УИХ-ын чуулганы /2025.06.19/-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: УИХ-аас хүн төвтэй хүний эрхийг хангасан хууль тогтоомжуудыг гаргах чиглэлээр түлхүү их санаачилга гаргаад ажиллаж байгаа. Энэ хүрээндээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол хүний эрхийг хангах тал дээр нэлээн сайжирсан өөрчлөлтүүд орж байгаа гэж ойлгосон. Нэгдүгээрт, Ажлын хэсгийн ахлагчаас 1 зүйл асууя. 2.7 дахь заалт дээр энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хуулбарлан авах зорилгоор зураг, дуу дүрсний бичлэгийн болон бусад техник хэрэгсэл ашиглана гэж байгаа. Үүн дээр мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаад дууссаны дараа хэргийн материалуудтай оролцогч холбогдогч нар танилцдаг. Ингэхэд гар утсаараа хуулбарлаад бичээд авч болно гэж ойлгох уу эсвэл юуг хэлж байгаа юм. Үүнийг илүү тодорхой хэлж өгнө үү. Хоёрдугаарт, 16.3 дугаар зүйлийн 10, 11, 12 дээр гэрчээр мэдүүлэг авч байх үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрвэл мэдүүлэг авах ажиллагааг зогсоож, сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг энэ хуульд заасны дагуу явуулна гэх. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгч авахад хэрэгт оролцогч өөрийнхөө сонголтоор аваад байгаа юм. Нэг бол авч болно эсхүл авахгүй байж болно гэдэг. Энд ер нь заавал авна гэдэг зүйл оруулж болох уу? Хуульч гишүүдээс тодруулж байна. Мөрдөн шалгах байгууллагууд бол ялангуяа албан тушаалтнуудтай холбоотой хэрэг шалгаж байх явцад бол мэргэжилтэн доод тушаалын албан тушаалтнуудаас мэдүүлэг байцаалт авдаг. Ингэхдээ айлгах, сандаргах, хөтлөх, янз бүрийн асуудлуудаар үг унагахыг оролддог. Тэр унагасан үгийг хэрэг болгоод явж байгаа тохиолдлууд байгаа. Тэгэхлээр заавал өмгөөлөгчтэй байна гэдэг ийм асуудлыг тусгаж болох уу? Гуравдугаарт, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров Ерөнхийлөгчөөс нэг зүйл асууя. Танайх өмгөөллийн төв байгууллага. Хууль хяналтын байгууллагууд, өмгөөллийн байгууллагууд хоорондоо мэтгэлцээний эрхийг хангах эрхийг нээж өгөх тал дээр хуульд хэрхэн өөрчлөлтүүд орсон. Танай байгууллагаас оруулсан саналууд хуулийн өөрчлөлтөд бүрэн дүүрэн тусаж чадсан уу үгүй юу? Түүний асуултад, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров хариуллаа.
УИХ-ын /2025.06.19/-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, асуулт асуулаа. О.Алтангэрэл сайдын өргөн барьсан ЭХХШТХ-ийн төслийг бид хэлэлцэж байгаа. Сайд өөрчлөгдсөн учраас ЗГ, сайдаас асуух боломжгүй байна. Ажлын хэсгээс, П.Сайнзориг гишүүнээс асууя аа. П.Сайнзориг гишүүн сайн ажилласан байна. Ажлын хэсэг сайн ажилласан байна. Би сайн ажилласан гэдэгт нэг зүйлийг тодотгож хэлэх гэж байгаа нь энэ хуулийн төсөлд Х.Тэмүүжин бид нар 20 гаруй жил тэмцээд арай чүү ард нь гарсан. Дээд шатны шүүхээс доод шатны шүүх рүү чиглэл өгдөг, буцаадаг, хугацаагүйгээр хүнийг хэлмэгдүүлдэг энэ хонгилыг нураах хүрээнд хэргийг прокурорт буцаах үндэслэлийг хязгаарласан юм. Үүнийг 3 удаа хуульд хүчингүй болгосон, буцаахгүй болгосон, 3 удаа сэргээсэн. Хонгилынхон парламентад нөлөөлж, хамгийн сүүлд нам үл харгалзаад Б.Пүрэвдорж Ц.Сандаг-Очир бид 3 санаачлаад одоо манай энэ Д.Цогтбаатар байнгын хорооны дарга ажлын хэсгийг нь ахлаад манай Бетон Ганбаа ах өөр хэн орлоо? Ингээд 3 гишүүн, намуудын төлөөлөл ороод МАН, АН-ын дэвшилтэт гишүүд санал нэгдэж 2023 онд шүүхээс хэргийг буцаадаг явдлыг хязгаарласан. Тэгэхдээ зарим тохиолдлоор хэргүүдийг одоо хүртэл шүүх буцаагаад л байгаа. Буцаагаад байгаагийн үйлчлүүлэгч нь энэ танхимд бас бий. Н.Алтанхуяг Б.Найдлаагаас эхлээд хэрэг нь Дээд шүүхээс буцчихсан хүмүүс байгаа. Ганц л зарчим барьж байгаа. Гэм буруутай бол нотол, ялаа өг, гэм буруу нь нотлогдохгүй бол цагаатга, хүчингүй болго. Шүүх нь Мөрдөх алба болон прокурорын дутуу хийсэн ажлыг гүйцээдэг байгууллага биш. Мөрдөн шалгах нотлох баримтыг цуглуулдаг газар биш. Мөрдөгч прокурорын шүүхэд авчирсан хэргийн үйл, баримтын хүрээнд шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл харамсалтай нь манай Аагий сайд хэргийг прокурорт буцаах гэдэг энэ 33.30 3 дахь заалт дээр 1.4 гээд энэ процессын ажиллагааг бүрэн хийгээгүй буцаана гэдэг заалт оруулж ирсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл мөрдөгч прокурорын дутуу хийсэн ажиллагааг шүүх гүйцээх, энэ үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн заалт оруулж ирсэн. Үүнийг П.Сайнзориг илрүүлээд, үнэт зүйл зарчмынхаа талд зогсож үүний хасах санал энэ ажлын хэсгээс оруулж санал хураалгах гэж байна. Тийм учраас би дэмжиж байна. Ажлын хэсэг дээр энэ талаар юу гэж ярилцаж, яаж шийдсэн бэ гэдгийг хууль санаачлагч өөрчлөгдсөн учраас би ажлын хэсгийн ахлагчаас асууя. Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.06.19/-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: ЗГ-аас оруулж ирсэн энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Нэгдүгээрт, ЗГ-ын саналаас ямар заалтуудыг хассан, тэрний үндэслэл юу вэ? Хоёрдугаарт, энэхүү нэмэлт өөрчлөлтөөр яг процессын хувьд, цаг хугацааны болоод үйл ажиллагааны дэс дарааллын хувьд хүний эрхийг сайжруулсан ямар ахиц дэвшил гарч байна вэ? Тэр дундаа өмгөөлүүлэх эрхийг яаж баталгаажуулж байгаа вэ?
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.04) нэгдсэн хуралдаанаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл” хэлэлцүүллээ. Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Өргөн баригдаж байгаа процессын хуулийг бүрэн дэмжиж байна. Үнэхээр тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдсан байна. Хууль зүйн сайдаас хоёр зүйл асууя. Ийм хэмжээний процессын өөрчлөлт хийх бол ЗГ-ын түвшинд ажиллахад арай л жижигхэн санагдаж байна. Бараг УИХ-ын гишүүд өөрсдийн нөөцөөрөө ийм судалгаануудаа хийгээд ийм процессын өөрчлөлтийг бол хийчих байх. Би бол ЗГ-аас илүү том хүлээлттэй байгаа. Өчигдрийн чуулган дээр бас хэлсэн. Тогтолцооны авлига гажчихсан юм байгаа үед бол бид нар жижиг сажиг косметик засвараар бол амжилтад ерөөсөө хүрэхгүй. Бараг газар хөдлөлтийн шинжтэй том өөрчлөлтийг хийж байж дорвитой зөв алхмыг хийнэ. Процессын шинэтгэл дээр хэзээ ийм бодлогууд орж ирэх вэ? гэдэг асуулт асуумаар байгаа юм. Үнэхээр энэ процесс дээр шүүхийн хяналтыг бүрэн дүүрэн тавья гэвэл прокурор дээр байгаа зөвшөөрлийн тогтолцоонуудыг бүхэлд нь шүүх рүү шилжүүлэх хэрэгцээ байна. Тэгэхгүй бол яллаж байгаа буюу шүүхийн өмнө нэг тал болж байгаа этгээдээсээ зөвшөөрөл хүсэлт яваад байдаг. Өмгөөлөгч гэдэг бол процессын хувьд бол маш сул дорой. Тийм учраас энэ прокурор дээр байгаа зөвшөөрлийг олон улсын жишгээр шүүх рүү шилжүүлэх алхмуудыг хэзээ хийх вэ? 2-т нь процесс дээр маш ноцтой нэг гажуудал байна. Хэрвээ өмгөөлөгч, прокурор хоёр хоорондоо маргаад процессын алдаа байна нотлох баримт хууль бусаар цуглагдаж байна энэ асуудлыг дутуу шалгалаа гэх мэтчилэн маргаан явж байгаа бол энэ маргаан шүүх рүү очих ёстой. Шүүх рүү очихын тулд процессын хууль дээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хэлбэрийг бий болгосон. Одоо энэ хэлэлцүүлгийг амилуулах хэрэгцээ байна. Тэгэхгүй бол дахиад юу болж байна вэ гэхээр өмгөөлөгч прокурор хоёрын маргаан дээд шатны прокурор явдаг болоод хувирчихлаа. Угаасаа л социализмын үед прокурорын ерөнхий хяналт гэж нэг том хяналт байсан. Тэгээд шүүх рүү очих ёстой процессын маргаан нь дээд шатын прокурорууд яваад ирэхээр шүүхийн маргаан дотор хажууд нь зэрэгцээд захиргааны маргаан шиг шаталсан удирдлагатай босоо прокурорын систем дотор өмгөөлөгч нар хамаг хүч нөөц, мэдлэг, үйл ажиллагаагаа зардаг болоод явчихлаа. Үүнийг хэзээ таслан зогсоох вэ? Энийг таслан зогсоож байж л шүүх хуулийн өмнө эрх тэгш гэж үндсэн хуулийн зарчим ажиллаж эхэлнэ. Гуравдугаарт, манайх энэ Вишинскийн аргаас хэзээ салах юм? Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг шиг нэг жижиг сажиг сэжүүрээр эхэлж өлгөж авна. Ард нь тэлээний хэргээр ч хамаагүй шоронд явуулах гэж оролддог энэ нэг процессын мөрдөн шалгах үйл ажиллагааны гажгийг хэзээ засах вэ? Манайх прокурорын зөвшөөрлөөр юу ч хамаагүй нээгээд тэгээд яаж ийж байгаад ялладаг ийм тогтолцоо руу орчихлоо. Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хариуллаа.