УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Миний хувьд бусад гишүүдийн адилаар тойрогтоо хоёр удаа ажиллаад ирлээ. Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр Хэнтий аймгийнхаа бүх сум, суурингуудаар явж ҮХНӨ-тэй холбоотой асуудлын 1, 2-дугаар хэлэлцүүлгийг хийж, ард иргэдээс хэлсэн санал, хүсэлт бүх зүйлүүдийг нэмж хачирлахгүйгээр холбогдох газруудад нь уламжилж ажилласан. Иргэд олон нийт тогтолцооны хувьд сонгогчдын санал гээгдэхгүй байх, тойрог шүтдэггүй байх, тойргийг өөрт давуу байдлаар олгодог, ашигладаг, мөнгө төгрөг, бэлэг сэлт тараадаг бүхнийг ойлгож тогтолцоог дэмжиж байна. Харин тоог 152 болгохыг дэмжихгүй. 126 гээд танилцуулаад явахад олон байна гэдгийг ярьж байгаа юм. Олон байна гэдэг тооноос яагаад татгалзаад байна вэ гэхээр цаад шалтгаан нь замбараагүй явсан 30 жил дахиад цаашаа үргэлжилвэл яах вэ гэдэг дээр тогтож байна. Өөрчлөгдөх ёстой, хэцүү байгааг ч мөн ярьж байсан. Тоог дэмжихгүй байна гэж зөвхөн тоо ярих бус дэмжихгүй байгаа учир шалтгаан нь юу вэ гэдгийг ярих нь зүйтэй. Иргэд, олон нийттэй ҮХНӨ холбоотой асуудлаар ярьж хэлж байсан зүйлүүдээ чуулганы танхимд хэлж байна. Монгол Улсын Засгийн газраас замбараагүй явж ирсэн 30 жилийн зарим асуудлыг шийдээд, эхнээсээ 30 жилд анх удаа төсвийн орлого нь хугацаанаасаа өмнө давж орж ирээд цалин, тэтгэвэр, 6 сарын өмнө хүүхдийн мөнгөө өгч чадахгүй байсан бол өнөөдөр нөхөж олгох хэмжээнд ирж өөрчлөлтүүд гарч эхэлж байна. Хэрвээ УИХ эдийн засагт өөрчлөлт орж байгаа энэ үед Үндсэн хуулийг баталвал тогтолцоогоо өөрчлөөд, тоогоо нэмээд зогсохгүйгээр дараагийн Үндсэн хуулийн өөрчлөлт оруулсан агуулга бүтэн утгаараа ард иргэдийн хөрсөн дээр буух, амьдралд нь нөлөөлөх өөрчлөлтүүдийг энд байгаа УИХ-ын гишүүд улс төрийн зориг гаргаж, улс орны цаашдын хувь заяаг бодож дараагийн хуулиудаа цаг алдалгүй батлах ёстой гэж бодож байна.
УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 30 жилийн хугацаанд чинь юу болоод өнгөрчих вөө. Ямар дүгнэлт хийж байгаа юм. Хүн амын 42,5% нь ядуурчихсан. Гадаад өр 33,4 тэрбум доллар. Улсын өрийг тооцвол ДНБ-ийнхээ 80-90 хувь хүрчихсэн. Азийн Хөгжлийн банкнаас ядуу орон гээд зарлачихсан. Хорт хавдар, ядуурлаараа дэлхийд тэргүүлж байна. Баян хоосныхоо ялгаагаар дэлхийг дэлдийлгэж байгаа шүү дээ. Монголд олигархын олигархсан загвар хэрэгжиж байна. Нийт баялгийн 80-90 хувь нь хүн амын 3-4 хувьд оногдож байна шүү