Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр холбогдох байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулсны дараа гишүүд үг хэлж, асуулт асууж байлаа. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: "Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг хойшлууллаа гэхэд дараа оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэх боломж байгаа юу? Болж өгвөл оны эхэн болгож, хуулийн шуурхай хэрэгжилтийг хангах шаардлагатай" гэж хэлээд энд 400-500 хорих ял эдэлж буй хүмүүсийн асуудал яригдаж байгааг дурдлаа. Байнгын хорооны хуралдаанаар өөрчлөхөөр тусгасан хугацааг урагшлуулах тухай санал гараагүй. Нэр бүхий таван хууль буцаж байгаа тухайд бол дахин өргөн барих, хэлэлцүүлэх эрх нь Засгийн газарт нээлттэй байгаа гэж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд асуултад хариуллаа.
"Эргэж харах олон асуудал байгааг өмнөх парламентад сууж байсан гишүүд хэлнэ. Хэтэрхий хатуу заалт бий шүү дээ" хэмээн Д.Сарангэрэл хэллээ. Харин хугацааны хувьд 2017.07.01 гэдэг нь арай хол санагдаж байна. Жаахан наашлуулах боломж байна уу. Ажлын хэсэг анхаараач болох уу? Нөгөө талаасаа манай сэтгүүл зүйн салбарт 6000 гаруй хүн ажиллаж байгаа шүү. Сэтгүүл зүйтэй холбоотой хариуцлагыг эрүүгийн хуулиа шийддэг асуудал дэлхий нийтэд байхгүй болсон. Зөрчлийн хууль бүүр цаашилбал сэтгүүл зүйн байгууллага хажуудаа ёс зүйн зөвлөлөөр шийддэг.
Л.Болд "Өнөөдөр яриад байгаа хоёр хуулийг гаргаж болох юмуу үгүй юмуу. Тамгын газар Үндсэн хуулиа уншаад тайлбарлаад өгөөч" хэмээн хуулийг хэлэлцэх үед хэллээ. Тэрбээр, энэ үнэхээр хүний эрхийн асуудлаас нэг алхам ухарсан, хууль хэрэгжүүлэхэд буруу жишиг тогтоох нь гэдгийг дахин дахин хэлж анхаарууллаа. Мөн тэрээр хууль батлагдан гарснаар ямар ач холбогдолтойг тайлбарлалаа.
УИХ-ын чуулганаар Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Харин Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.