Ж.Золжаргал: Гишүүнийг хариуцлагажуулъя гэх гоё уриалгатай ч намын даргын командаар хуруу дардаг машин болгох эрсдэлтэй хуулийг дэмжихгүй!
УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.Хуулийн төслийн зорилго нь дэмжихүйц гоё агуулгатай зарлачихаад, агуулга болон үр дүн нь эсрэг байж болзошгүй байгаа тул хэлэлцэхийг дэмжихгүй байгаа юм. УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, эгүүлэн татах нөхцөл хэрэгтэй, юу гэвэл хэрэгтэй. Үндсэн хуульд тэр нөхцөл нь байдаг ч хэрэглэсэн тохиолдол байхгүй. Үндсэн хууль зөрчсөн, шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол эгүүлэн татах үүрэгтэй. Үүнийг л хэрэгжүүлье л дээ. Хэрэгжүүлэх гэхээр процесс нь байхгүй гэдэг. Энэ тохиолдолд 10 хоногийн дотор хэлэлцэнэ, дуусна, шийдвэр гаргана, гээд процессыг нь бичиж оруулж ирээд хариуцлагажуулж болдоггүй юм уу. Уриалга нь олон нийт хүлээж авахуйц хариуцлагатай болгоё гэчхээд үр дүнд нь ард түмний төлөөлөл гэдэг УИХ-ыг чинь ард түмнээс нь холдуулаад, ард түмний элч УИХ-ын гишүүн бол намын багц, даргын командаар хөдөлдөг хуруу дардаг машин болгох байдал руу аваачаад байна. Үүнд олон нийт анхаарлаа хандуулах хэрэгтэй. 2 гол агуулга бий. 1 жагсаалтаар сонгогдсон гишүүнийг ёс зүйн ноцтой алдаа гаргасан гэж үзвэл нам нь санал гаргаад, чуулганаар санал хураалгаад эгүүлэн татаж болно. Ёс зүйг нам яаж тогтоох вэ? Дүрэм бичнэ. Гэтэл дүрмийг өөрчилж болдог. Бас яаж ч тайлбарлаж болно. Нэг хүн хулгайч гишүүнийг хулгайч гэж хэлснийхээ төлөө ёс зүйгүй этгээд, монголын хөгжлийг гацааж байна гээд өргөдөл бичээд ороод ирнэ. Нэгэнт л олуулаа юм чинь энэ дээр нь үндэслээд зайлуулчихъя гээд шийдвэр гаргавал яах вэ? Зүгээр л жишээ шүү. Иймд парламентын засаглалын суурь ойлголтоо анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Тиймээс хариуцлагажуулах, эгүүлэн татах нөхцөл, процессыг нь тодорхой болгоод оруулж ирж болдоггүй юм уу? Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.