УИХ-ын чуулган ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн талаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Татварын хуультай холбоотой юм байна шүү. Татварын хуулиа эргэн харахгүй бол буруу агуулгаар орчуулчихсан байна. татвар ноогдох орлого, зардлаа хасаад гэж нэрлээд байсан үгүй байна. Татварын хууль дээрээ борлуулалтын орлого юм байна. Татвар тавьж байгаа орлогоо татвар ноогдуулах орлого гэсэн юм байна. Тэрийг засахгүй бол болохгүй юм байна шүү Б.Чойжилсүрэн гишүүнээ хүн бол тэгж ойлгохоор байна. Татвар ноогдох орлого гэхээр татвар ноогдож байгаа орлого гэж ойлгоно. Гэтэл тэр нь борлуулалтын орлого юм байна татварын хуулийн хэллэгээрээ, томьёоллоороо тийм юм байна шүү. Одоо бол бид юу гэж ойлгох вэ гэхлээр энэ албан татварт ноогдох 1,5 гэж байгаа нь нийт борлуулалтын орлого гэж хэлэх юм байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар /2016.10.27/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд сөрөг хүчний байр сууринаас өөрийн саналаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Болд: "Ард түмнээс сонгогдон гишүүдийг намын бүлэг дээр ярьсан зүйлийн эсрэг кноп дарлаа гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлээд байх юм. Тэгвэл УИХ-ын чуулганд М.Энхболд, Ц.Нямдорж хоёр эзэн суугаад хуралд л даа. МАН-аас сонгогдсон бусад гишүүд, цөөнхийн хэрэг алга. Монголын парламент юу болж хувирч байна? Төрийн дээр нам гэдэг ойлголт утгаараа хэрэгжиж байна. 1992 онд батлагдсан Үндсэн хууль бол намын дээр төр байна гэсэн агуулгыг багтаасан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хаах эрх хэнд ч байхгүй. Намын бүлэг дээр ярьж, шийдвэр гаргаж болно. Гэтэл тэр нь Монгол төрийн эцсийн шийдвэр болдог бол Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй болж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээг өргөжүүлж, бүгд өөрийн салбараа ямар нэгэн хэлбэрээр багтаах гэж оролдож байна. Бүх ААН-ийг хамруулах юм бол авлига, хээл хахууль яригдахгүй. Одоо ярьж байгаагаар гишүүд өөрийн эрх ашигт нийцсэн салбарыг хамруулахаар зүтгэж байна. Монголын парламент олонх, цөөнхийн зөвшилцлөөр шийдэж болно шүү дээ. Хоорондоо зөвшилцөж байгаад энэ хуулиа зөв гаргая. Босгыг нь 500 сая, 1 тэрбум төгрөг болгож болно. Бүх ААН-үүдээ хамруулах нь зүйтэй. Зорилгодоо хүрсэн зөв хууль гаргахыг дэмжихэд бэлэн байна."
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар /2016.10.27/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 4 салбарын нэг болох газар тариаланд харъяалах дэд салбарт мод үржүүлгийг нэмж оруулах саналыг дэмжихийг хүслээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: "Мод үржүүлэг гэж хуулийн төсөлд оруулж өгөхийг дэмжиж байна. Миний бие Төсвийн байнгын хороонд харьяалагддаггүй. Гэхдээ сонсоход мод үржүүлэг гэж оруулж ирэх асуудал нэг хүний санал дутсанаас унасан байна. Мод үржүүлэг бол бүхий л мод, жимс жимсгэнэ зэргээр мод тарихын эхлэл болж өгдөг. Мод үржүүлгийг дэмжсэнээр ногоон байгууламжийн хэмжээ нэмэгдэх, энэ чиглэлд бизнес эрхлэх сонирхол ч ихэснэ. Хуулийн төсөлд газар тариалан гэж оруулаад салбар ангилалд, жимс жимсгэнийн ургамал, жимсний сөөг, самар болон бусад жимс тариалалт, олон наст ургамал гээд орчихсон. Энэ ангилалд мод үржүүлэг гэдгийг нэмээд өгөөч гэсэн саналтай байна."
