлагын тухай яригдах байх. Засгийн газар Ерөнхий сайдтай боллоо. Засгийн газар кабинетаа байгуулах нь Ерөнхий сайдын эрх үүрэг. Өнөөдөр энд суудал хоосон ямар нэгэн дотоод ажил хөөцөлдөөд алга болчихдог юм уу гайхаж байна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулаад хууль санаачилж байгаа гишүүний хувьд өнөөдөр шинэ тутам манай улсад хөгжиж байгаа бичил цахилгаан тээврийн хэрэгслийн скүүтэр, сурааны хуулийг би өргөн барьж байгаа юм. ЗГ-аас сая санал ирсэн. Харамсалтай нь замын хөдөлгөөний дүрмээр зохицуулах хэрэгтэй гэсэн ийм санал ирсэн. Энэ хуулийн төслийг боловсруулах явцдаа нэлээн их саадтай учирч, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгтэй юм байна гэдгийг л мэдэрлээ. Нээлттэй нийгмийн формынхийсэн судалгаагаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд 120 гаруй хуулийг олон нийтийн хэлэлцүүлэг хийхгүйгээр баталсны 45 нь яаралтай горимоор батлагдсан байдаг. Өнгөрсөн намрын чуулганаар ЗГ яаралтай горимоор гэж олон асуудлуудыг оруулж батлуулснаас харахад энэ байдал цаашид хэвээр байх шиг юм байна гэж ойлгогдож байна. Гэтэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ Хууль тогтоомжийн тухай хуульд яаралтай өргөн мэдүүлэх, хуулийн төсөлд Хууль зүйн яам дүгнэлт гаргана гэснээс өөр зохицуулалт харагдахгүй байна. Иймд яаралтай гэсэн нэрийн дор Хууль тогтоомжийн тухай хуульд заасан энэ шаардлага хангахгүй буюу судалгаа, шинжилгээгүй, олон нийтийн оролцоог хангаагүй ийм хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэхээс сэргийлэх зорилгоор ямар шинэлэг зохицуулалтыг энэ хуулийн төсөлд оруулж тусгасан бэ. Өөрөөр хэлбэл хуулийг яаралтай батлах үндэслэл, шаардлага, шалгуурыг тогтоосон зүйл байгаа юу? Хууль тогтоомжийг судалгаа шинжилгээ олон нийтийн хэлэлцүүлэлгүй энэ батлан гаргах явдал их түгээмэл болоод байгаа юм. Монгол Улс нийгэм тэр аяараа хуулиар биш дүрмээр журмаар сүүлдээ бүүр стандартаар энэ зохицуулдаг ийм хэлбэрт шилжчихсэн байгааг энд нуугаад байх хэрэггүй. Энэ дагалдах хууль гол хуулийг дагалдуулаад бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад тавигдах шаардлага баримтлах журам тодорхойгүй байгаагаас үүдэн олон тооны хуулийг нэг зэрэг батлах тухайн гол хуулийнхаа үзэл баримтлалаас хальсан асуудлыг дагалдах хуулиудаар зохицуулах ийм асуудлууд гараад байгаа юм. Жишээ нь Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны 1 дүгээр сарын 1-нд мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор салбарын ер гаруй хуулиудад гэнэт өөрчлөлт оруулж, олон нийт, бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэлгүйгээр баталсан нь одоо ч гэсэн бизнес эрхлэгчдийн бухимдлыг дагуулаад л байгаа.
Өнөөдөр үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Бид хууль эрх зүйн орчиндоо тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарах шаардлагатай байна. Монголын хууль гурван хоног гэдэг шиг юм болж байна. 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих ёстой хуулийг Засгийн газар буцаагаад бөөн өөрчлөлт оруулж ирдэг болж. Нэгэнт баталсан хуулийг болохоос нь болохгүй хүртэл нь хэрэгжүүлж мөрдөөд үзэх хэрэгтэй юм шүү дээ. Үнэхээр хэрэгжих хугацаанд боломжгүй асуудал үүссэн бол өөр хэрэг. Манай Засгийн газар Хууль тогтоомжийн тухай энэ хуульд ч бас нэмэлт өөрчлөлт оруулж ирдэг тусгай коридор бий болгох гээд байгаа юм уу? Улс орны нөхцөл байдлыг бүхэлд нь зохицуулж байдаг энэ хуулийг хуучин арга барилаараа яаруулж оруулж ирэх гээд байна уу гэж харж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хуулийг батлахдаа ямар ч төсөв мөнгө батлаагүй байна Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг зайлшгүй шаардлагатай байна. Уир нь энэ хууль хэрэгжих бэлтгэл ажил хэдий хангагдсан гэж байгаа ч төсөв мөнгөний хувьд хүрэлцээ байхгүй байгаа. Судалгаа хийхээс эхлүүлээд маш нарийн ажиллагаанууд шаардлагатай. Тэр бүхэнд төсөв, мөнгө шаардагдах болно. Өмнөх парламентийн үед энэ хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэнэ гэж баталсан боловч тухайн үедээ ямар ч төсөв мөнгө тавихгүйгээр баталчихсан байна. Гэхдээ энэ хуульд тодорхой өөрчлөлтүүд хийж цомхон болгох зарим зохицуулалтууд орсон байгаа нь сайшаалтай. Харин хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулах тухай эрх зүйн зохицуулалт байхгүй учраас гишүүдийн хэлж байгаа саналуудаас хэрэгтэйг нь аваад нэмэлт өөрчлөлт оруулах л боломж бидэнд байна. Тиймээс ч энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Манай улсын хууль тогтоомж хэрэгжихгүй байдаг гол асуудал нь төсөв мөнгөний хүрэлцээ муу байгаатай холбоотой.