УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монголын эрчим хүчний нөхцөл байдал хүнд байгаа. Монголын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1570 мвт. Энэ жил маш өндөр үзүүлэлт гаргасан. Тэгэхээр Монгол Улсыг хөгжүүлэх 2024 оны төлөвлөгөөнд бид ярьж байгаад эрчим хүчинд томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Үүнийг хийх нь ч зүйтэй. Тарифын хуульд дөрвөн жил хүртэлх хугацаагаар эсвэл татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно. Б.Чойжилсүрэн сайд аа ! үүн дээр чинь бид шийдвэр гаргалаа гэхэд үндсэн хуулийн цэцээс үндсэн хууль зөрчсөн гээд шийдвэр гаргачих магадлал өндөр байна. Үүнийг тооцсон уу? Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Одоогийн нөхцөлд байдалд манайд нүүрснээр өөр дулааны эрчим хүчний эх үүсвэр бага. Гэхдээ хавтгайруулж 1,5 мегаваттын дулааны цахилгаан станц гээд бүгдэд нь адилхан юм шиг тавьбал учир дутагдалтай. Хятадын сүүлийн үеийн технологиор ямар ч идэмхий гаргахгүй зуух бий. Гэтэл хоцрогдсон технологиор хийгээд эхэлбэл үүнийг дэмжих үү үгүй юу гэдгээ тодорхойлохгүй бол тухайн дулааны станц нь нүүрснээсээ шалтгаална. Нүүрсний ичлэг, тортог, үнслэг гээд энэ бүрт тохируулж оруулж ирэх зуухандаа технологийн стандартын нормоо тодорхойлох хэрэгтэй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл орж ирж байна. Байнгын хорооны хуралдаан дээр миний бие тодорхой саналуудаа хэлсэн. Илтгэгчийн танилцуулгад миний дэмжихгүй байгаа шалтгааныг тодорхойлж хэлж байна. Би өөрийн байр сууринаасаа ухраагүй байгаа. Миний хувьд шинэ сэргэлт, аж үйлдвэрийг дэмжих, хөдөө, боомтыг сэргэлтийг дэмжих хүрээнд бодлогын агуулгаар нь эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх асуудлыг дэмжиж байгаа. Гэвч нэг гараараа хүн амын амьдралыг сайжруулна, агаарын бохирдлыг бууруулна гэж баахан хөрөнгө зарчихаад нөгөө гараараа Улаанбаатарт утаа үйлдвэрлэхээр орж ирж байгааг л би дэмжихгүй байгаа юм. Гишүүд үүн дээр анхааралтай хандах хэрэгтэй байна. 200 яндан 1000 болж орж ирэх гэж байна. Сайжруулсан шахмал түлш рүү шилжээд байсан нь буцаад түүхий нүүрс рүү буюу 5, 10 жилийн өмнө Улаанбаатар даяар амьсгалж чадахгүй хоолой хорсох нөхцөл рүү Эрчим хүчний яам утаа бууруулах бодлогоосоо ухарч ийм хуулийг оруулж ирж байна. Үүнийг би дэмжихгүй. Өнөөдөр Монгол улсад агаарын бохирдлоос шалтгаалан жилд дунджаар 4000 гаруй хүн нас барж байна. Харвалт, зүрх судасны өвчлөл, уушгины хавдар, амьсгалын замын өвчний шалтгаан болж байна. Уушгины хатгалгаар нас барж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж судалгаагаар гарч байна. 100 мянган хүнд ногдох агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын тоо 132 мянга буюу дэлхийн дунджаас 1,4 дахин их байна. НҮБ-ийн хүүхдийн сангаас агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн өвчлөл 24,8 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод зарцуулах шаардлага үүсэж байна гэсэн судалгааг гаргасан. Эрүүл мэндийн өндөр зардал, дундаж наслалт, архаг өвчлөлтийг бууруулахын эсрэг бодлого гаргаж байгаа учраас би дэмжихгүй. Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа. Д.Өнөрболор: Түүхий нүүрсний утаа үйлдвэрлэх бодлого орж ирж байгааг дэмжихгүй Тухайлсан асуултад зарчмын зөрүүтэй санал гаргаад байгаа юм. Яагаад энэ саналыг хэлээд байна вэ гэхээр би Г.