Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа. Ж.ГАНБААТАР: ТӨРИЙН АЛБАНД ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ИРГЭДИЙН 12 ХУВЬ ХҮРТЭЛХ ХУВИЙГ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ Төрийн алба хэт нүсэр байгаа учраас хөдөлмөрийн насны нийт иргэдийн 12 хувь болгох санал гаргасан. Намайг байнгын хороон дээрээ ч дуудалгүй, миний санал унасан байна гэж өнөөдөр л надад хэллээ. Монгол Улс хэт улстөрждөг. Я. Содбаатар гишүүний хэлснээр цалинд 2 их наяд төгрөг тараадаг. Утаас ярьж байгаа гишүүдийн дийлэнхи нь төрийн албаны хүмүүстэй л ярьдаг, тэр хүмүүсээ л таньдаг байх. Телевизээр гарч байгаа мэдээ, мэдээллийг харахаар дандаа дарга томилсон, тууз хайчилсан, УИХ-ын гишүүн ингэж хэллээ гэсэн мэдээлэл байна. Үүнийг багасгахын төлөө 12 хувь болгох санал гаргасан. Цалин мөнгө, улстөржилт дагаас багасна. Бизнес ойлгодог болмоор байна. Бизнес ойлгодог хүмүүс нь 2, 3 сонгогдохоор өөрсдийгөө улстөрч гэж ойлгодог, бизнесийг үзэн яддаг. Ийм байдалтай байгааг засах санал оруулсан. Бид нартай ижил хүн амтай орнуудад 8 хувиас хэтрэхгүй байгаа. Гэтэл өнөөдөр Монгол Улс 20 хувьтай байна. Цаашид энэ тоо улам их нэмэгдэнэ. 12 хувь болговол төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст хандах хандлага дээшилнэ. Нийгмийн халамж ч сайжирна. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: МАШ ИХ СУДАЛГАА ХИЙГДСЭН Энэ санал чуулган дээр санагдсан. Гуравны хоёроор орж ирэхээс өөр аргагүй санал. Төрийн албаны хууль бол нийтдээ 5-6 жил үргэлжилж байна. Энэ асуудал өчигдөрхөн орж ирээгүй. Маш их судалгаа хийгдсэн. Их ч маргасан. Улстөрийн албан тушаалыг өргөжүүлнэ, үйлчилгээний албан тушаалыг төрийн албанаас гаргана. Төрийн захиргааны албыг цөөрүүлнэ гээд их олон зүйлээр судалгаа хийгдсэн. 5 жил мэтгэлцээнд нь явсан. Энэ удаагийн Төрийн албаны тухай хуулинд ажлын хэсэг чамгүй ажилласан. Хоёр суурь асуудал байгаа. Энэ бол эдийн засаг, аж ахуйн салбарт төрийн секторын эзлэх хувь бага байх ёстой. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын тоо зохистой хэмжээнд байх ёстой гэж үзсэн. Манай төрийн албан хаагч олон болоод байгаа нь үйлчилгээний албан тушаал, БСШУ гээд бүх салбарынхан энэ салбарт явж байгаа. Энэ тоо өсөхөөс өөр арга байхгүй. Шинэ сургууль байгуулагдахаар багш нар нэмэгдэнэ. Харин төрийн захиргааны албан хаагч, төрийн тусгайгийн албан хаагчдын хувьд тодорхой тоонд барихаас аргагүй. Улстөрийн албан тушаалтны орон тоо бол цөөрч байгаа. Үүнтэй холбогдсон тооцоо, судалгаа чиглэл чиглэлээр хийгдсэн. Зөвхөн Ерөнхийлөгчийн ажлыг газрын дарга улстөрийн албан тушаалтан байх үү үгүй юу гэдэг дээр 11 улсын судалгааг хийсэн. Бүх зүйлд судалгаа, шинжилгээтэй хандахгүй бол хөдөлмөр эрхлэгчдийн 12 хувиас илүүгүй байж болохгүй гэдэг саналыг шууд оруулахад дэмжлэг авах нь хэцүү. Ж.Ганбаатар гишүүний санал зарчмын хувьд маш үнэтэй санал гэдэгт хүндэтгэлтэй хандаж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд энэ асуудлууд дахиж яригдана. Суурь нь гараад ирнэ. Төрийн албаны тухай хууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй гараагүй боловч ерөнхий зарчим нь боловсруулагдсан. Ж.Ганбаатар гишүүний санал байнгын хороон дээр унасан боловч дараа дараагийн хууль дээр судалгаа болгож оруулж ирэх хэрэгтэй.
