Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.07/ нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд энэ өдрийн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Л.Болд: "УИХ-ын дарга гишүүдрүүгээ харж ажилламаар байна. Би энд гараа өргөн саналаа хэлмээр байна. Та намын бүлэг бус парламентын дарга шүү. 1. Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг яаралтай УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй. Тогтоолын төсөл бол хэлэлцэнэ. Үгүй бол хэлэлцэхгүй гэж байгаа нь буруу. Ажлын хэсгийн гишүүд чуулган дээр байр сууриа илэрхийлэх нь зүйтэй. 2. Үндсэн хуулийг өөрчлөх том хуйвалдааны зүйл явчихлаа. Үндсэн хуульд ингэж хууль бусаар гар хүрэх нь тогтворгүй байдал үүсгэдэг. Үүнийг МАН-ын бүлэг ойлгож байна уу? Би 1990 оноос хойш Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа бүх цаг үед дотор нь ажиллаж байсан. Д.Лүндээжанцан гишүүн бид 2 Ардын Их хурлын депутатаар ажиллаж ирсэн. Үндсэн хуулийг өнөөдрийг хүртэл мөрдөхгүй. Олон заалтыг мушгин гуйвуулж, ихэнх заалтыг үл ойшоож ирсэн гашуун түүхтэй. Өөрчлөлт бүрийг ард түмэн, нийгэмтэйгээ зөвшилцсөн нийгмийг цаашид авч явах зөвшилцлийн гэрээ байсан. Ерөнхийлөгч нь 1990, 1992 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж ажиллаж нийт төрийн арга хэмжээ болж байсан. 1999, 2000 онд нам эвслүүд хуйвалдаж дордуулсан 7 өөрчлөлтийг хийж, горыг нь ард түмэн амссаар яваа. Энэ удаагийнх ч ийм байдлаар явж байна. Ерөнхийлөгчийн оролцоог 100% үгүйсгэсэн өөрчлөлт оруулж байгаа нь ямар учиртай вэ? Үүний хариуцлагыг та нар дааж чадах юм уу?"
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.07/ нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд энэ өдрийн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "УИХ-ын чуулган дэгээ баримтлах ёстой. Би сая үг хэлж, горимын санал гаргах гэхээр үг хэлүүлэхгүй байна. УИХ-ын дарга дэгээ баримталж ажилламаар байна. Хэнтийн нөхөн сонгуулийн сурталчилгаа 12-оос 18 хоног сурталчилгаа явуулаад 30 хоног дотор сонгууль зохион байгуулах боломж байна. Яагаад явуулахгүй удаад байгаа юм бэ? Бид дэгийн хуулиараа энэ хуулийг баталлаа гэхэд хэзээнээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх гэж байгаа юм бэ? Үндсэн хуулийг хэлэлцэж байхад өөр ямар ч хууль хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалттай. Энэ хуулиар бариад явбал 7 сарын 4 гээд чуулган хаана. Ээлжит бус чуулган зарладаггүй л юм бол. Дараа нь 10 сарын 1-ээс УИХ хуралдаад эхэллээ гэхэд Улсын нэгдсэн төсвийн хуулийг хэлэлцэх хуультай. Энэ мэт хугацаа заасан хуулиуд байдаг. Эдгээрийг хэлэлцэх хугацаа байгаа юм уу? Мөн ийм чухал хуулийг ийм ирцтэйгээр хэлэлцэж болохгүй. Дэгийн хуулиар ирцэнд ороод картаа сугалсан бол өглөөний ирцээрээ явна. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар эсэргүүцэл илэрхийлээд ирцээс албан ёсоор гарсан гэж тооцно. Тиймээс ийм ирцээр энэ хуулийг хэлэлцэж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулийг батлах Дэгийн хуулийг ийм бага ирцтэйгээр батлах гэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд би хуралдаанаас нэрээ татаж байна гэдгээ албан ёсоор хэлье."