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар /2016.10.27/ хэлэлцэх эхний асуудал бол "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх байлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооны санал дүгнэлт гарсан. Санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцууллаа. УИХ-д 2016 оны 9 дүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хийсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг хэт өргөжүүлж болохгүй, энэ удаад хуулийн төслийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр дэмжээд гарах үр дагаврыг тодорхой хугацаанд харсан нь зүйтэй. Тиймээс УИХ-ын гишүүдийн гаргасан хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх талаар заримын зөүүтэй саналаар санал хураалгах шаардлагагүй” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Хуулиар хориглосноос бусад чиглэлээр алслагдсан аймагт үйл ажиллагаа эрхэлж буй зарим аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулахаар УИХ-аас өмнө нь гаргасан шийдвэрийг энэ төсөлд хүчингүй болгохоор тусгасныг дэмжих боломжгүй тул төслийн 2 дугаар зүйлийг хасах, мөн төслийн зарим зүйл заалтыг хүчин төгөлдөр мөрдөж буй бусад хуультай нийцүүлэх талаар Төсвийн байнгын хорооны ажлын хэсгээс санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Татварын хөнгөлөлтөд зарим салбарыг нэмж хамруулах талаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан санал болон УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа нарын гаргасан салбараар ангилах шаардлагагүй, татвар ногдох жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй ААН-үүдийг бүхэлд нь татварын хөнгөлөлтөд хамруулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Барилгын материалын үндсэн нэр төрөл болох модон хийц, модон эдлэлийг татварын хөнгөлөлтөд хамрагдахааргүй байгаа тул өргөн барьсан төслийн хүрэнд барилгын материалын үйлдвэрлэл гэсэн салбарт мод, модон эдлэл, хийц, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа гэсэн салбарт эсгий үйлдвэрлэл гэж нэмэх саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн, дэмжээгүйгээр ангилан та бүхэнд хүргүүллээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: "Монгол Улсын эдийн засаг 10 тэрбум ам.долларт эргэлддэг. Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт үйлдвэр болон ХАА, үйлдвэр, худалдаа гээд бүх салбар ороод энэ хэмжээнд хүрнэ. Гэтэл дэлхийд програм хангамжийн салбар үсрэнгүй хөгжиж, улс орнуудын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон. Ухаалаг гар утасны апплейкшнүүд эрэлт ихтэй байна. Олон улсын томоохон компаниудаас илүү үнэ цэнэд хүрч, дэлхий ертөнц өөрчлөгдсөөр. Эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд улсын төсөвт төвлөрөх татварыг багасгаж болохгүй. Мэдээллийн технологи гэсэн энэ салбар татварын орлого бүрдүүлэгч нэг бүрэлдэхүүн хэсэг болоогүй байна. Тиймээс Монгол Улс програм хангамжийн үйлдвэрлэлд оролцох хэрэгтэй. Интернэтийн сүлжээг ашиглан хязгааргүй өргөн зах зээлд нэвтрэх боломж байна. Энэ боломжийг ашиглах ёстой. Монголын залуучуудад боломж олгох хэрэгтэй. Монгол Улсын хүн амын 80 хувь нь залуучууд. Залуучуудад газар байхгүй, уурхай байхгүй. Орчин үетэй хөл нийлүүлэн алхаж, оюунаа хөгжүүлж буй залуучуудад боломж олгох юм бол импортыг орлох програм хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадна. Эхнээсээ манай залуучууд дэлхийн зах зээл дээр гарч байна. Дэлхийн томоохон компаниудад өөрсдийн тодорхой байр суурийг олжээ. Одоо энэ залуусыг Монголдоо авчрах хэрэгтэй. Мэдээллийн технологийн төвүүд, дата сан байгуулахад Монгол Улс уур амьсгал, газарзүйн байршлын хувьд боломжтой. Мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлж чадвал шинэ эдийн засгийн боломж бий болно. “Чингис” гэсэн нэрээ ашиглаж 1,5 тэрбум ам.доллар босгосон. Гэтэл ухаалаг гар утасны апплейкшн хөгжиж, хүмүүсийн анхаарлыг татаж байгаа энэ үед манай улс шинэ салбарыг нээж, эрх барьж буй МАН залуучууддаа урам өгөх нь зүйтэй. Энэ бол маш зөв бодлого болно. Манай залуучууд үүнийг хийж чадна. Гагцхүү бодлогын дэмжлэг хэрэгтэй байна. Статистикийн мэдээнээс харахад, дэлхийн нийтээр 223 тэрбум ам.долларыг зөвхөн програм хангамжийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан байна. Гэтэл уул уурхайн салбарт ийм хэмжээний хөрөнгө оруулаагүй. Улс орны ирээдүйд хэрэгтэй, залуучууддаа боломж олгох үүднээс энэ салбарыг дэмжээч гэж хүсч байна."