Байр суурь4 мин унших
Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.03.31) хуралдаанаар “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв.
Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав.

Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь 2012 онд НҮБ-ын “Рио +20” чуулганы үеэр 16 улсын санаачилгаар албан ёсоор байгуулагдсан бөгөөд өдгөө 37 улс гишүүнээр элсээд байгаа юм байна. Тус институт нь олон улсын Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, тогтвортой, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүн орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах “Парисын хэлэлцээр”-ээр хүлээсэн үүрэг амлалтууд болон “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Энэ зорилгын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах; ногоон ажлын байр бий болгох; тогтвортой үйлчилгээ хүртэх боломжийг нэмэгдүүлэх буюу хямд, цэвэр эрчим хүчний хүртээмж, тогтвортой нийтийн тээвэр, сайжруулсан ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежмент; гэх мэт агаарын чанарыг сайжруулах; экосистемийн үйлчилгээний зохистой хангамж; уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг үндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байна.
Монгол Улс 2013 онд тус байгууллагын гишүүн улсын хэлэлцээрт гарын үсэг зурж, 2014 онд үүсгэн байгуулах гэрээг баталсан юм байна. Улмаар Хөтөлбөрийн газар нь Монгол Улсын Гадаад хэргийн яамны 2014 оны зургадугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдгийг Н.Уртнасан танилцуулав.
Монгол Улсад 2014 оноос Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн санхүүжилтээр төслүүд хэрэгжүүлж байгаа аж. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ногоон хот байгуулалт, ногоон эдийн засаг, тогтвортой эрчим хүчний үүсвэрийг дэмжих чиглэлээр нийтдээ 7 сая орчим ам.долларын төслүүдийг хэрэгжүүлж байгаа гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус институттэй хамтран ажиллах санамж бичгийг статус болон хамрах хүрээний үндэслэлээр өөрчлөлт оруулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сард шинэчлэн байгуулсан Санамж бичгийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
Манай улс гишүүн орны хувиар тус институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийг зохицуулах хүрээнд хоёр талт олон улсын гэрээ болох Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээр байгуулах саналыг тавьснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох байгууллагатай хамтран судлаад энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтанд олгох, цаашид уг гэрээг соёрхон батлуулахаар бэлтгэсэн байна.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба



