Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар /2014.01.15/ Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Мөн дээрхи хуулиудтай холбогдуулан “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Хэлэлцэж буй хуулиудын төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд салбарын сайдаас асуулт асууж, хариулт авлаа. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг асуултдаа, 100.0 тонн улаан буудайнаас хивэг гарна. 1000 тонн хивэг экспортод гаргалгүйгээр дотоодын сүүний фермүүдэд өгөх шаардлагатай байгааг хөндөж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаас энэ асуудлаар тайлбар авахыг хүслээ. Хивэгний экспортыг дэмжих ёстой. Дотоодын хэрэгцээ 1000 тонн-д хүрэхгүй харин 500-600 тонныг авч үлдэх боломжтой гэсэн хариулт өглөө. Ингэснээр 500 тонн хивэгийг дотоодын хэрэгцээнд авч үлдэх асуудлыг Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг болгон хүргүүлэхээр тогтлоо.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /2014.01.09/ үдээс хойш хуралдлаа. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай тус Байнгын хорооноос гаргасан тогтоолын төсөлд Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, алслагдсан бүс нутгийн газар тариаланг хөгжүүлэх зорилгоор газар тариалангийн салбарт дэвшилтэт технологид суурилсан техник шинэчлэлийг нэвтрүүлж, талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах, нэмэгдүүлэх, үрийн аж ахуйг хөгжүүлж, үр, сортын шинэчлэл хийх, газар тариалангийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих асуудлаар хөтөлбөр боловсруулж Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.
УИХ-ын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Уг хуулийн төслийг хэт оройтож өргөн баригдсаныг гишүүд хэлж байсан бөгөөд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатайг хэлж байлаа. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв. Харин яг одоо Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд буюу Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахад татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Ийнхүү татвараас чөлөөлчих юм бол тариаланчдад хөнгөлөлт болох, газар тариангийн салбарыг дэмжих, сайн чанарын сортын улаанбуудайг оруулж ирэх боломж бүрдэх юм. Хууль санаачлагчийн илтгэлийг ҮХАА-н сайд Х.Баттулга танилцуулахдаа газар тариалангийн бодлогын дүнд импортоор орж ирэх улаан буудайн хэмжээ эрс багассаныг хэлээд улаанбуудайн болон үрийн хангалт, техникийн шинэчлэлт гээд асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын өргөн мэдүүлсэн дээрх төсөлд хүнсний хэрэгцээг хангахтай холбоотойгоор 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулж ирэхэд Гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгаад байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Баярцогт “Атрын III аяны хүрээнд Монгол Улс өнгөрсөн хугацаанд газар тариалангийн салбарт амжилт олж, улаан буудайг экспортлох хэмжээнд хүрсэн байсан ч жилийн дотор импортоор улаан буудай оруулж ирэх болж байгаа нь бодлогын алдаа гаргасантай холбоотой” хэмээн шүүмжилсэн юм. Үүнтэй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат мөн байр суурь нэг байгаагаа илэрхийлсэн төдийгүй Засгийн газар улаан буудайг бага үнээр худалдаж авсан учраас арга буюу өнгөрсөн хавар тариаланчид тариалалтаа багасгасан. Энэ нь эргээд гурилын хэрэгцээг хангахгүйд хүрч улаан буудай импортлохоос аргагүйд хүрч байна. Нэг тонн улаан буудайг 400 мянган төгрөгөөр худалдаж авах саналыг тариаланчдаас ирүүлж байсан ч Засгийн газар 320 мянган төгрөгөөр үнэлж авсан. Гэтэл одоо ОХУ-аас буудай импортлох болохоор 400 мянган төгрөгөөс ч үнэтэй авах болж байна. Эргээд энэ нь стратегийн чухал салбараа гаднаас хараат болгох зүйл рүү явуулж байна. Өмнөх Засгийн газрын олсон амжилтыг Шинэчлэлийн Засгийн газар унагалаа гэж буруутгасан юм. Монгол Улсын гурилын хэрэгцээг хангахад ирэх онд 100 мянган тонн улаан буудай нөөцлөх шаардлагатай аж. Одоо нөөцөлсөн нь 28 мянган тонн гэнэ. Ийм хэмжээний улаан буудайн нөөц бүрдүүлсэн байхад ирэх оны намар шинэ буудай гартал гурилын хэрэгцээгээ хангах бололцоо бүрдэх аж. Энэ оны хувьд 2012 онд нөөцөлсөн буудайгаа хэрэглэсэн юм байна. Харин ирэх онд гадаадаас авахаас аргагүй болсон тул улаан буудайн импортыг 2014 оны зургадугаар сарын 1-н хүртэл Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх шаардлага үүсчээ.