О.Саранчулуун: Ёс зүй, Халдашгүй байдлын дэд хороодын бүтцийг сайжруулах замаар УИХ-ын дэг, зохион байгуулалтыг сайжруулъя!
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун байр сууриа илэрхийллээ.Монгол Улсын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр хууль зүйн этгээд байна гэдэг заалт бий. Нөгөө талд УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гэдэг заалт бас бий. Энэ заалтын дор үндсэн хуулийн 14.2 дугаар зүйлийг доромжлох, үг хэлээр гутаах, сүрдүүлэх чуулганы танхимаас гараад ч мөн адил зөрчиж байна. Нэгэнт дэгийн асуудлыг ярьж байгаа учраас энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ? Чуулганы дэгийн тухай хууль дээр анхаарах хэрэгтэй. Чуулган байнгын хороодоос бүрддэг бөгөөд өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Тухайлбал, Шинжлэх ухаан технологийн байнгын хорооны гишүүд салбарын бодлого, хууль эрх зүйн асуудлуудыг судлаад, сайжруулаад, дүрэм журмыг нь хэлэлцээд явдаг. Үүнтэй адилхан Ёс зүйн дэд хороо гэж бий. Ёс зүйн дэд хороогоо Халдашгүй байдлын дэд хороотойгоо уялдуулаад байх уу? Энэ 2 бүтцийг сайжруулах замаар 126 гишүүнтэй Их хурлын дэг зохион байгуулалтыг сайжруулахгүй бол цаашид хүндрэх төлөвтэй байна. Учир нь Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороо иргэдийн парламентад итгэх итгэлийг хамгаалах институц байх ёстой шүү дээ. Ил тод байдал, хүртээмж гэдэг ойлголтыг хаа хаанаа ярих хэрэгтэй байгаа. Ил тод гэснээ аливаа арга хэмжээний нээлтийн хэсгийг ярьж зарлачхаад гол хэсгийг нь хаачихдаг. Ил тод байгаа бол эхнээсээ дуустал энэ зарчмаа барих ёстой. ҮХЦ Их хурлын баталж буй хуулиудын үг үсгийн алдааг засдаг юм шиг ярьж байна. Тэгвэл 300 хүнтэй УИХ-ын Тамгын газар гэж байгууллага байхын хэрэг байна уу?