• logo
  • search
    user

Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай

Тогтоолын төсөл (Л.Оюун-Эрдэнийн кабинет)
Өргөн барьсан: 2021.01.29

Байр суурь

П.Анужин: Ард түмний амьдралын үнэнийг хэлэх УИХ-ын гишүүдтэйгээ нягт сонсож ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцууллаа. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн П.Анужин: "Эрүүл мэндийн сайдаас асуух асуулт байна. Эх хүүхдийн эрүүл мэнд. Тэр дундаа нярай хүүхэд, хүүхэд, эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал бол эрүүл мэндийн салбарын цөм асуудал гэж үздэг. Эрүүл хүүхэд бол Монголын баялаг. Цөөн хоногийн өмнө дөнгөж төрсөн нялх биетэй ижийг нярай хүүхэдтэй нь нимгэн нөмгөн хувцастай өвлийн дөн хүйтнээр гаргахад Монголчууд даяараа дургүйцсэн.Та эх хүүхдийн эрүүл мэндийг хангах, тэр дундаа төрөх эмнэлгийн эмч сувилагч ажилтан нарын хандлагыг өөрчлөх, тоног төхөөрөмжийг өөрчилж, ахуй орчныг шинэчлэх тал дээр эрс өөрчлөлт хийж чадах уу? Соёлын сайдаар томилогдож буй Ч.Номинд баяр хүргэж, амжилт хүсье. Өнөөдөр дэлхийн улс орнууд зөөлөн хүчний бодлого, соёлоор дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах үйл ажиллагааг дор бүрнээ амжилттай хийж байна. Та монгол соёл, ахуй, нүүдлийн нандин соёлыг дэлхийд гаргах тал дээр ямар ажил хийх вэ? Та сайдын ажлаа өгөхөд соёлын салбарт юу үлдэх вэ гэдгийг хариулж өгөөрэй. ХНХ-ын сайд А.Ариунзаяа сайдад хандан хэлье. УИХ-ын гишүүн гэдэг бол Монгол орны өнцөг булан бүрээс 76 тойргоос ард түмний итгэлийг авч сонгогддог. Энэ 76 тойрогт 3,3 сая хүн багтдаг. Энэ талаасаа УИХ-ын гишүүд бол ард түмний амьдралыг сайн мэддэг, зовлон жаргалыг сэтгэл тархиндаа үргэлж тээж, шийдэхийн төлөө явдаг хүмүүс. Ард түмний амьдралын үнэнийг хэлэх УИХ-ын гишүүдтэйгээ нягт сонсож ажиллаарай. Таны асуух болгонд түгдрэлгүй хэлдэг статистик тоо, ард түмний амьдрал 2ын дундл асар их зөрүү байдаг. Ажилдаа, амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн төлөө бодитой ажлаарай гэдгийг захин хэлж амжилт хүсье."

2021.01.29

Б.Баярсайхан: Шинэ Засгийн газрын хугацаанд Хүний хөгжлийн цогц бодлоготой болно гэж найдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцууллаа. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: "Эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд болон таны шинээр эмхлэн байгуулж байгаа Засгийн газрыг дэмжиж байна. Томилогдож байгаа сайд нарт ажлын амжилт хүсье. Надад хэд хэдэн асуулт байна. Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд хүүхэд эмэгтэйчүүдэд хүнлэг бус хандсан төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бол ёс зүйн хариуцлага хүлээсэн. УИХ-аас эмэгтэй гишүүдийн зүгээс хүүхдийн асуудлаар эрх зүйн орчин бүрдүүлж, хүүхэд хамгааллын зардлыг жил бүр нэмэгдүүлэн ажиллахад анхаарч ажиллаж байгаа ч өнөөдөр нийгэмд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд нь хангалттай ажиллаж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд нь хуулиараа хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалтыг хангаж ажилладаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлэн ажилладаг. Та Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийг бууруулах чиглэлд ямар ажил хийх вэ? Хүүхэд хамгааллын байгууллагуудын хүний нөөцөд та анхаараарай. Мэргэжлийн сэтгэлтэй, хүүхдэд хайртай залуус эмэгтэйчүүд, хөгжлийн төлөө, гэр бүлүүдийн төлөө сайн бодлого гаргаж ажилладаг ёс зүйтэй хүмүүсийг салбартаа ажиллуулаарай гэж хүсэж байна. Мөн УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг, Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг дэмжин ажиллана гэж итгэж байна. Алсын хараа 2050-д Монгол Улсын хөгжлийн суурь бодлого болох хүний хөгжлийн цогц бодлогыг Л.Оюун-Эрдэнэ сайд таныг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд бүх суурь ажил тавигдаж, Монгол Улс хүнээ дээдэлсэн Хүний хөгжлийн цогц бодлоготой болно гэж найдаж байна. Энэ ажлыг УИХ-ын гишүүний хувьд хамтран ажиллахаа илэрхийлье. Соёлын сайдаас асууя. У.Хүрэлсүхийн Засгийн газар Соёлын салбарт маш их анхаарсан. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, шинэ бодлогыг хэрэгжүүлж байгаа. 26 жилийн дараа Монгол Улс бие даасан Соёлын яамтай болсон. Өнгөрсөн 7 сарын хугацаанд уг яам хөдөө орон нутагт хүрч ажиллаж чадсангүй. Соёлын яамыг зөвхөн Улаанбаатарчуудад зориулаагүй, нийт монголчууд, тэр дундаа тархан суурьшсан Монголчууддаа хүртээлтэй болгох ёстой. Соёлын реформыг ингэж өргөн далайцтай хийж байж бид өнөөдөр яриад байгаа ондоошлыг авч чадна. Ч.Номин сайдын хувьд Монгол ТВ удирдаж байхдаа олон улсын нийгэмд сайнаар нөлөөлсөн, залууст сайн нөлөө авчирсан соёлын контент оруулж ирсэн. Хүмүүнлэгийн асуудлыг дэмждэгт талархаж явдаг. гэхдээ одоо бүхэл улс орны Соёлын салбарын тэргүүн, төрийн сайд болж байна. Та хувиараа ямар нэг төсөл хөтөлбөр энэ салбарт хэрэгжүүлж, хийж байгаа юу? Хийхээр төлөвлөж байгаа юу? Хүнээрээ хүн хийх, Монгол уламжлалт зан заншил, соёл алдагдсанаас бол өнөөдөр бид ёс суртахуунтай сайн хүн болгож чадахгүй байгаа бодлогын алдаа сүүлийн 30 жил байсан. Хүүхэд хүмүүжүүлэх, хүүхдийг хүн хийнэ гэдэг зөвхөн боловсролын яамны ажил биш. Монгол иргэн бэлтгэх дээр та ямар бодолтой байна вэ? Эрүүл мэндийн сайдаас асууя. Уг салбарт гарсан асуудлаас болж Загсийн газар огцорлоо. Эмнэлэгт байгаа эмнэлгийн ажилтнуудын ажилдаа хандах, өвчтөнүүддэ хандах хандлагын тал дээр анхаарч ажиллаарай." Түүний асуултад Соёлын сайдад нэр дэвшигч Ч.Номин, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.

2021.01.29

Ц.Туваан: Цар тахлаас сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: "Цар тахлаас сэргийлэх тухай хуулийг УИХ-аар батлуулсан. УОК-ын ажил С.Амарсайхан сайдын нуруун дээр ирлээ. Мөн Эрүүл мэндийн сайд байна. Асуудалд орчин үелэг, шинэдлэг байдлаар ажиллаж, хуулийг мөрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаарай. Сангийн сайд маш сайн томилгоо орж ирсэн байна. Салбараа мэддэг, тогоондоо чанагдсан хүн томилогдох гэж байна. ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан эргэн томилогдож байна. Төв аймгийн иргэдээс их хүсэлт ирсэн. Баруун урд талын сумдаас ялангуяа өвөлжилт хүндэрч малчид зутарч байна. Зудын зэрэглэлд орохгүй байгаа ч малчдад тусламж, дэмлэг хэрэгтэй байгааг анхаараарай. Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсан. Санхүүжилт байхгүй учраас хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Ялангуяа малын махаа экспортод гаргах тал дээр салбарын сайд ямар бодлого баримтлах вэ? БОХХААБХ-д 6 хуулийн төсөл орж ирсэн. Үүн дотор яам байнгын хороотой хамтран ХАА-н цогц бодлогыг гаргах боломжтой болсонд олзуурхаж байна. Соёлын сайд шинээр томилогдож байна. Уг нь энэ яам байгуулагдсан нь их зүйтэй. Хөдөө орон нутагт соёлын салбарыг хөгжүүлэх, шинэ соёлын төвүүдийг байгуулан ажиллах тал дээр анхаараарай. Боловсролын яаманд их туршлагатай хүн очлоо. Оюутны сургалтын төлбөртэй холбоотой асуудал их байна. Цар тахлаас болж оюутан сургаж байгаа айл өрх бүр хүнд байдалд орсон. Тиймээс энэ жилийн Боловсролын сан дээр 24,8 тэрбумаас 7,6 тэрбумыг өмнөх гацааг гаргах тал дээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай шүү. Цар тахлын өнөөдөр баталсан хуульд дотуур байрны төлбөртэй холбоотой асуудал орсныг анхаараарай. Засгийн газраас цахилгаан, дулааны үнийг хөнгөлсөн. Энэ хөнгөлөлт хэмнэлтүүдийг гаргана. Үүнийг эцэг эхийн халааснаас гарч байгаа мөнгөнөөс хасах ямар боломж байна гэж харж байна вэ?"

