УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Шийдвэр хууль их гарсан боловч амьдрал дээр хэрэгжиж байгаа нь муу. Олон чөлөөт бүс байгуулагдсан. Нэг ч чөлөөт бүс өнөөдрийг хүртэл ажиллаагүй байна. Энэ хууль тогтоомж гараад ямар өөрчлөлт гарах вэ? Манай улсад үйлдвэрлэл хөгжиж чадах уу. Үйлдвэр хөгжүүлэхэд ямар давуу тал, нөхцөл байдал бий болох вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.30/-ны өдрийн хуралдаанаар “Үйлдвэрлэл технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ чөлөөт бүсийн хууль шиг харагдаад байна. Улс дотор чөлөөт бүс байгуулах хууль шиг. Яагаад гэвэл газрын харилцаа нь тийм байна. Засгийн газар газрыг нь шийдэх юм байна. Газрын хуультай холбоотой асуудал гарч ирж байна. Газар нь ямар хугацаатай явах юм. Үүнийг судлах хэрэгтэй. Паркын удирдлага нь компанийн хуулийн дагуу байгуулагдана гэж байна. Төрийн өмчийн компанийн хууль гэж өргөн барьсан. Парк чинь төрийн өмчийн компани болох гээд байна. Мөн гаалийн тусгай бүс, хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэнэ. Хууль үйлчилдэггүй гэрээнүүд. Хөрөнгө оруулалтын гэрээ чинь Монголын хууль үйлчилдэггүй гэрээ. Улс дотор байгаа Эмээлт зэрэг газар ийм гэрээ байгуулах юм уу. Тэгэхээр газрын хууль болон төрийн өмчийн компанийн шинэ бодлогуудтайгаа уялдуулмаар байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.30/-ны өдрийн хуралдаанаар “Үйлдвэрлэл технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Зөвшөөрлийн тухай хууль батлагдсан тохиолдолд зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байнгын хороо нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх гэсэн заалт байна. Зөвшөөрлийн хуулийг хоёр долоо хоногийн өмнө баталсан. Энэ хууль 2023 оны 1-дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ч одоо хууль тогтоомжийн хууль, Монгол улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу эцсийн найруулга, хуулийг ёсчлох, Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа, төрийн мэдээлэлд тавигдах хүртэл процесс ажиллагаа дуусаагүй. Ажиллагаа дуусаагүй байхад зөвшөөрлийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна гэж юу гэсэн үг вэ? Дэгийн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, хууль тогтоомжийн хуулийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулж болох юм уу. Ерөнхийлөгч хориг тавьбал яах юм. Нэмэлт өөрчлөлт оруулна гэхээр дахиад зөвшөөрөл нэмнэ гэж ойлгохоор байна. Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, эрсдэлтэй үйл ажиллагаануудад зөвшөөрөл олгоё гэж байгаа. Хууль батлагдчихсан байхад нэмэлт өөрчлөлт оруулна гэж юу гэсэн үг вэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Э.Батшугар: Оюу толгой 2021 онд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын баяжмалын борлуулалт хийсэн. Үүний 750 сая ам.доллар нь алт байсан бөгөөд өнгөрсөн онд Монгол банкны худалдаж авсан 20 тонн алттай тэнцүү юм. Тэгэхээр энэ хуулийг ашиглаад Хятад улсад борлуулдаг алтын баяжмалаа мөнгөжүүлсэн алт болгоод Монгол банкны Лондонгын дансанд байршуулан Монгол банк төгрөгөөр Оюу Толгойгоос худалдаж авах бололцоо байгаа юу? Үүнтэй холбоотой 5 хувийн премиумыг нь эдлээд бас татвараас нь тодорхой хэмжээгээр чөлөөлвөл бид алтны худалдан авалтаа жилдээ 20 тонн биш 40 тоннын худалдан авалттай болгож 800 сая ам.долларын гадаад вальютын нөөц бүрдүүлэх бололцоо байна гэж харж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэхүү хуулийн төслийн ихэнхи агуулга нь шинээр үйлдвэр, технологийн парк барих асуудалтай холбоотой гэж ойлголоо. Тэгэхээр өмнө нь үйлдвэр, технологийн парк барих боломж нь бүрдчихсэн газар, байршлуудыг яаж авч үзэх асуудлыг би Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Бор-Өндөр хотын хуучин тогтолцооны үед бий болсон боломжийг жишээ татаж яриад байгаа юм. Шинэ паркын тухай асуудал биш хуучин бий болсон дэд бүтэц, хүний нөөц зэрэг боломжийг судалж үзээсэй гэж бодож байна. Бор-Өндөр бол уул уурхайн тодорхой түвшний хэмжээний үйлдвэрлэл, технологийн парк байх бүрэн бололцоотой. Баргилтын төмрийн орд 18 сая тонноор нөөцийг нь тогтоосон. Нөөцийг нь нэмэгдүүлэх чиглэлээр хайгуул, судалгаа хийж, энэ нь магадгүй 2 дахин нэмэгдэх боломж байгаа талаар яригдаж байгаа. Хэрвээ ингэж чадвал цаашдаа 20 жил зөвхөн төмрийнхөө орд, нөөц дээр ажиллах бололцоо байна. Бор-Өндөрийг тойрсон бүс нутагт зөвхөн төмөр, жоншоор хязгаарлагдахгүй бусад ховор үнэт металлууд бий. Мөн 50 километрийн зайд шинэ цементийн үйлдвэр ч байна. Энэ шинэ цементийн үйлдвэртэй хамтран зохион байгуулалт хийж, Бор-Өндөрт төмөр, бетон хийцийн үйлдвэр байгуулагдах бүрэн нөөц байгаа тухай үйлдвэрийн хүмүүс надад танилцуулж байсан. Шинэ үйлдвэр, технологийн парк барьвал шинэ газарт хашаа хатгаад дэд бүтэц бүх зүйлийг нь эхнээс нь дахиад л улсаас хийлгэнэ. Энэ ажлыг хүлээвэл дахиад 10 жил болж мэдэх учраас Бор-Өндөр хотыг тулгуурлан хуучин нөөц бололцоогоо ашиглах талаар дахин дахин хэлээд байгаа юм.