УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Монгол улсын төрийн албанд ажиллаж байгаа олон мянган төрийн албан хаагчид эдгээр хүмүүсийн сонгогдох эрх зөрчигдөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл Улсын их хуралд төрийн албан хаагч сонгуульд оролцъё гэвэл тухайн сонгуулийн жил эхлэхээс 6 сарын өмнө ажлаа өгдөг хуультай. Төрийн албан хаагчдын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг хязгаарлаад байна. Олон мянган төрийн албан хаагчид дотор мэргэжлийн топ хуульчид, насаараа прокурорын байгууллагад ажилласан сайн хуульч, шүүх, цагдаа бусад хууль хяналтын байгууллагад ажилласан практик мэдлэг сайтай, чадварлаг хуульчид Улсын их хурлын танхимд орж ирэх нөхцлийг хуулиар хаагаад байгаа юм. Үүнийг судлаад үзвэл Үндсэн хууль зөрчиж байж мэдэхээр асуудал. Үүнийг цаашдаа нээх хэрэгтэй. Төрийн албанд нэг ч өдөр ажиллаж байгаагүй хүн удирдах албан тушаалд ажилладаг тогтолцоо, гажуудал бий болчихсон. Энэ зүйлийг халах хэрэгтэй. Яаж халах вэ гэхээр хуулиар, ялангуяа төрийн албаны тухай хуулиар хааж өгөх ёстой. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы \2022.07.01\ өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Төрийн албанд мэргэжлийн буюу үндсэн зарчим болох /мерит/ зарчмыг хэрэгжүүлэх үүднээс салбартаа олон жил ажилласан хүмүүсийг төрийн захиргааны албанд ажиллуулах боломжийг нээж өгөх талаар уг хуульд тусгаж байгаа. Хуучин эрүүл мэндийн салбарын сайн боловсон хүчин бэлтгэхийн тулд сумын эмчээс нь эхлээд аймгийн эмч, цаашдаа төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн яам гэж татаад шат шатанд нь ажиллуулж төрийн захиргааны мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг бодлого байсан. Өнөөдөр ямар хүндрэл үүсээд байна гэхээр төрийн захиргааны алба руу нэг л орсон бол хийсээр байгаад дуусдаг. Эрүүл мэндийн төрийн захиргааны алба руу орсон бол эмчээр ажиллаж байгаагүй хүн ч гэсэн тус салбарын бодлого тодорхойлох хэмжээнд хүрдэг. Жилд нэг удаа төрийн албаны шалгалт авна гэж боомилсон байсан. Үүнийг нээлттэй болгож улиралд нэгээс доошгүй улсын хэмжээнд шалгалт авах хэрэгтэй. Ер нь яам, төрийн захиргааны байгууллагын салбар зөвлөлүүд орон тоо гарсан бол төрийн албаны зөвлөл нь шалгуур, шаардлага хангасан хүмүүсээс шалгалтаа аваад орон тоогоо нөхөөд явах хэрэгтэй. Өнөөдөр төрийн алба түр үүрэг гүйцэтгэгчдийн төрийн алба болчихсон.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Хуучин Төрийн албаны хуулиар шалгалтыг жилд 1ээс дээш авахаар байсан. Харин энэ хуульд улирал бүр авахаар заажээ. Үүнд хүний нөөцтэй холбоотой асуудал байхгүй байхаа. Иймд төрийн албаны шалгалтыг улирал бүр авна гэж хуульчлах шаардлага байхгүй байна уу? 23-3-ыг сайн ойлгохгүй байна. Энд зааснаар төрд ажиллаж байгаа хүмүүсийг хэлж байна уу? Эсвэл хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүст орох боломж олгож байна уу? Түүний асуултад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төрийн албаны шинэчлэл гэдгийг сайн ойлгож ухаарах хэрэгтэй. төрийн албаны тухай хуулийг санаачлагчийн нэг нь би. Яг шатлан дэвших тогтолцоо гэдгээ зөв гаргаж ирэх хэрэгтэй. Сингапурын нэг удирдагчийн хэлсэн үг байдаг. Сингапур улс хамгийн чадварлаг хүмүүсээ төрдөө зүтгүүлээд хөгжиж чадсан гэж. Тэгвэл Монголын төрд хамгийн чадварлаг, туршлагатай хүн орж ажиллах боломжийг хаасан. Харин чадваргүй хүмүүс ширээ, сандал булаацалдаад байж байна. Ард түмэн өөрөөс нь чадваргүй хүн төрд гарчихлаар итгэл алдраад байна. Яагаад шилдгийн шилдэг хүмүүс салбараа удирдаж чадахгүй байна вэ? Үүнийг ойлгох хэрэгтэй. Манай Төрийн албаны тухай хууль манай хөрсөн дээр буугаагүй. Манай хүний нөөц маш хомс учраас эрхзүйн шинэчлэл хийх ёстой. Нэг хүн 3 жил ажилласныхаа дараа ажлаа үнэлүүлээд чадахгүй бол албан тушаалаасаа буух хэрэгтэй. Энэ хуульд шинэ салхи орох цаг нь болсон.