дээ. Чадвартай улсууд нь гадагшаа явчихсан. Эдийн засгийн дүрвэлт, амьдралаа залгуулж хөдөлмөрлөх гээд гадагшаа явж байна. Баялгаараа эхний 10-д ордог мөртлөө ядуу улс. Баялгийн хараал, чөтгөрийн тойрогт орчихсон. Энэ тойргоос гарахад дор хаяж 10 жил хэрэгтэй шүү. Ийм л үр дүнтэй байна. Энэ 76 цөөдөөд ийм болчихсон уу? Хөгжил яагаад гацчихваа гээд харахаар 76-даа, парламентын засаглалдаа бус хүндээ л байгаа юм. Хоёр хөрш манай улсад маш сайхан харилцаатай. Хойд хөршөөс эрчим хүчний чиглэлийн бүх импортоо авч, урд хөршид бүх баялгаа гаргаж байгаа. Гуравдагч ертөнц Монголд тусалж байгаа. Яагаад ийм болчив гэхээр Монголчууд бидний хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөгжлийн загвар буруу байна. Явж буй зам буруу байна. Мөн хүнээ бодсон, хөгжүүлэх бодлого байхгүй. Монгол хүн Монгол улсаа л хөгжүүлсэнгүй. Засгийн газар байгуулдаг, унагадаг. 1,6 жилийн настай засагтай. Төрөөрөө айл гэр болж тоглосон ийм л байдалтай байна. Хоцрогдлын гол шалтгааныг хайя гэвэл улс төрийн тогтолцоо, хүнтэй холбоотой зүйлээ хийх ёстой. Хулгай луйвар гээд яриад байна. Хүн л хулгай хийж байгаа шүү дээ. Төр хамгийн муу менежер гээд байдаг. Төрд сайн хүн тавих юм бол төр сайн менежер байж чадна. Төр бодлогоо зөв гаргах юм бол сайн менежер байж чадна. Манай намын хувьд социал демократ үзэл баримтлалтай гэдэг атал хөгжил хариуцсан улсууд нь либерал загвар яриад л. Үл үзэгдэгч гар гэдэг онол 2000 онд хаалгаа хаачихсан шүү дээ.
УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Гишүүд хоёр удаа иргэдтэй уулзаж, санал авлаа. Иргэд цалин, тэтгэврийн зөрүүг гаргаж, нэмэх шийдэл гаргаач ээ гэж байна. Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч байна. Миний хувьд Их хуралд таван удаа гишүүнээр сонгогдсон хугацаандаа нэг зүйлийг хэлээд байгаа. Төрийн албан хаагчид ямар нэгэн зүйлд нэр холбогдвол баримттай тайлбарлаж, хуулийн дагуу шалгуулах ёстой гэж хэлсээр ирсэн. Үүний цаана Монгол төрийн нэр хүн, намын нэр хүнд явдаг. Энэ зармыг тогтоо гэж олон жил ярилаа. Нийгэмд 76 бүгдээрээ асуудалтай гэж харагдаж байна.Энд сууж буй гишүүдийн нэр цөөн гишүүдийн асуудлаас болж унаж байна. Бид тоо өөрчилж болно гол нь хүний хөгжлөө харах ёстой. 2020 оны сонгуулиар 20 гаруй залуу гишүүд сонгогдлоо гэж байсан өнөөдөр бодит байдал ямар байна. Улс төрийн намын санхүүжилтийг шинэчлэх ёстой. 2024 онд УИХ-д орох гишүүд сонголттой орох болж байна.
УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үндсэн хууль өөрөө анх үүсэхдээ хаад, ноёдын дур зоргыг хязгаарлах, хазаарлах гэж л бий болсон ойлголт. Манайхаар бол УИХ-ын гишүүд, УИХ, Ерөнхий сайд болон тэдний сайд нар, Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгч гэсэн шийдвэр гаргаж буй энэ хүмүүсийн буруутай үйлдэл, шийдвэрүүдийн дур зоргыг нь хазаарлах гэж бий болсон зүйл. Өнөөдөр бид дур зоргоороо сандал, ширээ тоогоо нэмж байгаа. Нэмж болно. Би үүнийг ерөөсөө яриагүй. Ганцхан эздээс нь асууя гэдэг асуудлыг би ярьж байгаа. УИХ-ын гишүүд ард иргэдээс ор төдий жүжигчилсэн асуулга асуусан болоод, ирээд хаалгаа хааж байгаад 4/3-аараа гар өргөнө гэдэг болохгүй. Хуулиа дагах ёстой л гэж бодож байна. Нийгэм төртэй байгуулсан гэрээ гэж буруу ойлгоод байна. Жонн Локкын анхны сонгодог ойлголт бол нийгэм өөрөө өөрсдөө гэрээгээ байгуулдаг. Үүнийг төр засаг хэрэгжүүлнэ гэж байгаа. Хэн нэгэн хаан, ухаантай улс төрч биднийг дээрээс захирахгүй, бид дотроо зөвшилцөж, нийгмээ яаж авч явах вэ гэдгээ тогтно гэж бий. 76 бид 850-аад хууль баталсан юм гэнэ лээ. Ард иргэдийн ганцхан бидэнд баталсан хууль руу бид гар дүрж болохгүй гэдэг зармын байр суурьтай байгаа. Үндсэн хуулийн 23-дугаар зүйл дээр УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан байгаа. Энэ бол УИХ-ын гишүүний ажил үүргийн тодорхойлолт. Үүнд УИХ-ын гишүүн бол намын, удирдлагын элч мөн гэж бичээгүй байна. Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ гэснээс ямар нэгэн нам дагаж далдаганана гэж бичээгүй. Өнөөдөр нийт ард иргэд, бараг 100% уг ярьж байгаа юмны эсрэг байхад энэ зааланд орж ирээд чанга эсрэг юм яриад, чанга эсрэг кнопоо дарна гэдэг Үндсэн хуулийн 23-дугаар зүйлийг бид зөрчиж байна. Миний хувьд хуулиа л дагадаг байх даа. Хэрэв хойшид УИХ энэ удаагийх шигээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж иймэрхүү жишиг, дэг тогтчихвол Үндсэн хууль нийгмийн гэрээ гэсэн сонгомол утгаа алдана.
УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: ҮХНӨ-ийн асуудлаар нодлин ард түмний дунд давхар дээл гэж ярьдаг өөрчлөлтийг хийхийн өмнө бас танилцуулаад явсан. Энэ жил зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг танилцуулсан. Дахиар хоёр удаа ард түмэнтэйгээ уулзлаа. Нийтдээ 4 удаа очлоо. Үүнээс харахад ард иргэд ҮХНӨ-д буруу зөв гэх зүйл миний хувьд байхгүй гэж бодож байна. Ард түмний амьдрал ядуурч, үнийн өсөлттэй, орлого нь багасаад байгаа бухимдлаа л гаргаж байна. Ийм байдалтай байна. ҮХНӨ-ийг өмнө хэлэлцүүлэхэд гишүүдийн тоо 126 болсон. Зарим хүмүүс Ардчилсан нам л үүнийг өсгөөд 126 болгочихсон юм шиг ярьж байна. Ардчилсан нам 60/40-ийн харьцаагаар өсгөнө гэдэг дээр байгаа, үгэндээ сууна. Харин 152 гэж ярьж байснаа бодох хэрэгтэй шүү гэж хэлье. ҮХНӨ-өөр тогтолцооны өөрчлөлт хийгдэнэ гэж харж хүлээлттэй байгаа. Ийм өөрчлөлт гарсны ард том дэвшлийг хүлээж байгаа гэдгийг хэлмээр байна. Ард түмэн ч бас ийм бодолтой байгаа. Харин үүний ард муужруулж, муутгах асуудал нэмэгдвэл нөгөө олон хулгайчаар нэрлээд буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учраас үүнийг намууд АН, МАН гэхгүй хаа хаанаа бүгдээрээ анхаарах ёстой шүү гэдгийг иргэд хэлж байна лээ. 3,4 сая хүн амтай улсын ард иргэдийг сайхан амьдруулах уг нь амархан шүү дээ. Энэ бол маш амархан. Хулгай хийхээ болиод, системийн авлигаа задлаад, авлигын тогтолцоо, пирамидаа нураачихад болох юм. Нэг том баталгаа бол нүүрсний түр хороо ажиллаад төсвийн орлого нэг их наядаар давж биелж байна шүү дээ. Төсвийн орлого давж биелсний буянаар төсвийн тодотгол хийгээд цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөө нэмэх гээд сууж байна шүү дээ.