УИХ-ын чуулганы /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо"-ны тайлан сонслоо. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ түр хороо богино хугацаанд сайн ажилласан гэж харж байна. Холбогдох албан тушаалтнуудад 77 албан тоот илгээж, 45 албан тоот холбогдох материалуудыг бусад газраас хүлээн авч ажилласан дүнтэй байна. УИХ-аас хууль эрх зүйн хүрээнд түр хороо сайн ажилладаг. Хөгжлийн банктай холбоотой түр хороо бас сайн ажиллаж байсан. Гол нь шалгалтын явцад илэрсэн зөрчил шийдэгдэхгүй гэмт хэрэгтэн нь ял завшаад сугараад үлддэг. Нүүрстэй холбоотой асуудал бас ингээд үлдэх шинжтэй байна. Г.Ганболд гишүүний ахалсан түр хороо үүргээ гүйцэтгэж чадсан. Хөгжлийн банкны асуудлыг харахад шүүх дээр очоод хэрэг замхардаг, эрх мэдэл, эд хөрөнгө багатай хүмүүсийг цааш нь түлхээд нөгөө хэсэг бүлэг хүмүүс сугараад үлдэж байна. Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Ганболд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо"-ны тайлан сонслоо. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Нүүрсний хулгай луйврын асуудлыг илрүүлэх хянан шалгах хороо шударгаар шалгасан гэж харж байна. Дөрөвдүгээр сард сонсгол хийхээр УИХ-ын чуулганд мэдүүлсэн ч хууль, хяналтын байгууллагаас зөвшөөрөхгүй байна гэж шалтаг хийсээр өнөөдрийг хүргэж, хугацаа дууссан гэсэн шалтгаанаар түр хорооны ажлыг зогсоож айна. Нотлох баримтын сонсгол хийгээгүйд харамсаж байна. Олон булхай зөрчил илэрсэн, оптик гэрээнд хөндөгдөөгүй, гэмт хэргийн замаа төрийн өмчийн эд хөрөнгийг завших хамгийн том луйврын схем энд байсныг түр хороо илрүүлсэн. Хамгийн наад захын жишээ гэхэд Нийслэл хотоо утаагүй болгоно гэж 2-3 үйлдвэр байгуулаад явж байтал Хятадаас утаагүй түлш авна гээд гэрээгээр нүүрс гаргасан. Түр хорооны сонсгол чуулганаар хийхгүй хааж байгаа нь хардалт үүсгэж байна. Үнэхээр тийм шаардлагатай байсан юм бол УИХ хуульд өөрчлөлт оруулж түр хорооны үйл ажиллагааг сунгаж болох байсан. Одоо шинээр түр хороо байгуулах гэж байна. Хөгжлийн банк дээр түр хороо байгуулаад зарим зөрчлийг дарж, заримын ил болгож будаг шунх түрхээд өнгөрсөн гашуун туршлага бий гэж хардаг. Гэтэл өнөөдөр шинэ түр хороо байгуулж ямар юмыг далдалж, юу авч үлдэх гэж байна гэсэн хардалт төрж байна. Энэ нотлох баримтын сонсголыг яагаад хийлгээгүй байж, шинээр түр хороо байгуулж байна вэ. Харин түр хороог ахалж ажилласан Г.Ганболдыг буруутан болгож байна. Дараагийн түр хороо юу хийх гэж байгаад эргэлзэж, гайхаж байна.