УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.02/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн иргэдийг үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээсэй гэж хүсч байгаагаа илэрхийллээ. Ц.ЦОГЗОЛМАА: МОНГОЛ УЛС 25 ЖИЛ ҮНДСЭН ХУУЛЬДАА ГАР ХҮРЭЭГҮЙ. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд бүхэлдээ дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн байсан. Засаглалын эрх мэдлийн зөв хуваарилалтын асуудал дээр иргэд их санаа зовж байгаа. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр улс төрийн тогтворгүй байдал буюу төрийн албан хаагчдыг мэргэжилээр нь үе шаттайгаар дэмжиж ажиллуулах тал дээр иргэд их бухимдалтай байдаг. Улс төрийн нөлөөлөлгүй байх, төрийн албаныхаа мэргэшсэн байдлыг дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Монгол Улсын төр, нийгэм, эдийн засгийн байдал бол иргэдээ амар амгалан, ажил орлоготой, тайван амьдруулахад оршино. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр иргэд нааштайгаар хүлээж авах байх гэсэн хүлээлттэй байгаа. Гадаад орнууд Үндсэн хуулиа өөрчилдөг цаг хугацааг судалгааны байгууллагаас гаргаж ирдэг. Үүнийг аваад үзэхэд 17-18 жилийн хугацаанд Үндсэн хуулиа өөрчлөөд явдаг. Монгол Улс 25 жил Үндсэн хуульдаа гар хүрээгүй. Өөрчлөлтийг олон парламент дамжиж ярьсан боловч дорвитой өөрчлөлт хийгээгүй. Тиймээс өөрчлөлт хийх цаг нь болсон. Бид харин бэлтгэл ажлаа сайн хангаад, аргачлалын хүрээнд нилээд зүйлсийг дахин судалж, хэлэлцүүлгээ үр дүнтэйгээр хийх нь зөв.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган хэлэлцэх эсэх тухай ажлын хэсэг, Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нухацтай хандах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийллээ. Л.БОЛД: БҮХ ПРОЦЕССИЙГ ДАВСАН ХОЙНО Л ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ. Энэ УИХ-аас Д.Лүндээжанцан бид хоёр л Үндсэн хуулийг баталж байсан. Гэтэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах процест намайг огт оруулахгүй, нилээн маргаан болж байж хамгийн сүүлд ажлын хэсэгт орууллаа. Ажлын 3 хэсгүүдийг МАН дангаараа ахалж байна. Үүнийг би буруу гэж бодож байна. Ингэж улстөржиж, эргээд эх баригч намаа халдлагад оруулсан байдал битгий үүсээч ээ. Бэлтгэгдээгүй санал хураалтаа болиод, ард түмнээрээ санал асуулга хийх гэж байна. Үндсэн хуулийг бид анх 1992 онд батлахдаа бүх ард түмнээрээ хэлэлцүүлээд, бүх процесс биелүүлсэн. Огт яараагүй, нухацтай хандсан. Хэрэв өөрчлөх гэж байгаа бол тэр процесс адилхан л явах ёстой. Гэтэл одоогийн тавьж байгаа хугацаа нь дэндүү бага. 8 сарын 10 хүртэл гэж байна. 7, 8 сар бол хүмүүс бүгд амардаг цаг. Хэлэлцүүлгээ 9 сар дуустал хийх хэрэгтэй. Яарах хэрэггүй. Бид угаасаа 11, 12 сараас үндсэн хууль руугаа орж чадахгүй. Эхлээд 2000 оны Үндсэн хуулийн дордуулсан 7 өөрчлөлтийг хүчингүй болгох хэрэгтэй. Ингээд Үндсэн хууль өөрийн хөрсөндөө буусных нь дараа бүх ард түмнээрээ хэлэлцсэн, парламентын бүх шатыг дамжсан, бүх холбогдох байгууллагаас саналаа авсан тохиолдолд Үндсэн хуулийн талаар хэлэлцэх хэрэгтэй. Н.ЭНХБОЛД: Энэ бол тогтолцоонд халдах оролдлого биш. Бид зөвхөн нэмэлт өөрчлөлтийн тухай ярьж байна. Анхнаасаа ард нийтийн санал асуулгаар орохгүй гэдгийг бас маш тодорхой хэлж байсан. Л.БОЛД: 6 дугаар сарын 5-наас 8 дугаар сарын 5 гэдгийг 9 дүгээр сарын 10 болгоод, 10 сарын 1-ний дотор өргөн мэдүүлэх болговол олон түмний оролцоог илүү хангах бололцоотой. Үүний найруулгад оруулж болох уу? Н.ЭНХБОЛД: Н.Энхболд: Намар нөхөн сонгуулиудын ажил хийх шаардлагатай байгаа. Тэр үеэр хийвэл зардал, мөнгө хэмнэх боломжтой. Хэрэв хойшилвол том том асуудлууд давхардаад эхэлнэ.