Өнөөдөр /2017.10.27/ УИХ-ын чуулганаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал санал хэллээ. Н.УЧРАЛ: САЙН ЭКПЕРТҮҮДИЙГ САЛБАРТ ОРУУЛЖ ИРЭХИЙН ТУЛД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАА ХОЁР АНГИЛАЛТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ Төрийн албан хаагчдад тавих тусгай шаарлага гээд 23 дугаар зүйл байна. Би энэ хууль дээр их олон байр суурьтай байна. Харьцуулалтыг их сайн хийж өгөөгүй. Төрийн албан хаагчдад тавих тусгай шаардлагыг хараарай. Тэргүүн түшмэлийн албан тушаалд хамрагдах төрийн ангилалд хамрагдах бол 16-аас доошгүй жил, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавьж байна. Энэ нь яамны газрын даргаар 8 жил ажиллаагүй бол төрийн нарийн бичгийн дарга болохгүй гэсэн үг. Энэ заалт зөв юм уу? Японд төрийн албыг А, Б гэж хоёр ангилдаг. Төрийн албаны мэргэшсэн хүн ба экспертүүд байдаг. Энэ заалтаар гадаадад төгсөж, өндөр боловсрол эзэмшээд, салбарт реформ хийх гэж байгаа хүмүүс ирээд төрийн нарийн бичгийн дарга хийх боломжгүй. Салбартаа олон жил ажиллаад, дотор нь шингэсэн хүн төрийн нарийн бичгийн дарга хийж салбараа шинэчилнэ гэж байхгүй. Төрийн аланы мерет зарчим бусад албандаа харшина. Хөгжих боломж өгдөггүй. Хувийн хэвшилд ажиллаж байгаа сайн боловсон хүчнийг төрийн албандаа татах хэрэгтэй. Сайн экспертүүдийг энэ салбарт оруулж ирэхийн тулд төрийн жинхэнэ албаа А, Б гэдэг хоёр ангилалтай болгох хэрэгтэй.
Өнөөдөр /2017.10.27/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. Л.ЭНХ-АМГАЛАН: МОНГОЛЫН ТӨРД ЧАДВАРЛАГ ХҮМҮҮС Л ОРДОГ ӨНДӨР БОСГОТОЙ БАЙХ ЁСТОЙ ДНБ-нд эзлэх төрийн зардал 30 хувь байдаг бол хэвийн гэж үздэг. Харин 40-өөс дээш хувьтай бол үрэлгэн төр гэж үздэг. Манай монголын хувь бол 40 гараад явчихсан байна. Төрийн албан хаагчдын тоог нийт хөдөлмөрийн насны хүн амтай нь харьцуулсан олон улсын үзүүлэлтүүд байдаг. Олон улсын дундаж түвшин 4,6 байхад манайд 6 гараад явчихсан байгаа. Энэ бол үндсэндээ монголын төрийг данхар, үрэлгэн болсныг харуулж байна. Энэ хуулийг баталснаар хүлээж байгаа үр дүн бол монголын төр хамгийн цомхон чадварлаг болох юм. Өөр нэг санаа зовж буй зүйл бол төрийн албан хаагчдын дөрөвний нэг хувь хүртэл ур чадвар доогуур, эсвэл бүрэн бус мэргэшсэн гэсэн дүгнэлт гарсан байна. 180 мянган төрийн албан хаагч байна гэж тооцвол 40 мянга нь ур чадвар доогуур, төрийн албанд тэнцэхээргүй хүн байна. Энэ дүгнэлт гарсан байхад төрийн албыг 40 мянгаар багасгах бололцоо харагдаж байна. Нөгөө талаас монголын төрд чадварлаг хүмүүс л ордог босготой байх ёстой. Бидний энэ хуулинд хийсэн шинэ зүйл бол шатлан дэвших карьерийн тогтолцоо. Нэг жишээ дурдахад, АНУ болон Канадад хоёр мастер хийсэн боловсон хүчин яамны газрын дарга дээр тэнцэж чадаагүй. Баруунд мэргэшсэн хүмүүс монголдоо төрийн албанд газрын дарга хүртэл 10-аад жил ажиллана гэж байхгүй. Тиймээс зөв тогтолцоо олох зайлшгүй шаардлага байгаа. Жил бүр 23 мянган хүнд ажилгүйдлийн тэтгэмж олгож, 31 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргасан байна. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх 2008-2016 онд төрийн албатай холбоотой 2100 хэрэг шийдвэрлэсний 1238 буюу 59 хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан. Энэ бол маш харамсалтай. Д.