УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Эдийн засгийн чөлөөт бүсийн талаар яриад 27 жил шахам болж байна. Энэ хугацаанд чөлөөт бүсэд ахиц дэвшил гарсангүй. Саяхан эдийн засгийн чөлөөт бүсийнхээ хуулийг баталлаа. Одоо хоёр улсын хэлэлцээрээ яаралтай батлаад явах ёстой. Тэгэж байж эдийн засгийн эргэлтэд оруулж, экспорт импортоо сайжруулах зайлшгүй шаардлага байна. Энэ хугацаанд улс төржөөд бие биенээ хардаж сэрдээд эдийн засгийн хэлэлцээр маань яваагүй. Одоо яаралтай хэлэлцээрээ батлаад, энэ хэлэлцээрийг баталснаар Монгол Улсын баримтлах бодлого чиглэл тодорхой болно. Цаад улстайгаа яаж хамтын ажиллагаатай чөлөөт бүсээ хийх вэ гэдэг зарчмын асуудал нь тодорхой болох учир хурдан батлаад явах ёстой гэсэн байр суурьтай байна. Цар тахлын үед импортын ачаа эргэлт удаарширч өдөр тутамд хэрэглэдэг бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ. Тиймээс тээвэр ложистикоо хөгжүүлэх, импортоор орж ирдэг бараа эргэлтээ нэмэгдүүлэхгүй бол болохгүй. Цар тахал малын болон хүний гоц халдварт өвчлөл нэмэгдэж байна. Цаашид бид экспортоо чөлөөт бүсээрээ дамжуулж хийх юм бол илүү хурдан нэмэгдэх бололцоо бий гэдгийг хэлмээр байна. чөлөөт бүсэд газар авсан олон аж ахуй нэгж байгаа юм байна. эдгээр аж ахуйн нэгж бүтээн байгуулалтаа хийе гэхэд эрх зүйн орчин дутмаг байсан. Хоёрдугаарт хамтын ажиллагааны хэлэлцээр батлагдаагүйгээс болж хийж чадаагүй. Одоо хэлэлцээр батлагдахаар тэнд газар авсан аж ахуйн нэгж үндсэндээ 380 тэрбумын хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ барих бололцоо боломж гарах юм байна гэж харж байна. Tиймээс оруулж ирсэн хэлэлцээрийг дэмжиж байна. Цаашдаа ч гэсэн чөлөөт бүсдээ онцгой анхаарч хөгжүүлж байж өдөр тутмын хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн хямдрах юм байна. гадагшаа гаргадаг экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэдэгт онцгой анхаарч ажиллавал сайн байна. Хамтын хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн П.Цогтгэрэл: Энгийнээр үзэхэд хил дамнасан чөлөөт бүс байсныг дийн засгийн хамтын ажиллагааны бүс гэж статусын хувьд өөрчлөөд хоёр талд тус бүрт нь 900 га, нийлүүлээд 1800 га бүхий том зон үүсч байна гэж ойлгож байгаа. Энэ үед цаашдаа чөлөөт бүс хоёр улсын эрх ашиг яригдаж байхад тэнцвэр нь хэрхэн явагдах вэ? Хятадын талд бараа бүтээгдэхүүн ордог. Барилга байгууламж баригддаг, манайх болохоор нутгийн иргэд орж хятадын талаас бараа авдаг ийм харилцаа үүсээд эцсийн дүндээ манайд хожоогүй юм болчих вий. Энэ тэнцвэртэй хөгжлийг та бүхэн яаж харж байна вэ? Өмнө нь бидэнд олон туршлага бий. Олон улстай чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байгуулсан ч эцсийн дүндээ бидний гаргаж байгаа, авч байгаа зүйл экспорт, импортын харьцааг харахад эргээд яг өнөөдрийг хүртэл чөлөөт худалдааны хэлэлцээрээс хохиролтой явж байгаа. Тэгэхээр эдийн засгийн хамтын ажиллагааны дундын бүсийн тэнцвэртэй хөгжлийг яаж харна гэж бодож байна вэ? Магадгүй энэ байдлаараа бид хохирч, хятад хожсон талын яриа л удахгүй гарах байх гэж би бодож байна. Хоёрдугаарт, Монгол гэрээнд байгаа Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн координатын асуудал. Хойд талаараа Монгол Улсын хилтэй залгана. Урд талаараа хилээс 800 метрт байна гэсэн заалт гэрээн дээр явж байна лээ. Энэ чинь юу гэсэн үг юм бэ? Ертөнцийн зүгээр хойд талаараа Монгол Улсын хилтэй залгана, урд талаараа хилээс 800 метр зайтай байна гэхээр нөгөө 900 га чинь хаанаа нийлээд байна? Үг текстийн алдаа яваад байна уу гэдэгт тайлбар өгөөч. О.