Ганболд гишүүнтэй санал нэг байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд авч буй том агуулгын бодлогыг би дэмжиж байгаа. Том бодлоготой зэрэгцээд Улаанбаатар хотод түүхий нүүрсний утаа үйлдвэрлэх бодлого давхар орж ирээд буйг би эсэргүүцээд байгаа юм. Надад ямар нэг ашиг сонирхол байхгүй. Ашиг сонирхол дээр тулгуурлаж байр суурь илэрхийлдэггүй. Энэ бол зарчмын асуулт. Бид мөнгө олж болно. Гэхдээ ард иргэдийнхээ эрүүл мэндийг хорлож мөнгө олж болохгүй гэдгийг хатуу хэлмээр байна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.21/ хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Дэгийн тухай хуулиар энэ хууль дээр зарчмын зөрүүтэй санал гаргаж болохгүй гэж байна. Яагаад болохгүй юм бэ? Би сая бичгээр зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо өгсөн. Хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн дараа тайлбар хэлбэрээр хуулийн үйлдвэрлэх гэдэг үгэн дээр Нийслэл Улаанбаатар хотод түүхий нүүрс болон стандартын шаардлага хангаагүй түлшийг ашиглах тохиолдолд энэ заалт хамаарахгүй гэж л нэмэх асуудал юм. Миний хувьд шинэ сэргэлт, аж үйлдвэрийг дэмжих, хөдөө, боомтыг сэргэлтийг дэмжих хүрээнд бодлогын агуулгаар нь эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх асуудлыг дэмжиж байгаа. Салбарын яам, сайд судалгаатай, шинжлэх ухаанчаар ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангах ёстой. Уг асуудлыг ялгамжтай оруулж ирэх шаардлагатай байгаа учраас би зарчмын зөрүүтэй санал гаргасан. Эрчим хүчний яам иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчны эсрэг агаарын бохирдлыг бууруулах бодлогоос ухарч байна. Өнөөг хүртэл 10 гаруй жилийн хугацаанд агаарын бохирдол мөнхийн сэдэв байж ирсэн. Үндэсний хороо үүнд шат дараатай ажиллаж ирсэн. Үүний эсрэг Эрчим хүчний яам бодлого гаргаж байгаа учраас үүнийг дэмжихгүй байгаа юм. Гоё танилцуулгын ард түүхий нүүрсээр ажиллаж байгаа яндангуудыг ажиллуулах гэж байна. Дээр нь нэмээд ажиллуулах гэж байна. Мөн бүр түүхий нүүрс түлэх гэж байна. Ийм зүйл байж болохгүй. Өнөөдөр дэлхий дээр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх олон арга зам бий. Тухайлбал дэвшилтэт технологийн ногоон санхүүжилт гээд маш олон арга зам байна. Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах асуудал маш чухал учраас хотод ялгамжтай байдлаар зохицуулалтыг оруулж ирэх хэрэгтэй байгаа юм. Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Эрчим хүчний хомсдлоос сэргийлэхийн тулд бид аж ахуйн нэгжүүдээ дэмжих шаардлага үүсэж байгаа. Захын дүүргээс сонгогдсон гишүүний хувьд манай тойрогт тог эрчим хүч, гудамжны гэрэлтүүлэг тэр дундаа дахин ашиглах боломжгүй орон сууц гээд хэд хэдэн асуудал байдаг. Азийн хөгжлийн банкны зээл, тусламжаар Монгол Улсын Засгийн газрын тодорхой хэмжээний санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа эрчим хүчний хуримтлуурын төсөл ямар шатандаа явж байгаа вэ? Энэ төсөл хэрэгжснээр захын хороолол, Улаанбаатар хотын эрчим хүчний уналттай айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах бүрэн боломж нь бүрдэнэ гэж үзэж буй. Өнөөдрийн байдлаар уг ажил ямар шатандаа явж байна вэ? Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан ААН-үүд тоног, төхөөрөмжөө татаж чадахгүй байх, хил дээр хаагдах, үнэ өртөг нь нэмэгдэх, анх батлагдсан төсвөөрөө хийгдэж чадахгүй байх асуудлаас үүдэн айл, өрхийг тог цахилгаанаар хангаж чадахгүй ажил удааширсан үйл явдал бий. Өнөөдөр Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж байгаагийн хувьд СХД-ийн 10267 өрх тогтой залгагдах ажил хийгдэж байгаад Эрчим хүчний сайдад талархлаа илэрхийлье. Улаанбаатар хотын төвлөрөл, шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй холбогдуулан хамтын ажиллагаа ямар шатанд явж байгаа вэ? Айл өрхүүд буугаад эхэлчихдэг. Газар олгодог, хашаагаа хатгачихдаг. Гэтэл тоггүй. Ингэснээр чанаргүй тог цахилгааныг айл өрх нэгнээсээ дамжуулж, нөхөн татсан энэ байдлаас тогны утсанд хүүхэд бэртэх, гэмтэх эрсдэл их байдаг. тиймээс дээрх төлөвлөлтийн ажлаа хамтран хийж чадаж байгаа юу? Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.