• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Засгийн Газар

Өргөн барьсан

С.Бямбацогт

Ажлын хэсэг ахалсан

Оюундарь.Н

Батлагдсан огноо

2016.12.22

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай

Шинэчилсэн найруулга (Өмнө баталсан хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгасан тул дахин шинэчилсэн найруулга хийв)
Өргөн барьсан: 2016.09.09

Байр суурь

Л.Энх-Амгалан: Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр барих төсөв байгаа юм уу?

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгээр Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байгаа юм. Санал хураалт явуулж байх үеэр гишүүд тухайн саналтай уялдсан асуулт асуулаа. Л.Энх-Амгалан: 2017 оны төсөв батлагдчихсан шүү дээ "Хуулийн төслийн хэрэгжих хугацаа нь ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс гэсэн байна. Хэрэв бид энэ заалтын дагуу батлах юм бол нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр гэсэн хоёр байгууламжийг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтаас хамаарч, орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулна гэж төсөлд тусгасан байна. 2017 оны орон нутгийн төсөв батлагдсан байхад яаж эдгээр төв, байрыг барих вэ? Орон нутаг, сум, аймгийн төвүүдэд нийт хичнээн нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр барихаар төлөвлөсөн бэ? Түр хамгаалах байрны тухайд стандартын шаардлага хангасан, байршил нууц байна, аюулгүй байдлыг цагдаа хангана гэж нарийвчлан тусгасан заалт батлахаар болоод байна. Эдгээр байр, төвийг байгуулахад нилээдгүй хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай." Х.Нямбаатар: 2017 оны төсвийг тодотгох үеэр хөрөнгө мөнгө хуваарилж болох байх Энэ асуудлыг ажлын хэсэг дээр маш их ярьсан. Улсын төсөв, орон нутгийн төсөв батлагдсаны дараа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үүнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах асуудлыг хөндөж байна. Ирэх жил 2018 оны төсөв хэлэлцэх үеэр эдгээр төв, байрыг барих төсвийг шийднэ гэвэл учир дутагдалтай юм. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид туслах 5 нэг цэгийн үйлчилгээний төв, тодорхой тооны түр хамгаалах байрууд бий. Мөн орон нутгийн ИТХ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зориулсан төсвөө батлаад удаагүй байна. Тиймээс энэ хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэхэд сум, дүүргийн ИТХ идэвх, санаачилгатай оролцох тухай зарчмын шаардлага тавьсан. Нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар гадаадын зээл, тусламжаар нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрыг барьж байгуулах, одоо нөөцөд байгаа төв, байруудыг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалахад чиглүүлэхэд хамтарч ажиллахаар болж байна. Төсөв байхгүй гээд хойшлуулбал ахиад нэг жил хүлээх хэрэгтэй болно. Тиймээс бүх орон нутгийн ИТХ-ын дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлүүдэд тусгайлан төсөв бий. Энэ төсвөөрөө өөрсдийн хэмжээнд асуудлыг шийдэх боломжтой. Хуулийн төсөлд "Хамтарсан багууд" гэсэн шинэ нэр томъёо оруулж өгсөн. "Хамтарсан баг" гэдэгт хорооны нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нар, сургуулийн нийгмийн ажилтнууд, өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд нийлж хамтарсан баг болно. Тиймээс материаллаг зардал хаана үүсч байна гэхээр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байруудыг олноор байгуулахад төсөв хөрөнгө шаардлагатай байгаа юм. 2017 оны төсвийг тодотгох үеэр эдгээр төв, байр барихад төсөв хуваарилах боломж бий гэж харж байна.