Цогтгэрэл гишүүний асуултад Шадар сайд С.Амарсайхан хариуллаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тодруулга авлаа. Гэрээн дээрээ та нарыг текстийн алдаа гаргасан гэж үзээд байна. Тэгснээ гэрээг монгол, англи, хятад гурван хэлээр үйлдэнэ. Маргаан гарвал англи хэл дээрхийг баримтлана гэж байна. тэгтэл 3.1-т байгаа англи дээрээ бас ийм байна. Хойд талаараа Монгол Улсын хилтэй, урд талаараа 800 метр зайтай байна гэхээр чинь алдаа юм шиг. Англи дээр байгаа эх чинь Хятадын талдаа ямар статусаар батлагддаг юм бэ? Энэ чинь алдаа юм бишүү? Түүний тодруулгын хариуг Гаалийн Ерөнхий газрын төлөөлөгч өглөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ чухал асуудал. манай улс хөрш хоёр улстай. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн боомт хаагдсанаас үүдэн бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Энэ бол түр зуурын асуудал. Цаашдаа чөлөөт бүс байгуулагдсанаар гадаад харилцаа яаж өсөх вэ, иргэдэд хэр ээлтэй вэ, энэ талаар иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх хэрэгтэй. Гадагшаа яаж бүтээгдэхүүн гаргах вэ гээд олон асуудал байна. Манай нам зургаан сэргэлтийн шинэ бодлого дэвшүүлсэн. Үүнд боомтын сэргэлт чухал тэр дундаа Замын Үүдийн боомтыг сэргээх, загвар чөлөөт бүс болгох шаардлага байна. цаашдаа бусад чөлөөт бүсийн асуудалд хэрхэн анхаарах вэ? Түүний асуултад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2021.12.22/-ний өдрийн хуралдаанаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах ажил түрүүчийн Их Хурал дээр хэлэлцэгдсэн бол өнөөдөр би хил хаагдаж, ачаа бараа орж ирэхгүй болох нөхцөл бүрдэхгүй байх байсан. Бид хойд, урд хоёр хөрштэйгээ юм ярьчихаад хэлсэн амандаа хүрдэггүйн нэг жишээ нь энэ. Бүгд мэдэж байгаа 2014 онд Ши Жиньпин дарга ирэхэд чөлөөт бүс яригдсан, 2018 онд Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахад чөлөөт бас бас яригдсан. Ө.Энхтүвшин шадар сайд байхдаа энэ хэлэлцээрийг соёрхон батлах гэж нэлээд зүтгэсэн. Хуучин гишүүд бүгд мэдэж байгаа. Үүнийг батлахгүй болохоор хятадын тал манайд итгэхгүй байна. Бид за гээд хойш нь тавьдаг. Түрүүн Б.Энх-Амгалан гишүүний ярьсан ойлголтын зөрүү гэдэг нь ерөөсөө хамтын ажиллагааны хэлэлцээрээ соёрхон батлах шүү дээ. Урд айл эргэлзээд бидэнд итгэхээ байсан. Тийм учраас хэлэлцээрийг хурдан түргэн батлаад, урд айлд хэлсэндээ хүрч чөлөөт бүсээ хөдөлгөхгүй бол Замын-Үүд боомтод оруулсан энэ их хөрөнгө оруулалт олон жил салхи наранд, элсэнд дарагдаад хэцүү болсон. Өнгөрч байгаа хэдэн сард Замын-Үүдийн чөлөөт бүсэд Шадар сайд, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захиргаа анхаарал тавьж эхэлсэн. Уурын зуух нь ажиллаж эхэлсэн. Уурын зуух нь баригдсан цагаасаа хойш нэг ч ажиллалгүй байсаар саяхнаас ажиллаж эхэлсэн учраас одоо газар авсан компаниуд нь үйл ажиллагаагаа явуулж, бүтээн байгуулалтаа хийх боломж бололцоо бүрдэж байгаа юм. Энэ гацааг хурдан гаргачихвал хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт хил нэвтэрч чадахгүй байгаа