Үйл явдал10 мин унших
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал10 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаХэлэлцүүлгийн нээж Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл үг хэллээ. Нийгмийн сөрөг олон үзэгдлийн учир шалтгаан болж буй архи, согтууруулах ундааны хэрэглээний асуудлыг зохист хэлбэрээр зохицуулах, үүнтэй холбоотойгоор нийгэм, эдийн засгийн чиглэлд цогц өөрчлөлт хийхээр дээрх хуулийн төслийг боловсруулж эхэлсэн гэв.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэгдүүлэх, төсвийг нэмүүлэх асуудлыг ирэх оны төсөвт тусгуулах чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байгааг энэ үеэр дурдсан.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Нийгэмд гарч буй сөрөг асуудалд хариуцлага алдсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох ёстой. Үүний зэрэгцээ тухайн хүмүүсийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, бүтэц, орон тоог оновчтой зохион байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг асуудал нь нэн чухал юм.
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн санаачлан боловсруулсан төсөлд архи, согтууруулах ундааг худалдан борлуулах цэгийг тодорхойлох, спиртийн агууламжаар нь ялгаварлан худалдаалах гэх зэрэг зохицуулалтуудыг хуульчлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн тэрбээр танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ, манай яамнаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж, яамдаас санал авч байгаа. Ирэх сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм.
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд нэмэлт, өөрчлөлтийн дээрх төслөө өргөн мэдүүлсний дараа Засгийн газар болон уг төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэх эсэхийг тусад нь шийдвэрлэх болно. Хууль санаачлагч талууд хоёр төслийг нэгтгэх боломжтой гэж зөвшилцсөн тохиолдолд төслүүдийг нэгтгэн хэлэлцэх зохицуулалттай.

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санаачлан, боловсруулж буй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Б.Жаргалмаа гишүүн танилцууллаа. Тогтвортой хөгжлийн зорилгын “Эрүүл амьдралыг баталгаажуулах, бүх насныхны сайн сайхан байдлыг дэмжих” гэсэн 3 дугаар зорилтын хүрээнд мансууруулах бодисын хэрэглээ болон архины хортой хэрэглээг бууруулах; 2020 он гэхэд зам тээврийн ослын шалтгаант гэмтэл, нас баралтын тоог тал хувиар бууруулах дэд зорилтуудыг дэвшүүлсэн.
Манай улсад спиртын 6, архины 26, шар айрагны 12, нийтдээ архи, согтууруулах ундааны 44 үйлдвэр байгаа бөгөөд энэ нь 2012 онд 75 байсантай харьцуулахад үйлдвэрийн тооны хувьд буурсан үзүүлэлт.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож, зохицуулалтын утга, агуулга, нэр томъёог тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд тус хууль өнөөг хүртэл 20 жил гаруй хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхдөө 8 удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан хэдий ч, нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо, согтууруулах ундааны нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөлд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй байгаагаас харахад тус хуулийн зохицуулалт нь бодит байдалтай нийцээгүй, нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжлөөс хоцорсон, зайлшгүй зохицуулах ёстой харилцааг хамарч зохицуулаагүй гэх үндэслэлтэй талаар дурдсан байна.

Судалгаагаар сурагч-өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согттол хэрэглэж үзсэн төдийгүй тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундааг хэрэглэдэг, оюутан залуучуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубт хэрэглэдэг, оюутнуудын сургууль, амьдарч байгаа орчноос 100 метр хүрэхгүй газар яваад архи, согтууруулах ундаа авч болдог байна.
Энэхүү хандлага эрэгтэй, эмэгтэй, аль ч насны хүмүүст ижил байгаа нь ерөнхийдөө ихэнх хүмүүс Монголчууд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтайг хүлээн зөвшөөрч байгаа нь илэрхий, уг асуудалд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах шаардлага зүй ёсоор харагдаж байгаа бөгөөд архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас үүсэх эрсдэлийг бууруулах ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага үүссэн гэж төсөл санаачлагчид үзжээ.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр олон нийтийг архидан согтуурахад хүргэж байгаа орчин, нөхцөл, боломжийг багасгах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундаатай холбоотой хууль, тогтоомжид дурдагддаг ч тайлбарлагдаагүй нэр томъёог тодорхойлох, согтууруулах ундааны хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, хяналтыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг, шаардлагыг нэмэгдүүлэх, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээний нэгжийн нормативыг тогтоох зэрэг зохицуулалтыг оруулахаар төсөл санаачлан боловсруулж байгаа гэв.

