УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.01\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх дээр хохирогч хохирлоо барагдуулсан тохиолдолд хэрэг хялбаршуулсан журмыг хэрэглэе. Энэ бол зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах талаас тустай гэж байгаа уг өөрчлөлтийг дэмжиж байна. Нөгөө талд авилга албан тушаалын гэмт хэрэг дээр хэрэг хялбаршуулсан журмыг хэрэглэхгүй гээд эрүүгийн хуулийн процесс дээр яригдаад байдаг. Хэрэг хялбаршуулах журмыг албан тушаалын хэрэг дээр 2015, 2017 онуудад оруулж байхад хамгийн том авилгачныг барих гэж л энэ заалтыг оруулсан. Үүнийг бүр мөсөн хаахаар хэрэгтэн илрэхгүй юм биш үү. Энэ журмыг хэрэгжүүлснээс хойш үр дүнгээ өгч байгаа зүйл бий юу. Гишүүд дуудаж ирүүлэхийг асуугаад байна. Үүнийг эрх зүйн үр дагавар үүсгэх гэж байгаа гэж тайлбарлалаа. Мөрдөгч дуудаад ирэхгүй бол ямар эрх зүйн үр дагавар үүсэх вэ? Та нар их юм байхгүй гэнэ. Би байгаа гэж үзэж байна. Яагаад гэвэл эрүүгийн хуулийн өөрчлөлт дээр оргон зайлах гэмт хэрэг гэж шинээр бичсэн байсан. Тэрэн дээр таслан сэргийлэх арга хэмжээг зөрчих юм бол оргон зайлах гэмт хэрэг гээд 1 жил хүртэлх хорих ял өгөхөөр бичсэн. Манай практикт оргон зайлах гэдгийг яаж хэрэгжүүлсэн гэвэл дуудсан цагт ирээгүй бол оргон зайлсан гэж үздэг байсан. Тэгэхээр энэ бол шууд хүнийг дарамтлах зүйл. Утсаа аваагүй бол дуудаад ирээгүй, оргон зайлсан гээд цагдан хорьдог. Ингэх гэж байгаа юм уу. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.16/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ ноцтой хууль, хүний эрх, эрх чөлөөний асуудал хөндөгддөг. Хуулийн 18,22-т Үнийн хөөргөдөл, бараа материалын үнийг хэт өснө гэж худлаа ярьсан бол гэж байна. Үүнийг тодруулах хэрэгтэй. Жишээ нь би ирэх сард валют өснө гэж ХМХ-д ярилцлага өгчихвөл яах вэ. Бүлгийн дарга нар карт салгаж байгаа юм. "Дураараа аашлах" гэдгийг эргэж харах хэрэгтэй. Тухайлбал 20,18-ыг ойлгохдоо тусгай зөвшөөрөл авсан гээд нэг нөхөр хөдөө орон нутагт очиж энэ газрыг ухна гэдэг, орон нутгийн иргэд жагсаал цуглаан, хэрүүл, тэмцэл болоод хий буудах наад захын асуудал. Ийм тохиолдолд энэ хуулиар тухайн хүн шоронд суух юм байна гэж ойлгоод байгаа. Иймд гишүүдийн саналыг няцаахаас илүү ойлголцож, зөв хууль гаргах ёстой. Энэ өөрчилж байгаа заалтаа маш сайн хараарай.Үг бүрийг хянаарай, нэг үгнээс бүх зүйл өөрчлөгдөх боломжтой. Хэтэрхий задлах хэрэг байсан уу. Сошиалаар Хөгжлийн банкны нөхдүүдийн хэргийг хөнгөлөх хууль орж ирлээ гээд явж байна. Албан тушаалын гэмт хэргийг залилан болголоо гэсэн мэдээлэл яваад байгаа. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.16/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Эрүүгийн хуулийн 22-дугаар зүйл буюу албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой зүйлүүдийн хяналт, шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах тухай асуудлууд орж ирсэн. Хуучин эрүүгийн хуульд байсан зөрчлийн хуулийн зүйлүүдээ буцааж эрүүгийн хуульд оруулж байгаа юм. Хамгийн чухал зүйл нь нийгмийн харилцаа, амьдрал дээр гараад байгаа шинэ төрлийн хэргүүдийг эрүүгийн хэрэг зүйн хувьд хуульчлах шаардлага байгаа. Энэ үүднээс олон хэргүүдийг оруулж ирсэн. Энэ талаас харвал уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй. Иргэд олон нийттэй уулзаж байхад хоёр түгээмэл асуудлыг хэлж байсан. Цахим сүлжээгээр бараа зарна гэж их бага хэмжээний мөнгө дансандаа авдаг, бусдын цахим хаягт өмнөөс нь нэвтрээд хүмүүсээс мөнгө авсан асуудлууд маш их гарч байна. Ийм залилангийн шинжтэй асуудлыг одоогийн хуулиар яаж