2016.12.15

О.Баасанхүү: Энэ хуульд сэтгэл санааны хохирлыг гэмт хэргийн бүрдэл хэсэг гэж үзсэн заалт бий юу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан нэг зарын буюу горимын шинжтэй санал хэлэх гэсэн юм. УИХ-ын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлгийнхэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран энэ хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон санал авч дэмжигдсэн төсөл дээр ажиллаад анхаарч болох заалтуудыг нь тодоруулж бичсэн байгаа. Та бүхэнд тараасан материал энэ хуулийн төсөлд санал хураахад дэмжлэг үзүүлэх байх гэж найдаж байна. Дахин хэлэхэд та бүхэн санал өгөхийн өмнө энэ тараасан материалыг сайн анхаарч үзээрэй гэж анхааруулах гэсэн юм. . Гэмт хэрэг үйлдсэн хүнд улсаас үнэ төлбөргүй өмгөөлөл өгч хууль эрх зүйн дэмжлэг үзүүлдэг. Харин хохирогчид хандаж хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх эрх зүйн заалтыг энэ хуульд тусгасан уу? Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл долдугаар сар хүртэл явж байгаад дахин өөрчлөгдөх нөхцөл үүсэх юм биш биз? Дараагийн асуултад энэ хуульд сэтгэл санааны хохирлыг гэмт хэргийн бүрдэл хэсэг болгож тооцсон уу. Тийм бол хэрхэн шийдвэрлэхээр зааж өгсөн бэ? Ялангуяа цагдаагийн бие даасан нэгж ажиллуулах хэрэгтэй байна. Үүнийг юу гэж үзэж байна? УИХ-ын гишүүн: Н.Оюундарь "Уг хуулийн 33 дугаар зүйлд хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрөлд аюулгүй байдлаа хангах, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгаалах үйлчилгээ, эрх зүйн туслалцаа гээд тодорхой зааж өгсөн байгаа. Мөн 33.5-д энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг хохирогчдод үнэ төлбөргүй үзүүлнэ гэж заагдсан байгаа. Өөрөөр хэлбэл хохирогчдод ч дээрх хууль зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломж бүрдэж байна гэсэн үг. Гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилдаг байдлыг хэрхэн зохицуулсан гэсэн. Энэ асуудлыг тодорхой болгох үүднээс нийт 9 хуульд нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Түүний нэгд Эрүүгийн хуулийн 120.1, 120.2 дугаар заалтад гэмт хэргийн дээрх ангилалыг хэрхэн зохицуулах тухай маш тодорхой зааж өгсөн байгааг хэлье. Цагдаа дээр тусгай нэгж байгуулах нь зүйтэй гэдэгт холбогдуулан хариулахад бид хүн амын тоо болон энэ төрлийн гэмт хэргийн гаралтын тооноос хамаараад орон нутгийн төсвөөс нэг цэгийн төв гэж байгуулахыг энэ хуульд тусгаж өгсөн. Түүнээс гадна цагдаагийн түр хамгаалах байрыг бий болгох асуудлыг ч тусгасан бөгөөд хуулийн дагуу хүн ам ихтэй мөн энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихтэй гэж үзсэн Сонгино-Хайрхан дүүрэгт байгуулж байгаа цагдаагийн түр саатуулах байртай манай ажлын хэсгийнхэн саяхан танилцаад ирсэн". УИХ-ын гишүүн С.Нямбаатар: "Эрүүгийн тухай шинэ хууль батлагдсан ч энэ хууль өөрчлөгдөхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, холбогдол нь эрүүгийн шинэ хуульдаа тусгайлан тусгагдаад явна. Гэмтлийн зэрэг шаардахгүйгээр бусдын эрх, эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийг гэмт хэрэг болгож шийдэх гэдэг асуудалд хариулт өгөхөд энэ хуулийн 120.1.1 дэх заалтаар орж ирсэн байгаа. Өмнө нь 2002 онд эрүүгийн хууль батлагдахдаа гэмтлийн зэргээс үл хамааран бусдын эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл холбогдлыг зодох, тарчлаах гээд оруулж ирж байсан. Гэтэл 2008 онд Эрүгийн хуулийн энэ заалтаас "зодох" гэдэг үгийг нь хасчихсан байдаг. Уг нь зодох гэдэг нь нэг удаагийн үйлдэл тарчлаах гэдэг нь давтан хэрэг болчихож байгаа. Ингээд энэ хуулийн 120.1.1 д хүндрүүлэх зэрэгтэйгээр тодорхой заалтуудыг тусгаж өгсөн гэдгийг хэлмээр байна."

2016.12.15

Б.Саранчимэг: Хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлага хангалтгүй байна гэж эмэгтэйчүүд үзэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд хариуцлагын механизмыг хэрхэн тусгасан талаар УИХ-аас гарсан ажлын хэсгийн ахлагч, гишүүдээс тодрууллаа. Б.Саранчимэг: ХҮчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлага хангалтгүй байна гэж эмэгтэйчүүд үзэж байна "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжиж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан олон эмэгтэйчүүд санал хэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлага хуулийн төсөлд хангалтгүй тусгасан байна гэж саналын дийлэнхид дурдсан байна. Тиймээс хуулийн төсөл санаачлагчид үүнд тайлбар хэлнэ үү? Гэр бүлийн хүчирхийлэгчид тусдаа амьдрах, хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхэдтэй харьцахыг хориглох, шаардлагатай гэж үзвэл согтуурах, мансуурах донтой этгээдийг хууль тогтоомжийн дагуу захиргааны журмаар албадан эмчлэх зэрэг арга хэмжээ авахыг хуулийн төсөлд оруулсан уу? Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал хөндөгдөж байгаа учраас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй байсан болов уу гэж бодож байна." Н.Оюундарь: Эрүүгийн тухай хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үү, захиргааны хариуцлага хүлээлгэх үү гэдгийг нарийвчлан тусгасан "Анх оруулж ирсэн хуулийн төслийн 46 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагын тухай зүйл заалтууд тусгасан. Үүнээс гадна дагалдах 9 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Эдгээр 9 хууль дотор Эрүүгийн тухай хууль багтаж байна. Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 120 дугаар бүлгийн тодорхой зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагын тухай нарийвчлан тусгасан. Хариуцлага тооцохдоо хохирогчид учирсан гэмтлийн зэрэг, давтан үйлдсэн эсэхээс хамаарч захиргааны хариуцлага хүлээлгэх үү, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үү гэдгийг тодорхойлно. Гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж ямар хүнийг хэлээд байгааг нарийвчлан зааж өгсөн." М.Оюунчимэг: Хүчирхийлэлд өртөгсдийн нийгмийн хамгаалал, халамжийн асуудал ч хөндөгдөж байна Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсоох, энэ төрлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх тухай зүйл заалтууд уг хуулийн төслийн 70 хувьд бий. Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор оруулж, хүний эрхийн асуудлыг харгалзан үзэх шаардлага тулгараад байна. Тиймээс хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хоёр байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй гол шалтгаан нь ажилгүйдэл. Ажилгүйдлээс үүдсэн бухимдлаа гэр бүл, үр хүүхэддээ гаргадаг. Тиймээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэмцэх тухай заалтуудыг уг хуулийн төсөлд оруулж өгөхийн сацуу нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг давхар бодолцож үзэх шаардлагатай байгаа учраас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

