УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,19/ны өдрийн хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Тогтоолын төсөлд 3 хүрээ тогтоожээ. Нэг хүрээ нэмэх хэрэгтэй гэсэн саналтай байна. Энд эмийн үнийн асуудал. Үнэ нь тогтвортой, чанартай байх хэрэгтэй. Мөн эмийн жишиг үнэ тогтоох туршлага бий. Манай эмийн үнэ импортын үнээс 8 дахин их байна. Иймд үнэтэй холбоотой асуудалд Хороо өөрөө хяналт хийх хэрэгтэй. Мөн ОУ-д зөвшөөрөгдсөн лабораторын асуудлыг түр хорооны хүрээнд авч үзэх хэрэгтэй.
УИХ-ын чуулганы /2022,05,12/-ны өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Энэхүү тогтоолын төслийн үзэл баримтлал нь хууль тогтоогчид өөрийнхөө гаргасан хууль, тогтоомж амьдралд хэр зэрэг хэрэгжиж байна вэ гэдгийг үнэлэх дүгнэх, түүнийгээ боловсронгуй болгох, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, ажил хариуцсан байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад оршиж байгаа. Ер нь бид болж бүтэхгүй байгаа зүйлсийг тогтоож түүнийгээ засаж сайжруулахад гол анхаарлаа хандуулж байж, нийгмийн сайн сайхан хөгжил дэвшил харагдах ёстой. Тиймээс түр хороог ажиллуулах хэрэгтэй. Сүүлийн хоёр жилийн жишээн дээрээс харж болно. Эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол, чанар, аюулгүй байдал зэрэгт хяналт шаардлагатай байгааг харуулсан. Үүн рүү чиглэж тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан. Түүний үр дүн юу байв гэх мэтчилэн олон зүйлийг эргэж харах хэрэгцээ бий болсон. Зөв дадал, ухамсрыг төлөвшүүлэх асуудал байна. Био бэлдмэлийг хүнсний бүтээгдэхүүн шиг хэрэглээд байгаа билээ. Тэгэхээр эрх зүйн зөв зохицуулалт хийх нь чухал. Эм, эмийн бүтээгдэхүүн нь нийт иргэний эрх ашгийн асуудал учраас төрийн бодлого, зохицуулалт нь үүн дээр онцгой гарч ирэх шаардлагатай юм. Үнэ ханшийг нь хүртэл нарийн зохицуулах нэн тэргүүний ажил юм.
УИХ-ын чуулганы /2022,05,12/-ны өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Миний хувьд энэ түр хороог дэмжиж байгаа. Яагаад гэхээр чанаргүй эм, үнийн асуудлыг тойрсон олон асуудал бий. Иргэдийн амьжиргаа муу байгаа гэтэл эмээ авах ёстой олон иргэд байна. Гэтэл эмийн чанаргүй эмийн асуудал хүнд байна. Үүнийг засахаар эмийн агентлаг байгуулсан ч үр дүнд гарахгүй байгаа. Эмийн бизнесийн компаниуд энэ агентлагт гар, хөлөө шургуулсан гэсэн мэдээлэл бий. Эмийн мафи бий, гэсэн итгэл үнэмшил надад олон жилийн өмнө төрсөн. Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхад хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай хуулийн төслийг Засгийн газар дээр ахлаад ажиллаж байх явцад хар тамхины болон сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад бусад улс оронд зөвшөөрөгддөг, хямдхан чанартай эмүүдийг оруулсан асуудал гарч байсан.Өөрөөр хэлбэл хар тамхи биш өвчин намдаах зориулалтаар ашигладаг эмийг манай улсад хар тамхи гэж үзэж байгаа. Яагаад ийм заалтад оруулсан бэ гэхээр ЭМЯ дээр ийм шийдвэр гарсан гэдэг. Үүнийг цааш нь судлахаар өөрийнхөө эмийг зарахын тулд нэр бүхий хүмүүс жагсаалтандаа эмээ оруулдаг асуудал гарч байсан. Ийм учраас энэ түр хороог миний хувьд дэмжиж санаачилсан гишүүдийн нэг.
УИХ-ын чуулганы /2022,05,12/-ны өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Бид хянан шалгах гэж хэлж байгаа боловч мөрдөн шалгах, тусгай шалгалт. Түр хороо гэж байгаа боловч бусад түр хорооноос өөр. Үүнд хүрээ хязгаар байгаа.Үүнийг уншихаар байнгын хорооны ажлын хэсгийн хийж болох чиглэлд оруулжээ. Уг нь мөрдөн шалгалт бол нэг кейс дээр задлан шинжилгээ хийдэг. Хэрвээ тодорхой сэдэв дээр ажиллаад энэ зөв гэж шийдвэл бусад бүх гишүүд цаашдаа ингээд ажиллаад явна. Мөрдөн шалгана гэхээр тодорхой хэрэг байх ёстой. Хөгжлийн банкны асуудал бол хэрэг үүссэн. Энэ түр хороог байгуулах нь манай парламентын түр хороог байгуулдаг зарчим дээр асуудал үүснэ. Энэ гажуудал үүсгэх вий. мөрдөн шалгах ажил явагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүх тогтолцоог хянан шалгах боломжгүй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,05,10/-ны өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Эм, эмнэлгийн чанар аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах гэж байгаад талархаж байна. Монгол улсад бүртгэлгүй эмийг хэрэглэхгүй гэж байна. ДЭМБ бүртгэсэн эмийг хэрэглэж чадахгүй байгаа нь харамсалтай. Үүн дээр ач холбогдол тавьж ажиллаарай. Түр хорооны гол ажил бол хяналт шалгалтад дүгнэлт гаргаж ажиллах уу. Эмнэлгийн удирдлагуудтай ярилцаж байхад тендер зарладаг оруулж ирсэн эм нь шаардлага хангадаггүй гэж ярьж байсан. Манай улсад эм шалгах ямар лаборатори байдаг вэ. Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.