УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, С.Одонтуяа нарын 10 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн хуулиудыг нэгтгэн хэлэлцэж байна. Төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Одонтуяа 8.1.1 дүгээр заалт буюу гадаадад байгаа иргэдийн асуудлаарх заалтыг дэмжиж өгөхийг хүслээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа 8.1.1. дүгээр заалтыг дэмжиж өгөөч. Өчигдөр Ковидын тухай хуульд маш чухал заалт орсон нь хасагдсан. Гишүүд энэ заалтынхаа учрыг сайн олоогүй юу? зарим гишүүд орилж байгаад унгачихна лээ. 8.1.1 дүгээр заалт нь тусгай үүргийн онгоц ниснэ гээд, иргэдээс мөнгийг нь аваад яг цагаа тохироод байрнаасаа гараад очтол гэнэт цуцалчихдаг. Энэ нь иргэдийг маш хүнд байдалд оруулдаг. Энэ иргэдэд тодорхой мөнгөн тусламж үзүүлэх тухай заалт байсан юм. Би их мөнгө нэхээгүй. Мэдээж улс "хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх" ёстой байх. Гэхдээ тодорхой хэмжээний тусламж үзүүлэх ёстой. ХЭҮК-оос энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэдэг дүгнэлт гарсан байгаа шүү дээ. ХҮЭК-инйхоо дүгнэлтийг тусгахгүй юм бол энэ байгууллагаа татан буулга гэж хэлмээр байна. Дээрээс нь, гадаадад ямар ч мөнгөгүй амьдарч чадна гэсэн хүмүүс энэ заалтыг унагаж болно. Төрийн албан хаагч, яамныхан та нар таних хүнгүй, мөнгөгүй гадаадад очиж амьдарч ямар байдгийг үзэх хэрэгтэй. Бид чинь гадаадад байгаа иргэдээ дэмжинэ гээд 1 их наяд төгрөг авчихсан байгаа шүү дээ. Дахин хэлэхэд, их бага мөнгө нь хамаагүй гэхдээ энэ заалтыг дэмжиж өгөөч ээ. Нэг гараараа хүний эрх, нөгөө гараараа хүний эрхийг зөрчиж болохгүй шүү. Түүнийг саналыг гишүүд дэмжиж, болзошгүй эрсдлээс шалтгаалан тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд иргэдийн наад захын хэрэгцээг хангаж, байр, хоол болон бусад зайлшгүй мөнгөн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах боллоо.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: "Хугацаагүй хадгаламжийн харилцахын үлдэгдэлд хүү тооцохгүй байх асуудал яригдаж байна. Энэ бол банк, иргэн хооронд итгэлцэл дээр тогтдог. Цар тахалтай холбоотойгоор дээрх асуудал хөндөгдөж байгаа нь банкны системд доголдол үүсгэх вий, иргэдийн бодол санааг өөрчлөх эрсдэл байна. Ер нь бол харилцахын үлдэгдэл хүү тооцох нь ААН ашигтай ажиллах, ирэх жилдээ банкнаас зээл авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бий болгодог механизм юм. Орон нутагт ажиллаад ирсэн. Хүүхдийн хичээл хөдөөд цахимаар явж байгаа нь хэрэгжилт сайн бус байна. Өвөрхангай аймагт 23 мянга орчим ЕБС-ийн сурагчтай. 20 орчим хувь нь тог байхгүй, компьютер техник хэрэгсэл байхгүй зэргээс үүдэн хөтөлбөр, агуулгаас хоцрох байдал бий. Үүнийг хэрхэх вэ? Үр өгөөжийн тал дээр арга хэмжээ авахаар байна. Өвөлжилт хүндэрч, өвч тэжээлийн үнэ нэмэгдсэн, орлого буурсан, малын хоргодол их байгаа учраас малчны зээлийг хойшлуулж, хүүг бууруулах тал дээр хууль санаачлагчид ямар санал байна вэ?" Түүний асуултанд хууль санаачлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хариуллаа.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуроалдаан боллоо. Хуралдаанаар УИХ-ын гишүүдээс санаачилсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: "Төсөлд УИХ болон Засгийн газрын тогтоолоор тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан тэмдэглэлт өдөр, баяр ёслолын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн байна. Үүний агуулга нь юу вэ? Миний ойлгож байгаагаар тэмдэглэлт арга хэмжээ, баяр ёслолын хүрээнд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болно гэж үзэж байгаа юу? Үүнийг тодруулна уу? Хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй гэсэн асуудал орж ирсэн байна. Энэ эерэг сөрөг талыг нь хэр тооцсон бэ? Банкинд мөнгөө хадгалуулна гэдэг нь иргэн, банк 2-ын хооронд итгэлцлийн асуудал. Бид үүн дээр хууль гаргаж хугацаагүй хадгаламжийг хүүгүй болго гэж шийдэх нь хэр оновчтой вэ? Сөрөг асуудал гарах уу? Эерэг тал нь юу байх вэ? Ипотекийн зээлийн төлбөртэй холбоотой асуудал байна. Үүнийг бид өмнө нь яриад шийдсэн. Энэ хуульд оруулах шаардлага бий юу? Хөдөө орон нутагт ажиллах үед 2000 гаруй малчид отроор өвөлжиж байна. Тэд нэг зүйл л хэлж байна. Өвс тэжээлийн үнэ дийлэхгүй болсон. Малчны зээлийн хугацааг хойшлуулж, хүүг царцаах арга хэмжээ авч өгнө үү гэж хэлж байна. Үүнтэй холбоотой асуулыг энэ хуульд оруулж болохгүй юу?" Түүний асуултанд Хуулийн төслийн санаачлагч УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар хариуллаа.