УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар “Зөрчлийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийн санаачилж оруулж ирсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Зөрчлийн тухай хууль бол харьцангуй шинэ хууль. Анх энэ хуулийг боловсруулахад хүчин төгөлдөр үйлчилж, зөрчлийг зохицуулж байсан хуулиуд дахь торгуулийн хэмжээг “нэгж”-ээр илэрхийлж, нэлээн огцом өсгөсөн. Олон тусдаа зохицуулж байсан харилцааг нэгтгэж, нэг хуулиар зохицуулах шийдвэр гаргаж байсан. Энэ хуулийг гаргаснаар ямар үр дагавар гарахыг төдийлөн сайн тооцож үзээгүй гэж бодож байна. Судалгаанаас харахад нийт зөрчлийн 90%-ийг Цагдаагийн байгууллага хариуцсан, үүний 92,4% нь замын хөдөлгөөнтэй холбоотой зөрчил гарсан байна. Цаашлаад торгуулийн шийтгэлийн 45%-ийг төлж барагдуулсан, 55%-ийг барагдуулаагүй. Саяхан УИХ шийдвэр гаргаж, зөрчилөө төлөөгүй хүмүүсийг хөнгөлөх шийдвэр гаргасан. Гэтэл зөрчлийнхөө төлбөрийг төлсөн хүмүүс хохирч үлдэж байна. Энэ асуудалд хууль санаачлагчид судалгаа хийж, давхар зохицуулалт хийх боломж байгаа юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар “Зөрчлийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Юуны өмнө 2022 оны 04-р сарын 05-нд архидалттай тэмцэх асуудлаар зарлиг гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Монголын мянга, мянган ээжүүд, хүүхдүүд, гэр бүлийн өмнөөс талархал илэрхийлж байна. Яагаад талархал илэрхийлж байгаа вэ гэхээр өнөөдөр хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчихийн 3.1 дэх хэсэгт Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 400.000 төгрөгөөр торгодог хуулийг өөрчлөх, 400 нэгжээр торгодог шийтгэлийг хасаж, зөвхөн нэг жилийн хугацаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна гэж оруулсан байна. Яагаад энэ санкцийг бууруулж оруулж ирж байгаа юм бэ? Сүүлийн 10 жилийн хугацаанд 375,000 буюу нийт жолоочийн 26%, үүнийг жолоочынхоо тоонд хувааж авч үзвэл 4 хүн тутмын 1 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн статистик байна. Тиймээс энэхүү хуулийн хүрээнд санкцийг бууруулах биш, харин ч чангатгаж, зам тээврийн ослоор нас барж байгаа хүүхэд, хүмүүсийг ослоос хамгаалахад анхаараач гэсэн саналыг дэвшүүлж байна. Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Ганболд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар "Ойн тухай" хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Амьдрал дээр хамгийн их тулгамддаг асуудлыг гаргаж, хуульд тусгасан байх гэж бодож байна. Учир нь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс уг хуулийн төслийг өргөн барьсан. Уг нь бол Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж байгаа болон үүнд хяналт тавьж байгаа байгууллагын төлөөлөл байсан бол хэлэлцүүлэг илүү үр дүнтэй болох байсан. Хууль санаачлагчдын өргөн барьсан төслийн энэ зүйл заалт амьдрал дээр хэрэгжихэд ийм ийм асуудал гарч байна гэдгийг нийтэд мэдээлэх шаардлагатай байсан. Ажлын хэсгээс асуух гэхээр маш тодорхойгүй байна. Хуулийн гурван заалтад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд торгох шийтгэл нь буурсан харагдана. Малын хулгайтай холбоотой асуудал хөдөө орон нутагт маш их гардаг. Үүн дээр санкцийг бууруулж байгаа юу? Энэхүү хууль хэрэгжээд зүг чигээ олж байгаа юман дээр зарим юмыг хэтэрхий бууруулаад одоо хэрэгжиж байгаа хуультайгаа зөрчилдүүлсэн байна. Засгийн газраас Зөрчлийн хуульд удахгүй нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа гэж заасан байна. Тэрэн дээр та бүхний саналыг тусгаад явах боломжтой гэсэн санал өгсөн байна. Түүний асуултад Хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Г.Ганболд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хуульч хүний нүдээр хархад амьдралын практик дээр байдаг асуудлыг оруулсан байна. Өвөл халтирч унах материалаар барилгын гадна талбайд ашиглахад торгоно гэх мэт. Энэ зүйл байдаг. Гэтэл сануулах шийтгэл үндсэн төрөл гэж байна, захиргааны зөрчил, эрх зүй мэргэжлийн шинжлэх ухаан байдаг. Миний хувьд энэ чиглэлээр 20 гаруй жил хичээл заасан. Сануулах гэдгийг зөрчил гэж ойлгож болохгүй. Манай 2017 оны хуульд нэр томьёо буруу зүйл байгаа. Сахилгын, иргэний эрх зүйн, захиргааны зөрчил гэх мэт бүгдийн оруулах юм шиг буруу оруулсан. Энэ бол нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах захиргааны зөрчлийн эсрэг хууль. Социализмын үед захиргааны хариуцлагын тухай хууль гэж байсан. Харин 2017 онд зөрчлийн гэж нэрийн өөрчлөөд хийсэн. Удахгүй Засгийн газраас энэ хууль дээр шинэчилсэн найруулга орох гэж байгаа. Гэхдээ энэ хууль дээр сануулах дээр дэмжихгүй байна. Герман улсад сануулахад эхлээд торгодог тогтолцоо явдаг. Сануулах дээр онооны системийг хэрэгжүүлэх тогтолцоон дээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүний асуултад хууль санаачилсан гишүүд хариулт өглөө.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Зөрчлийн хуульд торгуулсан жолооч болон бусад иргэд торгуулиа төлөөгүй бол хүү бодогдоод явдаг гадны орны жишгийг нэмээд явах хэрэгтэй. Хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаг, гэхдээ хууль хэрэгжүүлэх арга замын зааж өгөх хэрэгтэй. Сүүлд нь өршөөл үзүүлдэг ийм арга зам хэрэглэж, аргацааж болохгүй. Гол нь торгуулийн хэмжээг багасгаж, хувь хүн торгуулиа төлөхгүй бол торгуулийн хэмжээ нэмэгдэх юм байна гэсэн ухамсрыг төлөвшүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол биднийг өршөөнө гэсэн хүлээлт иргэдэд байна. Хууль гууль болж байна. Олон нийтийн сүлжээгээр бусдыг маш их доромжилж байна. Үүнийг хуулиар зохицуулах хэрэгтэй. Ирээдүй хойч үеэ бодсон ч энэ буруу хандлагад анхаарч, засах ёстой.