ТОГТОХСҮРЭН: БОСГЫГ 50 ХУВИАР ӨНДӨРСГӨСӨН Төрийн албанд орох шаардлагыг 50 хувиар өндөрсгөсөн. Энэ хуулийн гол зүйл бол хариуцлагын асуудал. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж олон албан хаагчид халагддаг. Үүнээс болоод ажилгүйдлийн тэтгэмж өссөн. Энэ хуулин дээр буруу шийдвэр гаргасан этгээд буруутайн улмаас үүссэн санхүүгийн хариуцлагыг өөрөө хариуцна гэж оруулсан. Үүнд хяналт тавих, нэхэмжлэх үүргийг төрийн албаны зөвлөл хариуцна. Энэ хууль гарснаар төрийн албан хаагчдыг хууль бусаар халах, үүнээс үүдсэн эдийн засгийн санхүүгийн хохирол эрс багасна.
Өнөөдөр /2017.10.27/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа. Ж.ГАНБААТАР: ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ИРГЭДИЙН ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ДЭЭД ХУВИЙГ 12 ГЭЖ ТОГТООХ БОЛОМЖ БИЙ ЮУ? МУ-ын хөдөлмөрийн насны иргэдийн тоо 1 сая 250 мянга байна. Төрийн албанд ажиллаж байгаа иргэд 180 мянга байна. Төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа хүмүүсийг нэмэх юм бол 240мянган хүн төсвөөс цалинжиж байна. Бизнес эрхлэгч нар сар болгон энэ хүмүүст цалинг нь өгдөг. 1 сая 250 мянган хүнээс хувилаад үзэх юм бол 20 хувь нь төрийн албанд ажиллаж байгаа нь төрийн алба данхайсан бүтэцтэй байгаа нь харагдаж байна. МУ-тай хүн амын тоогоор ижил Израйл улсыг харахад 9-10 хувь л байна. Хүн ам ихсэх тусмаа бага байдаг. Төрийн албаны тухай хуулинд хөдөлмөрийн насны иргэдийн тоотой харьцуулаад 12 хувиас ихгүй байлгах саналыг оруулъя. Энэ боломж байгаа юу? 12 хувь болвол 150 мянган хүн болно. Д.ТОГТОХСҮРЭН: ШУУД 12 ХУВЬ ГЭЖ ЗААХ БОЛОМЖГҮЙ. ГЭХДЭЭ ТООГ БАГАСГАХ ЗОРИЛТ ТАВЬЖ ЯВАХ ЁСТОЙ ГЭДЭГТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА Ер нь манай төрийн алба хэтэрхий данхайсан, нүсэр бүтэцтэй гэдэгтэй санал нийлж байна. Төрийн албан хаагчдын тооны тухайд 2013 оноос хойш огцом нэмэгдсэн. 2013-2016 оны хооронд 25,000 төрийн албан хаагч нэмэгдсэн. Гэхдээ энэ тоо харьцангүй ойлголт юм. Улстөрийн албан хаагч 3,000 гаруй байна. Төрийн захиргааны албан хаагч нар 16,000 орчим байна. Төрийн тусгай албан хаагч 37,000 байгаа. Үлдсэн 130,000 гаруй нь төрийн үйлчилгээний албан хаагч юм. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил хийгдсэнтэй холбоотой сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн байгууллагын орон тоо нэмэгдсэн. Шууд 12 хувь гэж хуулинд тусгаж болохгүй байгаа юм. Харин төрийн албан хаагчдын тоог багасгах тодорхой зорилт тавьж явах ёстой гэдэгтэй санал нэг байна. Ж.ГАНБААТАР: ДАНХАЙСАН БҮТЭЦТЭЙ ГЭДЭГТЭЙ ХҮН БҮР САНАЛ НЭГДЭЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ДЭЭД ХЯЗГААРЫГ НЬ ТОГТООХ ЁСТОЙ Төрийн алба данхайсан байна гэдгийг бүгд ярьж байгаа бол дээд хязгаар тавьж өгөх нь зөв. Би төрийн үйлчигээг яриад хэрэггүй гэж хэлсэн. Энэ хуулийг Д.Тогтохсүрэн гишүүн ахалж, маш нарийн зүйл заалт оруулж ирсэн байна. Хуулинд ийм нарийн заалтууд оруулсан шигээ эдийн засаг, бизнестэй холбоотой хуулиудад няхуур хандахыг хүсье. Энэ хууль бол маш нарийн хууль байна.
