УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Монгол Улсын Хөгжлийн банкны шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Олон улсын валютын сантай зөвшилцсөний үндсэн дээр хэд хэдэн заалтыг хуулийн төсөлд нэмж тусгасан байна. Уг нь нэмэлт заалт оруулсан тухай ажлын хэсгээс хэдэн зүйл тодруулахыг хүсч байсан. Хөгжлийн банк бол төрийн оролцоотой, төрийн өмчит банк байсан. Шинэчилсэн найруулгын төсөлд 5 дугаар зүйл орж ирснээр 10,2, 18,2 гэсэн хоёр заалт нэмэгдсэнээр Хөгжлийн банк хувьд шилжих, холимог өмчийн оролцоотой банк болж, өөрчлөгдөх тал руугаа явж, Монголбанкны хяналтад 100 хувь шилжинэ гэж ойлгогдлоо. Ингэж ойлгосон нь зөв үү? Иргэд мэдээлэлтэй байх ёстой."
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Монгол Улс бие даан хөгжих ёстой. Өнөөдрийн нөхцөл байдалд үндэслэж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах тухай ярьж байна. Гэхдээ Олон улсын валютын сангаас ямар 13 шаардлага тавьсныг сайн мэдэхгүй байна. Тиймээс УИХ дээр энэ 13 асуудлыг сонсож, зөвшилцлийн зарчмаар явах нь зүйтэй болов уу. Нийгмийн бухимдал, хямралын үед Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг батлахаа түр азнаад “Стэнд бай” хөтөлбөрийн тухайд зөвшилцөж чадах юм бол дараа нь энэ хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг батлах боломжтой. Дагалдах хуулийн төслүүдийг батладаггүйгээс болж, хуулийн зөрчил үүсэх нь бий. Олонхийн саналаар уг хуулийн төслийг батлачихаж болох байх л даа. Түүнээс өмнө Олон улсын валютын сангаас тавьсан 13 шаардлагыг Төсвийн байнгын хорооныхон манай байнгын хороонд танилцуулж, ярилцах нь зүйтэй гэсэн горимын саналтай байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрх баригчдын хоорондын зөрчил, тэмцлийн улмаас Хөгжлийн банк болон Стэнд бай хөтөлбөртэй холбоотой асуудал гацаанд орно гэж шүүмжлэлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол Улсын эдийн засгийг аварья гэхээр санаатайгаар аврахгүй байя, МАН эдийн засгаа унагаасан мэтээр муухайгаар харагдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулья гэх зэргээр ард түмнээ барьцаанд тавьсан улстөрчдийн тоглоом яваад байна уу гэж хардаж байна. Тухайлбал, БНХАУ-аас зээл авья гэхээр Далай ламыг урьдаг, ОХУ-тай яриа хэлэлцээ хийе гэхээр гүйж очоод янз бүрийн юм яриад болиулчихдаг, Тавантолгойн төслийн талаар ярилцаж байхад улстөржиж гацаадаг, одоо “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэхээр саад болж байна. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэж хэлж байсан даа. Хэдийгээр та хэдийгээ шүүмжлээд байгаа мэт боловч улс орны эдийн засгийг аврах, босгох асуудал дээр нам харгалзахгүй дэмжиж байгаа шүү дээ. Дэмжих ёстой ч гэж бодож байна. Хэн нь эдийн засгийг сөхрүүлсэн бэ гэдэг нь дараагийн асуудал. Одоо бол эдийн засгийн хямралаас яаж гаргах вэ гэдгийг ярих ёстой. Асуудал маш тодорхой байна. Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг батлах ёстой юу гэвэл батлах ёстой. Гэхдээ Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах уу, үгүй юу гэж ярих гэхээр энэ хуулийн төслийг баталж, чагт үүсгээд уг хөтөлбөрт хамрагдахгүй гэж байгаа юм уу? Эсвэл ирц хүрэхгүйн зовлон байхгүй юм чинь байнгын хороо, УИХ-аараа энэ асуудлыг оруулаад хэрхэх эсэхээ шийд л дээ. Олон улсын валютын сангийн тавьж буй нөхцөл, шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж үзэж байгаа бол шууд хэлчих хэрэгтэй. Хэрэв улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх чөлөөнд халтай нөхцөл тавиад байгаа бол гишүүд бүгд эх оронч үзэлтэй учраас уг хөтөлбөрт хамрагдахгүй шаардлагагүй гэж үзэж байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдчихаар Засгийн газар /Ж.