2021.01.29

Д.Ганбат: Ардчилсан нийгэмд залуус амжилттай амьдрах боломжийг бүрдүүлээрэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Өмнөх Засгийн газрын гишүүд тал хувь нь эргээд орж ирсэн байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд офицер хүн шиг хариуцлагаа хүлээж чадлаа. Түүнчлэн Шадар сайд Я.Содбаатарын барьж байсан стратеги бол маш зөв байсан. Сүүлийн хэд хоногт коронавирусыг алдчихлаа. Өнөөдөр Коронавирустай тэмцэх яам байгуулаад орж ирэх байсан ч та нар чадсангүй. Монголчууд ардчилсан нийгэмд амьдарч байна. Тан шиг залуучууд ч амжилттай явах ёстой. Хойд солонгос шиг Ким жон уныгаа дороос нь хараад амьдармааргүй байна. Энэ улсад өөр өөрийн салбараар яваад амжилттай байж чаддаг нийгмийг бий болгоорой. Сүүлийн үед сэтгүүлчид цахим орчныг ашиглаж чадсан хүмүүс л дарга сайд болдог байдал газар авлаа. Үүнийг засах хэрэгтэй. Цар тахлын эсрэг танай Засгийн газар яаж ажиллах вэ? Дарханы замыг тавих тал дээр юу хийх вэ? АН бол сурталчилгаанаас илүү ажлаа хийдэг хүмүүс Гансүх сайдын үед 2500 гаруй км замыг тавьсан. Гэтэл өнөөдөр 400 км орчим зам тавих ажил хэзээ хийгдэх вэ Халтар сайд аа. Цаашид хамтраад сайн ажиллана."

2021.01.29

Б.Бат-Эрдэнэ: Малчдын баялгийг ингэж авч болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хэнтий аймгийг тойрсон 2-3 сумын 40 айлын ноолуурын 362 сая төгрөгний асуудал байна. Засгийн газар шийдвэр гаргаад ноолуур худалдаж авсан. Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Сайд өөрөөсөө түлхээд энэ асуудал шийдэгдэхгүй. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Малчдын баялгийг ингэж авч болохгүй. Олон ярсан асуудал хойшлогдоод байна. Хуурамч шатахууны асуудал. Хүмүүсийн машин тэргийг их эвдэж байна.Энэ бас шийдэх асуудал.Боловсролын сайд Хүмүүнлэг боловсролыг дэмжих хуульд тулгуурлаж Боловсролын хууль дээр ажиллахдаа анхаараарай. Хэлмэгдүүлэлтийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Улсын мөнгөөр улсын өмчийг авсан луйврын хэрэг их байна. Энэ цагаан захтангуудын хэрэг дээр анхаарал хандуулах ёстой. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Малчдын ноолуурын асуудал дээр хүндрэл гарсан. Тодорхой хэмжээний мөнгөний асуудлыг шийдээд явж байна. Хуулийн дагуу Цагдаагийн байгууллагат хандсан. Нийслэлийн порокуроос хариу ирүүлсэн.Үүний дагуу ажиллана. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариулт өгсөн юм.

2021.01.29

Б.Саранчимэг: Төрийн бодлого тогтвортой үргэлжилж явах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: МАН-ын эмэгтэй гишүүд шийдвэр гарах төвшинд ажиллах санал тавьж байсан. Эмэгтэй сайдууд орж ирж байгаад баяртай байна. Сайдууд бодлогоо гаргаж салбар бүр уялдаатай байгальд ээлтэй улсаа хөгжүүлээрэй. Нийгэмд ээлтэй хүмүүжил олгох тал дээр анхаараарай. Ногоон хөгжлийг дэлхий нийт жишиг болгож байгаа. Өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс их очдог болсон. Ийм хүрээлэн олон болгох шаардлага бий. Иргэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хурдан,хариуцлагатай байлгахыг шаардаж байгаа. emongoliya гэсэн төрийн ажлыг хурдан шуурхай цахим болсон. Ийм инновацыг дэвшүүлсэн ажил их хийгээрэй. Өнөөдөр хэн сайд болохоос үл хамаарч төрийн бодлого тогтвортой үргэлжилж явах ёстой. Онцгойлон эрүүл мэндийн салбарт олон ажил хүлээлгэж байгаа. Нэг хүний хариуцлагагүй хүний ажлаас болж салбарыг бүхэлд нь харлуулж болохгүй.

2021.01.29