Өчигдөр /2018.05.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. 2018 оны 5 сарын 24-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслөөр ХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулахаар тусгасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байр сууриа илэрхийллээ. Ё.Баатарбилэг: Бүтэц өөрчлөгдсөнөөр тодорхой орон тоо эсвэл цалингийн сан гэх мэт төсөвтэй холбоотой ямар өөрчлөлт гарах вэ? Манай байнгын хорооны эрхлэх ажлын хүрээн дэх асуудал яригдаж байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын асуудал дээр бүтцийн асуудал орж ирсэн талаар тодорхой мэдээлэл авлаа. Тодорхой бүтцийн өөрчлөлтүүд хийх зүйл орж байна. Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хоёр байнгын хороо хамтарч хуралдсан. 1 сарын 5-ны 2 тоот тогтоолоор агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр асуудал хариуцсан агентлаг юм уу бүтэц бий болго гээд хугацаатай үүрэг өгсөн ч одоо болтол байхгүй. Өнөөдөр ажлын хэсэг дээр мэдээлэл сонсоход нэгэн рүүгээ чихээд, хариуцах хүнгүй байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь Нийслэлд найдаад, "Нийслэлээс хуралдаа ирэхгүй байна" гэсэн юм ярьж байна. Нийслэл нь болохоор Яам, дээд байгууллагаа хараад байдаг. Нэгдсэн уялдаа холбоо муу байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Ийм чухал асуудлууд дээр яаралтай шийдвэр гаргаж, бүтцийнхээ өөрчлөлтийг оруулж ирээд байж болдоггүй юм уу? Утааны асуудал эргээд УИХ дээр ирнэ. Ганцхан Засгийн газрын асуудал биш. УИХ эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгчихсөн. Асуудлаа оруулаад ир гэсэн. Одоо болтол оруулж ирэхгүй байсаар байгаад жилийн хагас боллоо. Эргээд утааны асуудал яригдаад эхэлнэ. Гишүүд утааны асуудал дээр дор бүрнээ анхаарал хандуулаарай. Засгийн газрын асуудал гэж ойлговол эндүүрэл. Агентлагийнхаа асуудлыг яаж оруулж ирэх юм? С.Чинзориг: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд төсөвт үйлдвэрийн газар статустайгаар Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв гээд нийтдээ 121 хүнтэй газрууд ажиллаж байна. Эдгээрээс 90 хүн нь хөгжлийн бэршээлтэй иргэдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, шаардлагатай байгаа мэргэжлийн чиг баримжаа, сургалтуудыг явуулдаг 3 аж ахуйн тооцоотой үйлдвэр байгаа. Цаана нь үлдэж байгаа 31 хүн нь захиргаа аж ахуйн хүмүүс байна. Бидний оруулж ирж байгаа санал нь энэ 31 хүний бүтэцтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлаг байгуулах төлөвлөгөөтэй байна.
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Учрал: СХД-т 820 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Энэ тооны эцэг, эх ажил хийж чаддаггүй учраас, орлого муу. Тэгээд түлш авч чаддаггүй. Олдсоноо түлдэг, ингээд утаа бий болдог. Миний хувьд энэ асуудлыг зүгээр хараад суусангүй. "Тэмүүжингийн андууд" гэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв байгуулсан. Одоо 71 хүүхэд хамрагдаж байна. Бас 4 ээж энд ажилладаг. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд анхаарах хэрэгтэй. Агентлаг байгуулж болно. Гэхдээ төсөв дээр тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэг байгуулах талаар анхаарах ёстой. Тэгээд сайдаас "Тэмүүжингийн андууд" цэцэрлэгт шаардлагатай байгаа сэргээн засахад зориулсан хэрэгцээтэй зүйл дээр туслах болом бий юу гэдгийг тодруулъя. УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд С. Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харж байгаа хүмүүс ажил хийж чаддаггүй. Сэтгэл санаагаар маш их дарамттай байдаг. Энэ хүмүүст олгож байгаа тэтгэмжин дээр анхаарах цаг болсон. Амьжиргааны төвшинтэй уялдуулан тэтгэмжин дээр нэмэгдэл олгох тал дээр хууль эрхзүйн өөрчлөлт хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэх боломжтой 70 орчим мянган иргэд байдаг. Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган хүн хөдөлмөр эрхлэж байна. Дэлхий нийтийн чиг хандлагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх бодлого баримталж байгаа. "Тэмүүжингийн андууд" цэцэрлэгтэй холбоотой асуудлыг дараа нь ярилцаж, шийдэх боломж бий.
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарах хэрэгтэй. Зүгээр явж байгаа иргэдээ дайраад хөгжлийн бэрхшээлтэй болгочих юм аа. Цаашдаа хөгжлийн бэрхшээлийг бууруулах арга зам байна уу? Том байгууллага байгуулчхаад үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй байна. Цаашдаа ямар дэвшилттэй ажил хийх вэ? Ирэх жилийн 5 сард түүхий нүүрс оруулж ирэхгүй гэж байгаа. Утааны эсрэг бид дуугарна. Харин засгийн газар сонсох хэрэгтэй. УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд С. Чинзориг: Улсын хэмжээгээр 103,6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Дийлэнх нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Үүнийг цаашдаа анхаарах ёстой. Энэ жил төсөв дээр агентлаг байгуулснаар мөнгө нэмэгдэхгүй. Харин агентлаг болсноор дэвшилттэй хийх ажлууд байгаа. Нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр хамрагдах, боловсролын хэрэгцээ гээд олон тал дээр анхаарна.