УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Төрийн албаны зөвлөл 2 зүйл дээр анхаармаар байгаа юм. Анхан шат ялангуяа сумын засаг даргын тамгын газарт ажиллах хүнгүй боллоо. 800 гаруй хүн өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. 300 гаруй хүн өөр ажилд шилжсэн. Ингээд 1100 хүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, шилжсэн гэсэн судалгаа байна лээ. Анхан шатны нэгж төрийн захиргааны алба хашиж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаа, ажиллаж амьдрах орчин нөхцөл боломж нь муу учраас ийм их хөдөлгөөн байгаа юм. Тэгэхээр төрийн захиргааны анхан шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин, хөлс нийгмийн баталгаа, ялангуяа ажиллаж амьдрах нөхцөл боломжтой холбоотой асуудалд нилээн анхаарал тавьж, санал боловсруулж Засгийн газар луу оруулах эрх нь байгаа шүү дээ. Энэ хүрээнд ажилламаар байгаа юм. Мөн анхан шатны төрийн захиргааны байгууллагын орон тоо нөхөхдөхгүй байгаа асуудал танайхтай холбоотой байна. Ажлын байрны тодорхойлолтыг та нар хөнгөвчлөх арга хэмжээ бодохгүй бол дэндүү нарийвчилж авч үзээд байна. Танайхаас гаргасан журам заавар хатуудаад байгаа юм. Нийгмийн ажилтан гэсэн бол нийгмийн ажилтан л байх ёстой гэсэн шаардлага. Суурь салбар нь нийгмийн шинжлэх ухаан гэж авч үздэг. Энэ өргөн утгаар нь ажлын байрны тодорхойлолт, шаардлагаа хөнгөвчлөх хэрэгтэй. Үгүй бол тэнд очиж ажиллах хүнгүй, орон тоо нөхөгдөхгүй байгаа гэж харж байна. Анхан шатанд шаардлага нь хатуудаад, дээд шатанд хүнд зориулагдсан ажлын байрны тодорхойлолт хийдэг нь хэвээрээ яваад байна. Энийг цаашдаа боловсронгуй болгох тал дээр анхаарах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Анхан шатны нэгж дээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчдын асуудалд энэ хуулиар анхаарсан. Хамгийн бага цалинтай, хамгийн хүнд хүчир ажил хийдэг хүмүүс бол энэ хүмүүс. Тийм боловч нийгмийн баталгаа тодорхойгүй эрсдэлтэй байсан. Энэ хуулиар төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамаагүй халж, солих асуудал байхгүй болж байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг төсвийн тодотгол хийхдээ нэмсэн. Гэхдээ хангалттай биш байгаа. Ялангуяа анхан шатны нэгж дээр суманд, дүүргийн засаг даргын тамгын газарт, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ажиллаж байгаа үйлчилгээний албан хаагчдаа илүү анхаарах ёстой. Засгийн газрын бодлого шийдвэр гаргахдаа энэ рүү чиглэсэн дүрэм, журам хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор сайн батлах хэрэгтэй. Нөгөө талаас төрийн албаны Мерит зарчим гэж төрд олон жил ажилласан, туршлагажсан, чадваржсан гэдэг босго шалгуур байх ёстой. Мөн улс төрийн албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалд дүйцүүлж, тэнцүүлдэг болж байгаа. 20 жил Засаг дарга хийчихээд төрийн захиргаанд орвол анхан шатны хамгийн доод нэгжээс эхлээд ажиллах ийм хуультай байсан үүнийг өөрчилсөн. Энэ хэмжээгээр төрд туршлагатай, төр ард түмнээ гэсэн сэтгэлтэй улс төрийн албан хаагч нар төрд ажиллах боломж нээгдэж байгаа юм. Үүнийг хуулийг хэрэгжүүлэх дээр зөв зохистой ашиглах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаад ирсэн. Сумын засаг даргын тамгын газрын, төрийн захиргааны албан хаагчдын, орон тоог нөхөхтэй холбоотой асуудал сум болгоноос ирсэн. Бүлгийн хурал дээр үүнийг олон удаа ярьсан. Төрийн албаны зөвлөлөөс тооцоо, судалгаа хийгээд сумдын сул орон тоог нийтэд нь гаргаад төрийн хоосон, сул орон тоог нөхөх арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс Т. Энхтүвшин гишүүн бид хоёр Их хурлын даргад саналаа өгсөн. Ойрын үед тодорхой гаргалгаа, арга хэмжээ авч энэ сумдын сул орон тоог нөхөх ажлыг төрийн албаны зөвлөлөөс хийх шаардлагатай. Сул орон тоо байгаагийн шалтгаан нь суманд төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдад төрийн албаны хуулиараа шаардлага өндөр тавьсан. Төрийн албаны шалгалтын босго оноог нилээд өндөр тавьсан асуудал байгаа. Мөн цалин хөлсний асуудал. Ийм тодорхой шалтгаануудын улмаас сул орон тоо байгаа юм. Үүнээс болж хөдөө орон нутагт байгаа иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй чирэгдэл үүсэж байгаа учраас үүн дээр төрийн албаны зөвлөлөөс арга хэмжээ авах нь зүйтэй.