УИХ-ын өнөөдрийн /2019.02.02/ нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Монголчууд олон жил өндөр үнэтэй билет авч нисэж байна. КАЛ-ын монополь арай дэндүү байна. Бараг мафи шиг болсон. Энийг цаашид интеграцичилсан бодлого явуулах уу? Дорнодын “Петро чайна дачин тамсаг” гэж компани 30 гаруй жил болж байна. 200 км зам тавьдаггүй. Очоод хэлж байж 114 км-ыг нь тавиулсан. Үлдсэнийг нь тавьдаггүй. Энэ компанийн буруу биш. Бид нарын хэн нь энэ замыг тавих вэ гээд хэрэлдэх хооронд харж байгаад аль ялснаар нь зам тавиулна гээд сууж байгаа юм билээ. Та энэ салбараа судалсан уу? шүүхийн шийдвэрээр ажилдаа орох ёстой ч чадахгүй байгаа хичнээн хүн байна вэ? Тэдгээрийг ажилд нь авах уу?” Түүний асуултанд ЗТХ-ийн сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хариуллаа.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. “Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан тоотод Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын; Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын; Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Дээрх сайдын албан тушаалд нэр дэвшигчдийг байнгын хорооны хурлаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: “Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Б.Энх-Амгалан гишүүнийг дэмжиж байна. Томоохон бүтээн байгуулалт, Зүүнбаян-Ханги мандал, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг хурдавчлуулах тал дээр яаж ажиллах вэ? Энэ төмөр замын зураг төсөл дууссан. Бүтээн байгуулалтанд оролцох хүсэлтэй олон улсын компаниуд илэрхийлсэн. Энэ ажлыг та түргэвчлүүлэх хэрэгтэй байна. Дор хаяж 4 сараас шав тавьж ажлыг эхлүүлэх боломж байна уу?” Түүний асуултанд Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хариуллаа.