ачаа бараа хөнгөлттэй нөхцлөөр орж ирэх боломж бүрдэнэ. Өмнөх парламентийн үед энэ байнгын хороонд энэ асуудал унаж, хэн ч анхаараагүй учраас олон засгийн газар дамжсан энэ асуудлаа шийдээд, хэлсэндээ хүрч энэ бүтээн байгуулалтыг цааш нь явуулах хүсэл зориг бий гэдгийг гишүүд ойлгож байгаа байх. Дэмжиж өгөөрэй, Монгол-Хятад гэсэн хоёр улсын асуудал шүү. Байн байн хойшлоод байвал бидэнд итгэх хүн байхгүй ийм хэмжээнд байгаа гэдгийг дахин хэлье. Энэ хэлэлцээрийг баталснаараа хөрөнгө оруулалт болоод Монголын талаас хийгдэх бүтээн байгуулалт нэмэгдэнэ гэдэгт итгэж байгаа. Энэ асуудал үндсэндээ 1995 оноос хойш яригдсан.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2021.12.22/-ний өдрийн хуралдаанаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Замын-Үүдийн захирагчийн ажлын албанаас асууя. 900 га газар аваад олон жил боллоо ямар ажил хийв ээ? Улсын төсөв, гадаадын зээл тусламж, хөнгөлттэй зээлийн хүрээнд 6.6 тэрбум төгрөг, 58.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ. Дэд бүтэц нь болоод цаад талтайгаа харьцахад болчихсон уу гэдэгт хариулж өгөөч. Замын-Үүдийн чөлөөт бүсийн газар нутагт хувийн хэвшлүүд газар авчихсан. Үйл ажиллагаа явуулах гэхээр хувийн аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийх үү? Яах уу? Харьцаа нь яаж явах юм бэ? Хоёрдугаарт, Хятад улстай ойлголцлын зөрүүгээ арилгасан юмуу? Монгол Улс – БНХАУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаатай. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээтэй. Ойлголцлын зөрүү арилгана гэж хэдэн жил чиглэл гаргаж явлаа. Зөрүүгээ арилгачихсан уу? Ямар ч зөрүү байхгүй юу? Хятадын төлөвлөлт, Монголын төлөвлөлт хоёр өөр юм байна лээ. Тэрэнтэйгээ уялдах юмуу? Яаж явах юм бэ? Гуравдугаарт, Хэлэлцээрийн төсөл ирүүлсэн гээд байдаг. Тэр нь ямар төсөл юм бэ? Хэлэлцээрийн төслийг авч үзэж болох уу? Та нар чөлөөт бүсдээ санхүүгээ яаж авч явах юм бэ? Юань төгрөгийн харьцаагаа яаж авч явах юм бэ? Банкныхаа системийг яаж явуулах юм, худалдааныхаа эргэлтийг яаж тооцож байна вэ? Соёрхон баталж болно. Миний харж байгаагаар та нар минь жаахан бэлтгэлгүй ус руу үсэрчих гээд байх шиг харагдах юм. Үүнд тодорхой хариултууд өгөөдхөөч. Ямар бэлтгэл хангаж байгаа талаараа? УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн асуултад Замын-Үүд Чөлөөт бүсийн захирагч А.Энхзул хариуллаа. Түүний хариултын дараа Б.Энх-Амгалан гишүүн тодруулга хийсэн юм. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Сая хэллээ. Эрээний дэд бүтэц хийгдэж дуусчээ. Тэгэхээр бидэнд тэдэнд тааруулж хийхээс өөр аргагүй болж байна. Чи байшингаа нураа, би өөрөөр барина гэлтэй биш. Та бүхэн 58.8 сая ам.доллараар дэд бүтэц хийчихсэн нь холболтгүй, явдаггүй үхмэл хөрөнгө. 66 аж ахуйн нэгжид юм өгчихсөн өнөөх нь хөрөнгө оруулалт хийдэггүй. Үйл ажиллагаа чинь гацчих вий дээ. Эрээн чөлөөт бүсээ хариуцна гэвэл бид Баяннуур аймгаас хараат болдог шиг юм болчих вий дээ. Засгийн газар хооронд хэлэлцээрэй. Ойлголтын зөрүүгээ засгийн газар хоорондын хэлэлцээрээр ярьж, комисс дээр ярьж байхгүй бол та нар Эрээнээс хамааралтай болно шүү. Эрээний захирагч бүгдийг нь мэддэг ийм байдалтай болчих вий дээ. Бид нар Баяннуураас бүрэн хамааралтай байсан шүү дээ. Үүн шиг юм болох вий дээ, анхаараарай.