зүйчилж байна. Цаашид энэ зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байгаа юу? Мөн сүлжээ пирамид загвараар мөнгө босгох, бусдын мөнгийг өсгөж өгөх амлалт авах асуудал маш их гарч байна. Манай аймагт гарсан “Бэлтэс Мөрөн” компанитай холбоотой асуудал хяналт шалгалтын ямар түвшинд явж байна вэ? Шинэ төрлийн гэмт хэрэг гарч байгаа зүйлүүдийг хаахын тулд ямар зохицуулалт оруулахаар төлөвлөж байна. Хэрхэн яаж энэ зохицуулалтыг бий болгох вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.16/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Эрүүгийн хуулийн өөрчлөлт орж ирж байна. 3.6.7 хэсэг дээр хохирлоо нөхөн төлөх, хор уршиг арилгасан тохиолдолд гэдэг үг их байна. Хохирлоо төлөөд, хор уршгийг арилгасан тохиолдолд ялаа бага эдлэх, хөнгөлөлт эдлэх зөндөө заалт байна. Хор уршиг гэдгийг юу гэж бодож байгаа вэ. Хор уршиг арилдаг юм уу? Амьдрал дээр хүн хохирлоо төлөөд, ялаа авдаг. Хор уршиг нь арилдаггүй үлддэг. Тиймээс та нар энэ хор уршгийг яаж тооцох вэ. Хохирогч миний хор уршиг арилаагүй гэсэн тохиолдолд үндсэндээ арилаагүйд тооцно. Өөрөөр хэлбэл хохирогчтой бүх асуудал хамааралтай болж байгаа юм. Хор уршиг гэдэг заалт байгаад байвал эцэс төгсгөлгүй наймааны хэрэгсэл болоод явах юм уу. Яаж мөнгөөр илэрхийлэх юм бэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.16/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Худал мэдээ тараах гэдэг нь нэг ба түүнээс хүнд гэсэн үг. Нэг хүнд ярихад л худал мэдээ тархаж байгаа юм. Тэгэхээр худлаа ярьдаг бүх хүн л ял эдлэх болчихоод байна. 3 саяуулаа шоронд орчих вий дээ. Ингэж хүний үзэл бодол, үг хэлийг бүр чангалах гэж байгаа санаа зорилго нь юу вэ. Хоёрдугаарт доромжлохыг миний хувьд дэмжихгүй байгаа. Ер нь Монголд нэр, хочгүй хүн гэж байхгүй. Монголчууд шооч ард түмэн. Энэ болгоныг яллах бодлого ямар учиртай вэ? Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг шинжийг нь өөрчилж оруулж ирж байгаа. Ингэж өөрчлөхдөө 2002 оны буюу Нямдоржийн хар хуулийн заалтыг буцаагаад сэргээх гэж байгаа юм. Үүнийг болохгүй байна гээд 2015 онд ямар өөрчлөлт оруулсан гэхээр татвар төлөхөөс зайлсхийхэд тухайн татвар төлөхөөс зайлсхийж байгаа санаа зорилго их чухал. Зориуд санаатайгаар татвараас зайлсхийх зорилгоор идэвхитэй үйлдлийг л эрүүжүүлэхгүй бол татвараа хугацаандаа төлж чадаагүй бүх хүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэвэл юун чөлөөт эдийн засаг, баялаг бүтээх дэмжих болно. 2016 онд эрүүгийн хуулийн өөрчлөлт яригдаж байхад дэлхийн загвар хууль бичсэн Германы эрдэмтнээс яг энэ зүйл дээр манай улсад зөвлөмж өгч байсан. Өөрөөр хэлбэл танай 2002 оны эрүүгийн хууль чинь татвар төлөхөөс зайлсхийсэн бол гэж бичихээр хугацаандаа төлөөгүй бүх хүнийг санаатай, санаагүй эдийн засгийн хямралд орчихсон, ковид гарсан хил, гааль хаалттай энэ бүх үед давагдашгүй бүх хүчин зүйлийг оруулж эрүүжүүлэх гээд байна гэж хэлж байсан. Тийм учраас заавал зайлсхийх зорилгоор орлогоо нууж байгаа идэвхитэй үйлдлийг л эрүүжүүл гэж зөвлөмж өгсөн. Яг энэ зөвлөмжийн дагуу 2015, 2016, 2017 онд баталсан. Одоо буцаагаад 2002 оны хууль руу оруулж байна. Ямар учиртай энэ зүйлийг оруулж ирсэн бэ? Эцэст нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг дээр ийм өөрчлөлт оруулж байна. Хөрөнгө оруулалт нь их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болох нь тогтоогдоогүй бол гэж. Тогтоохыг шүүх хийнэ. Тэгэхээр шүүхээс өмнө энийг хэн тогтоох гээд байгаа юм. Хэрвээ ингэвэл Үндсэн хууль зөрчсөн болох гээд байна. Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.