Эрдэнэбат/ эдийн засгийг аварлаа гэсэн нэр зүүнэ гэж бодоод ил хайр зарлаад, далд ар нуруу руу нь “хутга зоогоод” байна шүү дээ. Эрх баригчдын доторх зөрчилдөөн, олигархиудын хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл ард түмнийг тамирдуулж байна. Ард түмэн та нарт итгэж, 65 суудал өгөөд байхад нэг асуудлаар хоорондоо ойлголцдоггүй. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны дарга нар хоёр өөр зүйл ярьж байна шүү дээ. Улс орны хувьд төсөв чухал юм бол Төсвийн байнгын хороог сонсмоор байдаг. Эдийн засаг чухал гэж үзвэл Эдийн засгийн байнгын хороог сонсмоор байдаг. Гэтэл өөр өөр намын гишүүд шиг, хоёр өөр асуудал ярьж байгаа юм шиг асуудалд хандах юм. Стэнд бай хөтөлбөрийг зогсоох тухайд эсрэг кноп дармааргүй байдаг. Бас Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг унагаасан эсрэг кноп дармааргүй байна. Хөгжлийн банк, Стэнд бай хөтөлбөрийн талаар бүлгийн хуралдаан дээрээ яагаад ойлголцож болоогүй юм бэ? Ойлголцож чадахгүй байгаа бол МАХН руу хүрээд ирээч. 1990 онд бид нэгдмэл байж чадсан. 72-уулаа байхдаа энэ улсыг хөгжүүлж чадсан.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж, танилцуулсан юм. Танилцуулгын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа уг хуулийн төслөөр завсарлага авах горимын санал гарсан учраас УИХ-ын дарга нэг хоногийн завсарлага өглөө. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Тус байнгын хороо Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2017 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хийж, анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусган, эцсийн хувилбарыг төслийг бэлтгэлээ. Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 23,5 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцүүлгийн шатанд байгаа болно. Монгол Улсын Хөгжлийн банкны шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд үг хэллэг, хууль зүйн техникийн засваруудыг хийж, эцсийн хувилбарыг төслийг хүргүүлж байна.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэллээ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Цаашид Хөгжлийн банк хатуу хяналттай ажиллахгүй бол өмнөх алдаагаа давтах аюултайг бодох хэрэгтэй. 2008 оноос Хөгжлийн банк байгуулах нь зөв зүйтэй гэж ярьсаар байж энэ хуулийг батлаж Хөгжлийн банк бий болж байсан. Тухайн үед хэлцэгдэж байсан зорилго биелэлээ олсон бол өдийд улс орны хөгжил, эдийн засгийн хувьд маш том хувь нэмэр оруулах байсан юм. Харамсалтай нь тэр төсөл бодит үр дүнгээ өгч чадсангүй. Энэ асуудлын талаарх хууль санаачлагчдын зүгээс ямар үнлэлт, дүгнэлт хийж байгаа вэ? Хөгжлийн банк ашигтай ажиллах төслүүдэд л эргэн төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалт хийх байсан. Бид энэ хуулийг батлах үед 2011 онд 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Хөгжлийн банкинд гаднаас оруулж ирсэн 500 гаруй сая доллартай нь хамт хүлээлгэж өгч байсан. Одоо тэгэхээр Хөгжлийн банк бондын мөнгийг хэр зэрэг үр дүнтэй ашигласан бэ гэдэгт тулгуурлаж гарсан шалгалтын үр дүнгээс харж байхад арилжааны банкуудаар хийгдсэн зээлүүд Хөгжлийн банкнаас харицангуй дээр үр дүнтэй зарцуулсан байгаад байдаг. Төмөр замын төсөл хөтөлбөр, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор гээд томоохон төсөлд эргэн төлүүлэх нөхцөлтэй гэрээ хийсэн ч одоо сураггүй болсон. Энэ мэт төрийн нэрийн өмнөөс банк байгуулчихаад ийм байдалтай авч яваад байвал нийгэмд сөрөг үр дагавартай. Ирэх дөрвөн жилд ч гэсэн энэ байдлыг маш сайн хянаж явах нь зүйтэй. Хөгжлийн банкны томилгооны хувьд дэмжиж байна. Хүний нөөц нь мэдлэг, туршлагатай байж чадвал цаашид энэ асуудлыг таслан зогсоох боломжтой гэж үзэж байгаа юм.