Өнөөдөр /2017.10.27/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуулаа. Б.САРАНЧИМЭГ: ӨМНӨХ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАД Ч МӨН ТӨРИЙН АЛБЫГ УЛСТӨРЖҮҮЛЭХГҮЙ ГЭЖ БАЙСАН. ЭНЭ УДААГИЙН ХУУЛИАР ЯГ ЯМАР ШИНЭЧЛЭЛТ ХИЙСЭН БЭ? Төслийн танилцуулгад энэ хуулийг баталснаар улстөрөөс хараат бус, шударга, ил тод харуицлагатай төрийн албаны эрхзүйн үндэс бүрдэж, мэдлэг чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгох гэсэн байна. Одоо үйлчилж байгаа Төрийн албаны хуульны төсөлд ч гэсэн сая хэлсэн зарчмууд байсан. Гэтэл хэрэг дээрээ төрийн алба улстөрөөс хэтэрхий хараат хэвээр байсаар байгаа. Тухайлбал намууд нарч ирээд бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг сольдог. Энэ хуулийн төсөлд эдгээр гажуудлыг яаж залруулсан бэ? Хуулийн төслийн 4.6-д төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна гэсэн байна. Энд тэтгэвэр тогтоолгох насны талаар тодруулж асууя. Одоо үйлчилж байгаа хуулиар өнгөрсөн жил ОУВС-тай тохирсноор тэтгэвэрт гарах насыг 2018 онд 6 сараар нэмээд, 2037 он гэхэд 65-тай, эрэгтэйчүүд 2027 он гэхэд 65-тай гарна. Харин өнгөрсөн сард Засгийн газраас даатгалын ерөнхий хуулийн төсөл өргөн барьсан. Тэр төсөлд эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй 35 жил ажилласан тохиолдолд өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин 65 нас хүрвэл өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарах боломжтой байхаар заасан. Энэ бол одоохондоо хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Харин өнөөдрийн өргөн барьж байгаа хуулийн төслийн 46.2-т тэтгэвэрт гарах нас хуучнаараа эмэгтэй 55, эрэгтэй 60 нас, дээд хязгаар нь 65 гэж орж ирсэн байна. Энэ асуудалд шинэ Засгийн газар ямар бодлого баримтлах вэ? Цаашдаа энэ асуудлыг нэг мөр болгох шаардлагатай: Д.ТОГТОХСҮРЭН: АЛБАН ТУШААЛ ТУС БҮРИЙН ШАЛГУУР ӨНДӨРСӨНӨ Энэ хуулиар албан тушаал тус бүрийн шалгуур өндөрссөн. Тийм учраас хэн нэгэн шахааны этгээд гаднаас орж ирэхийг хориглосон. Бүтцийн өөрчлөлтийн асуудал байдаг. Энэ хуулиар бүтцийн өөрчлөлтөөр ажилчдыг ажлаас халахгүй гэж тодорхойлж зааж өгсөн. Гаднаас түр орлон гүйцэтгэгчийг оруулж ирэхийг хориглосон. Дэд дарга эсвэл орлогч даргагүй бол тухайн албан тушаалд хамгийн ойрхон нэгжийн даргаар орлуулна гэж хуулинд заасан. Сул орон тоо гарсан тохиодолд нөхөх асуудлыг тодорхойлсон. Сул орон тоо гарсныг долоо хоногийн дотор мэдээллэх ёстой. 21 хоногийн дотор төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт явуулах, захиалагч авах ёстой.