2016.12.15

Д.Тэрбишдагва: Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төслийг УИХ дээр засаад баймааргүй байна

Уих-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж ажиллан, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийж, УИХ-аар хэлэлцүүлж байна. Ажлын хэсэг, байнгын хорооны хуралдааны үеэр 103 зарчмын зөрүүтэй санал, байнгын хорооны дэмжигдээгүй 3 санал нийт 106 зүйлээр санал хураахаар болсон юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Мэргэжлийн Засгийн газар"-ын оруулж ирсэн хуулийн төсөлд засвар их байгаа бол хуулийн төсөл санаачлагчид буцаах хэрэгтэй. Нэгэнт УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүд засаад баймааргүй байна гэсэн санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Сүүлийн үед УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүд засдаг болж. Хууль санаачлагч нь "дутуу алсан могой" шиг хуулийн төсөл боловсруулчихаад өргөн барьдаг юм шиг ойлгогдоод байна. Анх оруулж ирсэн хуулийн төсөл дээр УИХ-аас гарсан ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцээд 103 зарчмын зөрүүтэй санал оруулж ирсэн байна. Мөн байнгын хорооны дэмжигдээгүй гурван зарчмын зөрүүтэй санал байна. Ингээд өнөөдөр 106 саналаар санал хураах юм байна. Анх орж ирсэн хуулийн төсөл танигдахааргүй болж байгаа юм биш шүү? Хэрэв үнэхээр уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай бол Засгийн газар, хууль санаачлагчид буцааж, төслөө сайжруулж оруулж ирэх ёстой шүү дээ. Нэгэнт УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аас ажлын хэсэг гаргаж засдаг баймааргүй байна. Анх оруулж ирсэн хуулийн төслийн хэдэн хувь нь өөрчлөгдөж байна вэ? Хуулийн төсөл санаачлагчид нэг тайлбар хэлдэг болсон байна. Тэр нь юу вэ гэхээр бид хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан, өөрчлөх нь та нарын гарт байгаа гэх юм. Гэтэл салбарын судлаач, эрдэмтдийн боловсруулсан хуулийн төсөлд дахин засвар оруулах хэрэг байна уу? Улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой зүйлд УИХ-ын гишүүд анхаарал хандуулах ёстой. Анхнаасаа уг хуулийн төслийг эмх цэгцтэй, тооцоо судалгаатай оруулж ирж болоогүй юм уу гэдгийг хууль санаачлагч, ажлын хэсгээс асуумаар байна. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь: Хуулийн төслийг өргөн барьснаас хойш Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж ажилласан. Найруулга, редакцийн чанартай, хуулийн төслийн техниктэй холбоотой саналууд дийлэнх нь байгаа. Эдгээр санал бүгд зарчмын зөрүүтэй санал гэсэн нэр томъёон дор тодорхойлогдоод байгаа учраас олон саналаар санал хураах юм шиг ойлгогдоод байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль анх 2004 онд батлагдсан. 2008 оноос шинэчлэн найруулах шаардлагатай байна гэж ярьж эхэлсэн юм. Шинэчилсэн найруулгын төсөл батлагдсан ч ёсчлоогүй учраас 2016 оны 8 дугаар сарын 30-нд хуулийн төсөл санаачлагчид буцаасан. Ингээд шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж 9 дүгээр сард өргөн мэдүүлээд байна. Найруулгын шинжтэй саналуудыг зарчмын зөрүүтэй гэж тус тусад нь санал хураах уу эсвэл найруулгын шинжтэй саналуудыг нийтэд нь нэг уншаад нэгдсэн санал гэж санал хураах уу гэсэн зохицуулалтыг хуульд нарийн тусгаагүй. Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр найруулгын шинжтэй саналуудыг нэг, нэгээр нь хураая гэсэн санал гаргасан учраас олон зарчмын зөрүүтэй санал юм шиг харагдаад байгаа юм.

2016.12.15