Дараа нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон хуулийн төслийн тухай” сэдэвт илтгэл танилцууллаа. Сэдвийн хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаар танилцуулж байв.
Манай улсын хувьд 1984-1992 оны судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-нд сэтгэл түгшилт, нойргүйдэл, архаг ядаргаа, биеийн хэлбэрийн эмгэг, архинд донтох эмгэг, сэтгэл гутрал хэмээн эрэмбэлэгдсэн байна.
Архинд донтох эмгэгээр эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 13 дахин их, гэр бүл салсан байх нь гэр бүлтэй хүнээсээ 3 дахин их өртдөг гэжээ. Судлаач Л.Насанжаргалын (2019) Улаанбаатар хотын хүн амын дунд архинд донтох эмгэгт хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг судалсан судалгаагаар 19-64 насны оролцогчдын дундаж нас 42.39±10.70, эрэгтэй 91.1 хувь, эмэгтэй 8.9 хувь байв.
Доктор, профессор Л.Насанцэнгэл үргэлжлүүлэн архинаас шалтгаалсан өвчин эмгэг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүтэц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулаад, төгсгөлд нь цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан.
Тухайлбал, архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нийлүүлэлт, хүртээмжийг хязгаарлах, бууруулах үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжиж “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-т дэвшүүлсэн зорилгодоо хүрэх; Согтууруулах ундаатай тэмцэх бодлого болон хэрэгжилт дэлхий дахинд сайжирч байгаа боловч архины хамааралтай хүмүүсийг хамгаалах арга хэмжээ хангалтгүй байна.
Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хүрч буй согтууруулах ундаа, дарс, шар айрагны зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг хориглох эсвэл хязгаарлах үйл ажиллагааг эрчимжүүлэх; Салбар дундын хамтын ажиллагаа болон төрийн, төрийн бус байгууллагын түншлэлийг бодлогоор дэмжих; Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх соёл, амралтын төвүүдийг байгуулах, залуучууд руу чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих зэрэг саналуудыг танилцуулж, Улсын Их Хурлын гишүүдийн боловсруулж буй төсөлд тусгуулах саналуудаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, хуулийн төсөлд тусгуулах санал” илтгэл танилцуулав.Тэрбээр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар эхлээд мэдээлэл хийлээ.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд цагдаагийн байгууллагаас дараах саналуудыг тусгуулахаар ажиллаж байгаа гэв. Тухайлбал, архины үйлдвэрлэл, импортоор оруулж ирж буй архи, согтууруулах ундааны тоо хэмжээ, савлагааны хэмжээг бууруулах; согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нягтаршил, эрүүл мэнд, соёл, боловсролын байгууллага, хүүхэд, залуучуудын хөгжлийн болон орон сууц, нийтийн байрны байршилтай уялдуулан бууруулах саналыг гаргасан гэв.
Мөн үйлдвэрлэсэн, импортоор оруулсан согтууруулах ундааны литр тутамд худалдан борлуулж буй зах зээлийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг Архидан согтуурахтай тэмцэх санд төвлөрүүлж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах нь зүйтэй гэдэг саналыг цагдаагийн байгууллагаас гаргасан байна.Мөн архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах; согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдан борлуулах, үйлчлэхийг хориглох; уламжлалт зан заншил, архины зохисгүй хэрэглээ, түүний хор уршгийн талаар иргэд, олон нийтэд ухуулан таниулах, нийгэмд архинаас татгалзах эерэг хандлагыг төлөвшүүлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх; 21 насанд хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилтан нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгадаг байх зохицуулалтыг төсөлд тусгуулах саналтай байгаа аж.

Дараа нь доктор С.Өнөрсайхан “Архи, согтууруулах ундааны хэрэглээний өнөөгийн байдал” сэдэвт илтгэл танилцуулаад, Зар сурталчилгааны тухай хуулийн 5.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.3 заалтуудыг баримтлан хэрэглэгчдийн төлөөх газар, олон нийтэд мэдээлж байх, орон нутгийн цагаар 22:00-06:00 цаг хүртэл согтууруулах ундааны сурталчилгааг хязгаарлах, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх онцгой албан татварыг нэмэгдүүлэх гэх зэрэг саналыг төсөлд тусгуулах саналтай байгаагаа танилцуулсан юм.
Доктор С.Өнөрсайханыг илтгэлээ танилцуулсны дараа “Нийгмийн аюулгүй байдалд архидан согтууралтын нөлөө, бууруулах арга зам” сэдэвт илтгэлийг Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Цогтсугар танилцууллаа. Тэрбээр судалгаа, туршлага, нотолгоонд суурилсан эмийн бус үйлчилгээг дэлгэрүүлэх “Монгол зүрх” төслийнхөө талаар танилцуулсан.

Ийнхүү хуулийн төслийн танилцуулга, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм