УИХ-ын чуулганы /2025.05.23/-ны өдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан асуулт асууж, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариуллаа. Мөрийтэй тоглоомыг хориглох хуулийг санаачилснаас хойш нэлээдгүй хэлэлцүүлгийг өрнүүллээ. Тийм учраас энэ хуулийн цаана эрх, ашиг нь хөндөгдөж байгаа бүлгүүд байдаг учраас хуулийг батлахын тулд нэлээдгүй цаг хугацаа шаардлаа. Зөвшөөрлийн хуульд цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зуучлах, сурталчлах гээд бүх үйлдлүүдийг хориглож байгаа. Ингэснээр 60 хувь бүрэн хязгаарлана гэсэн эхний судалгааг хийсэн.Технологийн хувьд бол випин шиг төрлийн технологи ашиглаад тоглодог. Энэ байдал тогтоогдох юм бол Монгол Улс үүнийг хуулиар хорьсон учраас үүн дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдана.Тийм учраас хуулиар зөвшөөрөгдөөгүй үйлдлийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуулиар санкцыг нэмэгдүүлсэн. Сурталчлах болоод бусад төрлийн зарим үйлдлүүдийг зөрчлийн хуулиар шийдвэрлэж байгаа.Тэгэхээр Монгол Улс бол цахим мөрийтэй тоглоомыг хориглосон улсад тооцогдоно. Жишээ нь Азийн улсуудаас цахим мөрийтэй тоглоом, спорт төлбөр тааварын зарим төрлийн үйлдлийг нь зөвшөөрдөг улсууд байна.Тэгэхдээ азийн ихэнх улсууд цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох тал руугаа явж байгаа. Бат-Амгалан гишүүний хэлж байгаа төлбөр таавар, и спорт бусад спортын төрлөөр хэрэгжүүлж байгаа бэтинг тавьдаг буюу үр дүнг нь урьдчилан тооцох боломжтой үйлдлүүдийг нь бооцоо гэж нэрлэнэ. Казино мөрийтэй тоглоомын шинж агуулна гэхээр үйлдлийнх нь эцсийн үр дүнг хэмжиж болдоггүй. Түүгээрээ ялгаатай. Мөрийтэй тоглоом, төлбөр таавар, бооцоот тоглоом дээр судалгаа бүрэн хийгдэж дуусаагүй байна. Судалгааг бүрэн хийж чадаагүй байж зарим төрлийг нь зөвшөөрөөд явчих юм бол үүн дээр хуулийн хийдэл үүснэ.Тийм учраас эхний түвшинд бүтэн хориглочихъё. Цаашлаад төлбөр таавар ч юм уу, спорт тааврыг ч юм уу, тухайлан зохицуулъя гэх юм бол П.Сайнзориг гишүүний боловсруулж байсан тухайлсан хуулийг гаргаад судалгааг бүрэн дүүрэн хийгээд тухайлан зохицуулах бол ямар нэгэн хуулийн хийдэл үүсэхгүй юм байна гэдэг ийм л төлөвлөгөөтэй байгаа.
УИХ-ын чуулганы /2025.04.04/ ний өдрийн хуралдаанаар “ Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийг хэлэлцлээ. Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: Энэ хууль шинэчлэгдсэнээрээ цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом түүнээс үүсэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байна. Цахим мөрийтэй тоглоом бол технологид суурилсан. Нийгэмд шинээр үүсэж байгаа тулгамдсан асуудлын нэг. Энийг хориглож болно. Харин сөрөг нөлөөллийг нь хэрхэн багасгах вэ? Хэрхэн урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг хийх вэ? VPN болон цахим карт ашиглаад далд хэлбэрт шилжих аюултай. Телевиз болон лайвар сугалаа явуулдаг болсон. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ? Бие даасан хуультай болох тал дээр засгийн газар томоохон шийдвэр гаргаасай хэмээн хүсэж байна. Түүний асуултад, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар хариуллаа.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.04) нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн: С.Зулпхар: Маш чухал хуулийн төслийг хэлэлцэж байна.Нийгмийн харилцаанд шинээр бий болж байгаа нөхцөл байдалтай уялдсан эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг нь УИХ-д байгаа. Бид виртуал ертөнц буюу хиймлээр бий болгосон бодит ертөнцөд, бодит орчинд олон төрлийн харилцаанд ордог болсон. Тэр нь эдийн засгийн харилцаа, нийгмийн харилцаа цаашлаад санхүүгийн харилцаа. Энэ харилцааг хэрвээ зохицуулахгүй орхичих юм бол үүнтэй уялдсан үр дагаврыг өнгөрсөн хугацаанд тодорхой хуулиуд дээр өөрчлөлт оруулах байдлаар бол хийж ирсэн. Хүүхэдтэй холбоотой хуулийг өнгөрсөн жилийн 2024 оны 1 сарын 17-нд УИХ-аас баталж байсан. Тэр үед цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал яригдаж байсан. Цаашдаа хууль болгонд цахим орчин дахь тодорхой харилцаануудыг зохицуулах ийм шаардлага гарах нь ээ гэж үзэж байна. Тийм учраас өнөөдөр бидний энэ хэлэлцэж байгаа зөвшөөрлийн тухай хуультай уялдан цахим мөрийтэй тоглоомын асуудлыг цаашдаа зохицуулах шаардлага үүссэн юм байна. ДНБ бол өнгөрсөн жил 23,4 тэрбум ам.доллар байсан бол манай ДНБ-ий 2%-тай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө гадагшилсан байна. Үүнийг валютынх нь нөөцөөр аваад үзвэл манай валютын нөөцийн 10%-тай тэнцэхүйц байна. Цахим тоглоомд донтоно гэдэг бол сэтгэл зүйн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжлийн хүмүүсийн ажлынх нь бараг 80% боллоо гэдэг ноцтой статистик хэлж байна. Виртуал ертөнцөд зарим зүйлийг бид өнөөдөр зохицуулж чадаж байна. Зарим зүйлийг зохицуулж чадахгүй байна.